Saturday, November 23, 2024

Л.Халтар: Зам, тээврийн таван салбарын уялдааг нэгдсэн бодлогоор хангах нь чухал

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.

Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх төмөр замтай болно

-Авто зам, төмөр зам, авто тээвэр, төмөр замын тээвэр, агаарын тээврийг бүсчилж хөгжүүлэх бодлого чиглэл барьж ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж байна. Төмөр замаас эхэлье. Сүхбаатараас Замын-Үүд хүрсэн нэг босоо тэнхлэгтэй, Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр, Эрдэнэт гэсэн төв замаасаа салбарласан төмөр замууд байна. Монгол Улсын хөгжлийг харахаар үндсэндээ төмөр замаа дагасан хөгжлийн цөмүүд бий болсон. Уул уурхай, аж үйлдвэр, хүн амын төвлөрөл нь ч тэр.  Дэд бүтцээ дагаж хөгжил суурьшлийн бүс бий болдог.

Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 онд ашиглалтад орох гэж байна. Манайх Зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замтай. Үүн дээр нэмээд Чойбалсангаас Хөөт, Бичигт гэсэн зүүн босоо чиглэлийн төмөр зам гараад ирэх юм. Энэ төмөр зам хоёр ач холбогдолтой.

Нэгдүгээрт, энэ төмөр зам дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орно. Түүнийгээ дагаад суурьшлийн томоохон бүсүүд бий болно. Хоёрдугаарт, энэ төмөр зам ашиглалтад орсны дараа Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх хэмжээний төмөр зам бий болох юм.

Замын-Үүд Сүхбаатар чиглэлийн зам олон улсын төмөр замын байгууллагуудын бүртгэлд орсон. Ази, Европыг холбосон хамгийн дөт зам гэж зарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, транзит ач холбогдол нь өндөр. Эрээнцав Чойбалсан, Хөөт, Бичигт, Баянхошуу боомттой нэгдэх зорилготой. Бид үүнийг хөгжүүлснээрээ монголын экспортыг дэмжсэн төмөр замаас гадна түүнтэйгээ уялдаж  транзит тээврийг хөгжүүлэх том гарц болно. Чойбалсан Хөөт Бичигт чиглэлийн төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концесс зарлъя гэж байгаа юм. Барих, шилжүүлэх бус барьж ашиглаад тодорхой хугацааны дараа төрд шилжүүлэх боломжтой.

Арцсууриас доошоо Шивээхүрэн чиглэлийн төмөр зам бий. Одоогийн байдлаар 1258 км гэсэн урьдчилсан тооцоо байна. Бид баруун босоо чиглэлийн төмөр замаа мөн хөгжүүлэх зорилготой. Үүнийг мөн адил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр барих төлөвлөөгөөтэй. Эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн орд газрыг ямар нэг хэлбэрээр дайрч явах ёстой.

Өөрөөр хэлбэл, худалдааны нөхцөл дээрээ өрсөлдөөнийг бий болгох ёстой. Автозамын хувьд бүсчилсэн хөгжлийн хувьд хатуу хучилттай автозамууд дээрээ ээлжит буюу их засварыг түлхүү хийдэг болоё  гэж байгаа юм. Улсын хэмжээнд 32 АЗЗА ажиллаж байгаа. 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчтэй.

Цаашдаа бид зам барихаасаа илүү арчлах хэрэгтэй байна. Гол хөрөнгө оруулалтаа бид зам барихдаа зарцуулаад байдаг. 2000 оноос хойш барьсан замууд маань хүнээр бол ядаргааны туйлд орчихлоо.  Баруун, зүүн бүс гэж хуваагаад ээлжит засвар хийдэг нэгжтэй болоё гэж байгаа юм.

-Богдхан төмөр замын ажил эхэлсэн үү. Хэчнээн хугацаа орох вэ. ТЭЗҮ нь батлагдсан бол уу?

