Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарынхаа ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилгоор “Зам, тээврийн салбарын мэргэжилтэн, албан хаагчдын мэргэшүүлэх сургалт” -ыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн энэ сарын 16-ны өдөр анхны сургалтаа эхлүүллээ. Энэ удаагийн сургалт нь “Хотын замын төлөвлөлт ба тээвэр зохион байгуулалт” сэдэвтэйгээр 2021 оны арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 16-ны өдрүүдэд нэг сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах, хотын авто зам, автотээврийн зөв төлөвлөлтийн чиглэлээр мэргэшиж, олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх, цаашид салбартаа бодлогын чиглэлээр тухайн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд баг бүрдүүлэн ажиллах мэргэшсэн албан хаагчид бэлтгэгдэх юм.
Тус сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын 15 мэргэжилтэн хамрагдаж байна. Зам, тээврийн салбарын гадаад болон дотоодын эрдэмтэн, судлаачдаас мэдлэг, мэдээлэл авч, тэдэнтэй хамтран ажиллаж, ур чадвараа нэмэгдүүлж, хөгжингүй улс орнуудын туршлагыг өөрийн орны салбарт нутагшуулах зорилготой энэхүү сургалтын эхлэл болж БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын баг анхны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар БНСУ-ын үндэсний зам тээврийн төлөвлөлт, хотын төмөр зам, ухаалаг тээврийн систем зэрэг сэдвээр өөрийн орны туршлага, зөв зохион байгуулалт, төлөвлөлт хийх арга зам, гарц гаргалгааг олон улсын жишээтэйгээр дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэл олгосон юм. Цаашид дараагийн сургалтуудаар хотын тээвэр төлөвлөлт, замын хөдөлгөөнийг сайжруулах, түгжрэл бууруулах арга зам зэрэг хичээлийг төлөвлөсөн байна. Цаашид энэхүү “Хотын замын төлөвлөлт, тээвэр зохион байгуулалт” сэдэвт энэхүү багц сургалтаар манай дотоодын мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас гадна Олон улсын тээврийн форум, Япон, Энэтхэг зэрэг улс орнуудын эрдэмтэн, судлаач нараас суурь онол болон практикт суурилсан туршлага, санал, мөн сүүлийн үеийн тренд, туршлагын талаар өргөн хүрээний мэдлэг олж авах юм.