Thursday, November 21, 2024

Хэрлэний Хөдөө арал хөлгөн их түүхийн өлгий

Date:

“Хэрлэний Хөдөө арал” бол эртний түүхтэй нутаг. Уг аралын нэр Монголын нууц товчоонд гурван удаа дурдагдсан байдгийн нэг нь 136 дугаар зүйлд.. Жүрхэнийг Хэрлэний Хөдөө арлын Долоон болдогт бүхийд ард иргэнийг нь дагуулив. 269 дүгээр зүйлд…Хэрлэний Хөдөө аралд гүр даяар хурж, Чингис хааны нэрийдсэн мөн зарлиг ёсоор  Өгөдэй хааныг хан өргөв.  Төгсгөлийн 282 дугаар зүйлд Их хуралдай хурж, хулгана жил \1228\ гуран \долдугаар\ сард Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусав гэж тэмдэглэгдсэн  байдаг. Уг арал нь газар зүйн хувьд УБ хотоос зүүн өмнө ойролцоогоор 180-300 орчим км-ийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгийг бүхэлд нь Баянмөнх сумын нутгийн хойд  хэсгийн нийтдээ 4000 гаруй хавтгай дөрвөлжин км газрын уул, ус, хээр талыг хамран, баруун ба  урд талаараа Хэрлэн мөрөн, зүүн талаараа Өвөр Цэнхэрийн гол, хойд талаараа эртний Сэнгүр горхи буюу одоогийн  Цэнхэр  усны голоор хүрээлэгдсэн усан хүрээллийн дотор оршин байдаг түүхэн нутаг. Эрдэмтэн зохиолч Ванчинбалын Инжиннашийн “Хөх судар” номондоо тэмдэглэснээр  …Бэт улсын эзэн Есүхэй баатар…гэж бичсэнд дүгнэлт хийж, эрэгцүүлэн үзвээс  Хиад боржигин аймгийн өвөг дээдэс уг аралд үе дамжин нутаглаж ирсэн түүхийг тодорхойлон бичжээ хэмээн ойлгогдоно.

Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олж бүртгэснээр тус аралд  чулуун зэвсгийн бууц суурин 10, дөрвөлжин булш 310, хүннү булш 59 зэрэг нийтдээ 1000 гаруй түүхийн дурсгалт зүйл бүртгэсний дотор монгол булш 185 байгааг тогтоосон байдаг  бөгөөд Монголын эзэнт гүрний болон түүнээс өмнөх үеүдэд  оршин тогтнож байсан улсуудын үеийн түүхэнд холбогдох асар баян сан хөмрөг тус аралд хадгалагдаж байгаагийн дээр Баян-Улаан, Хэрлэн-тоонын уулсын гүн руу хайгуул бүртгэлийн ажил хийгдсэнээр олон арван дурсгал нэмэгдэх нь тодорхой, тэгэхдээ энэ нь зөвхөн газрын хөрсөн дээр ил харагдаж байгаа зүйлс бөгөөд газрын доор байх дурсгалыг хөндөөгүй байна гэсэн байдаг. Энэ мэтээс ямар хэмжээний түүхэн нутаг болох нь тодорхой бөгөөд үүний дээр 12-13 дугаар зууны үеийн түүхэн уйл явдлуудын  эх үндэс тус аралд  өрнөн явагдсан нь түүхийн ном сударт бичигдсээр ирсэн түүхтэй.  