-Олон янзын ТЭЗҮ байгаа. Зарим нь ТЭЗҮ-гүй эхэлчихлээ гэх шүүмжилж байна. УБТЗ, Азийн хөгжлийн банкны өмнөөс манай мэргэжилтнүүдийн хийж байсан, гадны байгууллагууд хийж байсан гээд олон ТЭЗҮ бий. Бид УБТЗ дээр хийгдсэн ТЭЗҮ-ийг голчилж ажилдаа орж байгаа юм. Манайхан нээлтээ хийчихээр л газраа хусаад, далангийнхаа шороог овоолоод, индүүдээд эхлэх байх гэж бодоод байгаа юм.

Би маш тодорхой хэлсэн. Бэлтгэл ажил гэж асар их юм байна аа. Засгийн газар Мааньт өртөө талаас трансаа тогтоогоод хэсэгчлээд баталчихсан. Түүний дагуу худгуудаа гаргах ёстой. Түгээмэл дархацтай ашигт малтмалынхаа ордуудыг хайж байгаа. Энэ ажлууд нэлээд эрчимтэй хийгдэж байна. Энэ өвөлдөө хоёр том тунелийнхээ хөрсний өрөмдөглөгөөнүүдийг хийнэ. “Тавантолгой төмөр зам”-ынхан маань томоохон тунел хийж байгаа компаниудтай урьдчилсан байдлаар хэлцэл хийхээр Европыг зорьсон.  

-Замын-Үүд болон Тяньжин боомтын өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ. Ачаа тээврийн гацаа арилсан уу?

-Энэ асуудлыг шийдэх гэж төрийн байгууллагууд эрвийх дэрвийхээрээ л ажилласан. ГХЯ, ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Эрээнд байгаа Консулын газар, Хөх хотод байгаа Ерөнхий консулын газар, Бээжинд байгаа Элчин сайдын яам болон Элчин сайд Т.Бадрал зэрэг бүх л хүний хүчин зүтгэл энд орж байна. Түүний үр дүнд тодорхой хэмжээгээр бөөгнөрөл харьцангүй багассан. Бүх талаараа л ажиллаж, арга хэмжээ авсан. Үр дүн гарч байна аа. Хаана хаанаа ч асуудал байсан байна. Цаанаас Эрээн рүү гарч Монголын ачааг татах гэж байгаа машины тоон дээр хязгаар тавьчихаад байна. Нөгөө талаас Монголын тал дээр халдварын тархалт их байна. Замын-Үүдээ ногоон бүс болгож өгөөч гээд байдаг.

Эрээн дээр манайхаас гарсан вагонууд ачаагаа буулгаад шилжүүлэн ачилтаар хоосон гарч ирдэг. Үүн дээр тэнд байгаа ачаануудыг Хятадын Бээжийн дэх төмөр замын төв компани, Хөх хотын төмөр замын төв компани манай төмөр замынхан ярьж байж дээд тал нь 76 вагон ачаа нэг өдөрт ачигдсан. Захиалга тал дээр дээр олон асуудал гарсан. Түүнээсээ ч болж багагүй саатал гарсан.

Одоо ерөнхийдөө жигдэрч байна. Гэхдээ өргөс авчихсан юм шиг болоогүй байна. Эдийн засгийн чөлөөт бүс дээрээ түр кемп байгуулаад жолоочдоо байрлуулж эдийн засгийнхаа чөлөөт бүсгийг ногоон бүс болгохоор ажиллаж байна. Хятадын доторх тээврийн ачаалал маш их байна. Тяньжин дээр ганцхан манай улсын ачаа гацчихаад байгаа юм шиг бодоод байна. Хятадтай хуурай боомтоор хиллэж байгаа улсуудад мөн адил бөөгнөрөл саатал үүсч байна.

Дарханы замын нэг, гурав, тавдугаар багцыг хучаад дууссан 

-Таныг сайдын ажлаа авснаас эхлээд л дагасан асуудал бол Дарханы зам. 2022 оны намар ашиглалтад орно гэж та мэдэгдсэн. Иргэдийн хувьд энэ зун ашиглалтад орно гэсэн таамаг дэвшүүлж байсан. Таныг ажлаа авахад замын ажил хэр байв. Яагаад ийм ойлгомжгүй нөхцөл байдал үүсэв?

