АНЭУ-ын Дубай хотноо болж буй “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна. Нээлтийн арга хэмжээ “Al Wasi” плазад зохион байгуулагдаж, Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцжээ. Дубай экспогийн Ерөнхий комиссарын албаны ажлын албаны дарга Нажийб Муххамад Али, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар нээж үг хэлсэн байна. Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монгол Улсын Үндэсний өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармаг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Энэхүү үзэсгэлэн яармаг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, энгийн иргэдийг нэгтгэж, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах томохон боломжийг олгож байна” хэмээн онцолжээ.
Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулсан байна. Арга хэмжээний шууд дамжуулалтын үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтэн А.Ганхүлэг Монголын асрыг танилцуулсан аж. Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болсон билээ. Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн АНЭУ-ын асраар зочилж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зуран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг”-ийг өндөрлүүлжээ.