Тухайлбал: Тэмүжин-Чингис хаан, тайчуудын дөнгөнөөс мултран гарч  уг аралд ирж нутагласнаар бүхий л үйл хэргийг удирдан, журмын нөхөдтэй болж цэрэг зэвсгээ бэхжүүлсэн, Бөртэ-үжинтэй гэрлэсэн, Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн, Хиад боржигин төвтэй Хамаг Монгол болон Их Монгол улсыг байгуулсан, анхны нийслэл Ауруг ордыг байгуулсан зэрэг түүхэн их үйл хэргээ энэхүү аралд амьдран байж хийж бүтээсэн  нь түүхийн үнэн.  Энэ бүхнийг өгүүлэхийн  учир гэвэл эдгээр түүхэн үйл явдлууд  болж өнгөрсөн  түүхт уул, ус нь тус аралд оршин байгаагаар тодорхойлогдоно. Энэ нь “хүмүүс аль эрт мартдагч, газар нутаг хэзээ ч мартдаггүй” гэсэн мэргэн сургаалыг сануулах мэт түүхэн үйл хэргийн байгалийн гэрч болон  оршсоор байна.  Тухайлвал: дээр дурдсан их үйл хэрэг өрнөн явагдсан жинхэнэ нутаг болох Хүрэлхү, Сайр хээр, Хуба хаяа, Сэнгүр горхи зэрэг түүхэн 22  бодьгал уул, усны нэр Монголын нууц товчоонд  тус тусынхаа үйл явдлын  өрнөлтөөр 1-6 удаа давтагдан бичигджээ. Мөн   Хөх судар, Судрын чуулган зэрэг түүх шастир болон бусад ном товхимолд дээрхтэй давхцаагүй түүхт 15 уул, усны нэр  бичигдсэн байгаа нь бүгд Хэрлэний Хөдөө аралд оршин байдаг юм. Эдгээрээс гадна эрдэмтэн судлаачдын су;далгаанд бичигдсэн  болон эзэн Чингисийн нэрээр нэрлэгдсэн зэрэг түүхэн уул, ус 30 гаруй байгааг миний бие судлан өөрийн бүтээлдээ тэмдэглэсэн болно. Эдгээрт дурдагдсан уул, ус бүхэн Хөдөө аралын газар нутгийн түүхийг өгүүлнэ.   

Их эзэн Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Монгол туургатны түүх, утга соёлын гайхамшигт дурсгал болсон Монголын нууц товчооныг тус аралд туурвисан болохыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 1990 онд босгосон Нууц товчооны гэрэлт хөшөөний дэргэд Их Монгол улсын анхны нийслэл байсан “Ауруг” ордны туурь  өдгөө ч байсаар байдаг. Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэдийн хийсэн барилгын туурийн шинжилгээгээр тус ордыг МЭ 1155-1410 оны үеийн хамааралтай гэж тогтоосон байдаг. Уг судалгааны явцад “Ауруг” ордны туурийн орчинд төмрийн хүдэр боловсруулан  зэр зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсныг нотлох төмрийн шаарын үлдэгдэл их хэмжээтэй байгаа,  төмрийн дархан байсан газрын ул мөр хэд хэдэн газарт илэрсэн, мөн нум сум хийж байсныг гэрчлэх материалын үлдэгдэл олдсон болон гар үйлдвэрлэл явуулж байжээ гэсэн дүгнэлт гаргасан зэрэг нь Тэмүжин-Чингис хаан цэргийн бүх төрлийн зэвсэг, багаж төхөөрөмжөө Хөдөө аралд үйлдвэрлэж байсны тод томруун баталгаа билээ.  

Тэмүжин, Хөдөө аралын Баян-Улаан уулын хяр оройд орших “Хөх нуур”-т Бөртэ-үжинтэй гэрлэж гал голомтоо бадраасан бол Их Монгол улсын гал голомтыг анхны нийслэл “Ауруг” ордонд асааж бадраасан тэмдэглүүштэй хоёр их гал голомт Хөдөө аралд давхцан оршсон түүхэн нутаг. Хэрлэний Хөдөө аралын газар нутгийн түүх арвин их учраас ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн мэргэдийн “Чингис хаан ба даяарчлал” Олон улсын эрдэм шинжилгээний  хуралд тавьсан илтгэлдээ уг аралд өгсөн үнэлэлт, дүгнэлтээр энэхүү өгүүллэгээ төгсгөе. Уг илтгэлд Чингис хааны “Их Ауруг орд”-ын туурийг найман зууны турш хөрсөндөө хадгалж ирсэн Хэрлэний Хөдөө арал бол Монгол төрийн голомт нутаг бөгөөд Монгол улсын төдийгүй нийт монгол угсаатны эрхэм нандин өв сан, итгэл бишрэлийн нэгэн төв цэг нутаг мөн гэж дүгнэсэн байдаг.

Хэрлэний Хөдөө арал”-ын байршил. Дэлхийн (сансрын) газрын зурагт дүрслэгдсэн байдал

Нууц товчооны газар нутгийг судлагч ахмад настан Ю.Пүрэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...