-Би тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан. Нээлт хийгээд л маргааш нь замаа хуулаад явах боломжгүй л дээ. Эхлээд кемпүүдээ байгуулна, далангийн шороо авах зүйлээ олно, хиймэл байгууламж, ус зайлуулах хоолой барина, заводууд байгуулна гэх зэрэг олон ажил бий. Энэ ажил явсаар наймдугаар сар гэхэд замаа хааж, түр зам байгуулсан.  2019 онд ерөнхийдөө хоёр сар л талбай дээр замын ажил хийгдсэн. Ингээд 2020 оны гуравдугаар сарын 15-н гэхэд талбай дээр гаргахаар төлөвлөсөн. Энэ дагуу Засгийн газраас авдаг олон зөвшөөрлийг авсан. Энэ дагуу олон нийтэд 100 гаруй хятад мэргэжилтэн, ажилчид оруулж ирэх талаар мэдээллэсэн. Гэтэл манайхан ковид оруулж ирэх нь гээд эсэргүүцсэний улмаас мэргэжилтнүүдийг оруулж ирэх ажил зогссон.  

За ингээд 2020 оны УИХ-ын сонгууль болсон. 2020 оны долдугаар сарын 10-ны өдөр Замын-Үүдээр Хятадын инженер, техникийн ажилтнууд орж ирсэн. Тухайн үед 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэрийн тусгаарлалт хэрэгжиж байсан. 2020 оны наймдугаар сарын 17, 18 гэхэд талбай дээрээ гарч ирж байгаа юм. Талбай дээр гараад шууд ажилдаа орохгүй. Өвөлжин зогссон тоног төхөөрөмжөө асаана, тос маслыг нь солино. Ингээд 2020 оныхоо арваннэгдүгээр сарын 5,6-ны хавьцаа ажил зогссон. 2020 онд хоёр сар 15 хоног л ажилласан. Нийтдээ 2019, 2020 онд дөрвөн сар 20 хоног л талбай дээр ажилласан байгаа юм. Харин 2021 оны гуравдугаар сарын 15-нд талбайд гарна гэж төлөвлөснөөрөө ажил явсан.  Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн хоёр дахь төсөл энэ жил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нэг, гурав, тавдугаар багц хучаад дуусчихсан байна.  

-Гүйцэтгэгч компаниуд дээр нэлээд асуудал гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчийн тендерийн дүн гарсан уу. Хаанахын ямар компани шалгарсан бол?

-Нэгдүгээр багцийн замын хажуугаар Европын сэргээн босголтын банкны төсөл хоёр талаар нь явж байгаа юм. Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багц дээр Арж капитал гэж монгол компани ажиллаж байна. Олон улсын тендерт анх удаа монгол компани шалгарсанд их таатай байгаа.

Дөрөвдүгээр багц дээр Азийн хөгжлийн банкны тавдугаар багцын ажлыг хийсэн Хятад компани шалгарсан. Бидний хамгийн их цаг алддаг хэсэг ус зайлуулах дугуй хоолой, дөрвөлжин хоолойнууд, гүүрийн ажил. Одоо Европын сэргээн босголтын банкны хучилтыг хүлээнэ. Гэрээгээрээ ирэх оны арваннэгдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад орох ёстой. 24 сард ажлаа багтаж дуусга мөн хоёр, дөрөвдүгээр багцтайгаа уялдуулаад ирэх оны арваннэгдүгээр сар гэхэд замыг ашиглалтад оруул хэмээн шахаж ажиллаж байна.

-Мөн Тээврийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа гэсэн. Энэ хуулийг баталснаар ямар давуу талууд үүснэ гэж тооцоолж байгаа вэ?

