Saturday, November 23, 2024

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид зөвлөлдлөө

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, үг хэлж, илтгэл тавьсан юм. Цаг хугацааны хувьд энэхүү зөвлөлдөх уулзалт 2020 оны улсын төсвийг хэлэлцэхээс өмнө болж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны гуравдугаар сард төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж байсан бол энэ удаа ийнхүү Төрийн тэргүүний хувиар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтыг санаачилсан нь энэ. Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго байв.

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой гэдгийн онцлов. Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг төрийн тэргүүн тэмдэглэв. Цаашид иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг мөн хэлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлох санаануудыг дурдвал, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох, үүнийг ажил хэрэг болгоход төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалах, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмыг онцгой анхаарахыг сануулсан.

Энэ бүхнийг хэрэгжүүлж, цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэмээн Ерөнхийлөгч онцлов. Эцэст нь цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллахыг төрийн тэргүүн уриаллаа.

Эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэлийн талаар үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын төр, засаг нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох нөхцөл бүрдээд байна. Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа цэгнэж, ковидын нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр эдийн засагтаа хувьсгал хийж, алсын хараагаа цэгцлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг УИХ хийсэн. Тиймээс эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо энэ эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ гэж харж байна. Эрсдэлийн сүүдрээс боломжийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй байж болох юм. Цаашид, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажиллана. Мөн УИХ-д хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн хуулийн төслүүд бий. Хуулийн төслүүдэд хувийн хэвшил, салбар бүрийн саналыг тусгах хүрээнд мэргэжлийн холбоодтой нь хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ.

Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, ковидийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар УИХ дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулжээ. УИХ худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллаж байгаа аж. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг зорьж буй гэнэ.

УИХ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байгаа. Эдгээр хуулийн зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд буй юм байна.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх бодлогод хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс орны хөгжилд түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, баялаг бүтээгчид, үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал. Тиймээс экспортын болон импортыг орлох үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгох зорилгоор Газрын тосны тухай, Хийн хоолойн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөнгөн ба хүнд үйлдвэрийн тухай, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай зэрэг хуулиудыг батлахаар ажиллаж байгаа гэдгээ УИХ-ын дарга мөн онцоллоо.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаарх илтгэл зөвлөлдөх уулзалтын гол хэсэг байлаа. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлаар “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс энэ сэдвийг тойрч төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид өчигдөр бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөлдлөө. 

Эдийн засгийн барометрийг харахад цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас болж манай улсын эдийн засгийн өсөлт 2021 онд буурч, 4-5 хувьд хүрч болзошгүй байна. Хэдийгээр зэс, алт, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр, ирэх оны дунд үе хүртэл энэ ханш тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа ч гадаад валютын нөөц сүүлийн гурван сарын хугацаанд 500 орчим сая ам.доллараар буурч, 4.5 тэрбум болжээ. Гадаад худалдааны болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал нэмэгдсэн байна.Түүнчлэн инфляц зорилтот түвшнийг даваад байгаа. Энэ нөхцөлд төр, засгаас ямар бодлого хэрэгжүүлж, ямар арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд танилцуулав. “Ковид19” цар тахлын олон улсын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хямрал, удаашрал амаргүй сорилт болж буй. Тиймээс цар тахлын энэ үед эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа ч хамгаалах, дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр мөн тэмдэглэв.

Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувиа гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байгаа юм. Цар тахлыг сөрж буй олон улс орон эдийн засгаа сэргээх бодлого барьж байгаа. Манай улсын хувьд ч мөн 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй төстэй хөтөлбөрүүдийг ч цаашид хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлоод цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав.

Тэрбээр, эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний 10 сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөг үзэлгүй өнгөрөөсөн гэлээ.

Цар тахлын нэн хүнд нөхцөлд бид ажиллаж амьдарч байна.  Гэсэн ч цар тахал гэж зовлон тоочоод байх бус сөрж, эвлэлдэн нэгдэж, даван туулж, эрсдэлийг боломж болгохын төлөө ажиллах ёстой юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. ҮАБЗ зөвлөмж гаргаж, энэ дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа гэдгийг Ерөнхий сайд мөн онцлов.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого нь улс төрийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зорилготой юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болгох цаг иржээ. Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал. Мөн төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох  боломж олгох ёстой гэв.

Засгийн газрын тэргүүн төсвийн шинэчлэлийн талаар мөн танилцуулсан. Энэ хүрээнд, төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл хийнэ. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийнэ. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ. Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар төрийн албаны бүтцийг шинэчилж, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулна хэмээн бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлжээ.

Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтаар баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төлөөлөл үг хэлж, ажлаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, засаж залруулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан “Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна” гэсэн бол “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Гашуунсухайтад чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө” гэсэн санаануудыг хэлсэн.  Ажил олгогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар  “2021, 2022 онд торгууль, хүү тооцохгүй байхаар ажиллавал маш сайн байна. Мөн халамжийн бодлогыг тэлснээс болж, ажиллах хүчний хомсдолд орчихоод байна. Ажил хөдөлмөр хийж байгаа эгэл жирийн хүмүүсээ дэмжих бодлого боловсруулах цаг боллоо” гэсэн юм. Мөн MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал “Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна” хэмээн онцолсон. Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргаж, түүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч  чиглэл болголоо.

Г.Хангарди

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...