-Тээврийн нэгдсэн систем, тээврийн нэгдсэн бодлого гэж зүйл байх ёстой. Тээврийн салбарын хоорондын уялдааг зохицуулдаг бодлого үгүйлэгдэж байна. Зам, тээврийн таван салбарын нэгдсэн уялдааг бодлогоор хангах нь чухал байна.

Энэ хууль нь Тээврийн ерөнхий хууль. Хуулийн төслөө УИХ-д хараахан өргөн бариагүй байна. Засгийн газраар ч хэлэлцүүлээгүй байна. Бид нэлээд ул суурьтай хандаж байгаа.

Хоёр тэрбумыг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

-Таны санаачилга, шийдвэрээр “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчилсэн. Ингэснээр “азын” гэгддэг сонирхол татсан дугаартай холбоотой авлигын сүлжээг зогсоосон гэж ойлгож болох уу?

-Авлига овоо зогсож байна гэж ойлгож байгаа. Эхний хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө фондод хүлээлгэж өгсөн. Автотээврийн тухай хуульд сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Түүнээс олсон мөнгийг Хүүхдийн төлөө санд өгнө гээд заасан. Дуудлага худалдаанд оролцсон иргэн бүр 50 мянган төгрөг төлж байгаа. Хэрвээ тэр дугаараа авч чадахгүй бол 50 мянган төгрөгийг буцаагаад шилжүүлж байна. Дуудлага худалдаанд хамгийн дээд үнэ 45 сая орчим сая төгрөг хүрсэн бол хамгийн доод үнэ 100 мянган төгрөг хүрсэн.

-Таныг буруу хөдөлгүүртэй автомашины импортыг зогсооно гэж Засгийн газрын хуралдаанаар мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Энд олон хүний эрх ашиг энд яригдахгүй юү?

-Тийм асуудал яригдаагүй. Цаашдаа яах вэ гэдгийг бодлогын түвшинд ярих ёстой. Мэдээж олон хүний эрх ашиг яригдана. Тиймээс энэ асуудалд ул суурьтай хандах ёстой. Бид иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулъя гэж бодож байгаа.

Хоёр урсгалтай замд хоёр зүйлээс л болж хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигддөг. Нэгдүгээрт, хурд хэтрүүлдэг. Хоёрдугаарт, баруун талдаа жолооны хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үедээ осол гаргадаг.

-УБТЗ-ын даргыг сонгохгүй байгаа шалтгааныг ярьж болох уу. ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй байгаа юм уу?

-“УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч одоогоор тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ сарын сүүлийн 10 хоногт багтаагаад ОХУ-ын төмөр замын ерөнхий захиралтай цахим уулзалт хийхээр төлөвлөсөн.

Тэр үед энэ асуудлыг нухацтай ярина. Үндсэн зарчмуудаа тохироод ерөнхий хорооны хурлыг зохион байгуулахаа тохирно. Ямартаа ч энэ ондоо багтааж энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.

-Агаарын тээвэр ковидын үед хүнд байдалд байгаа. Нислэгийн тоог нэмэх боломж бололцоо байна уу?

-Ганц Монголд гэлтгүй агаарын тээврийн компаниудын нөхцөл байдал хүнд байна. Манайд ковидын тархалт өндөр байгаа учраас зарим улс манайхыг улаан хүрэн бүс гээд нэрлэчихээд байна. Олон улсын агаарын тээврийн байгууллагаас 2020 онд гаргасан судалгаагаар ковидын үед олон улсын нислэг 2024 он гэхэд 2019 оныхоо түвшинд ирнэ гэх тооцоо гаргасан байсан.

Би МИАТ-ийнхэнтэй уулзсан. Эхний ээлжинд 60 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг төрөөс хэрэгтэй байна гэж байна. ОХУ, АНУ, Англи, Солонгос, Япон улсууд үндэснийхээ авиа компаниудаа хэдэн тэрбумаар нь дэмжиж байгаа. Бид ч үндэсний тээвэрлэгч компаниа авч үлдэхийн тулд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлага үүслээ гэж ойлгож болно.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

“Өдрийн сонин”. 2021.09.14 №176(6798)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...