Friday, November 22, 2024

Сүмод Тэрүнофүжигийн эрин эхлэх үү?

Date:

Японы мэргэжлийн сүмогийн 2021 оны сүүлийн тэмцээн Кюүшюү башё нөгөөдөр Фүкүокад эхлэх гэж байна. Энэ сарын башёгийн онцлох бөх бол мэдээж их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ юм. Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар тэрбээр сүмод барилдаж буй цорын ганц их аваргын хувьд өөрийн шинэ эринийг эхлүүлэхийг зорьж байна. 29 настай монгол их аварга энэ зорилгодоо хүрэх үү гэдэг асуултыг сүмогийн шинжээчид тавьж эхэлжээ. Тэрүнофүжи их аварга цол хүртээд анх удаагаа дэвжээнд гарахдаа өнгөрсөн есдүгээр сарын тэмцээнд 13 даваа, хоёр унаатайгаар гайхалтай амжилт үзүүлж, тав дахь түрүүгээ авсан. Ийнхүү Тэрүнофүжи шинэ их аваргын гараагаа амжилттай эхэлсэн юм. Есдүгээр сарын башёд тэрбээр Мэйсэй, Даиешо нарт өвдөг шороодсон билээ.

Их аваргыг хазайлгах бөх хэн байх бол?

NHK-ийн сүмогийн хөтлөгч Ража Прадхан “Бид сүмогийн ертөнцийн шинэ эриний эхлэлийг харж магадгүй” гэжээ. Тэрбээр “Тэрүнофүжи одоо цорын ганц ёкозүна. Түүнчлэн Даиешо, Вакатакакэ, Мэйсэй зэрэг залуу бөхчүүдэд шинэ боломж нээгдэв. Эдгээр залуу бөхчүүд авхаалж самбаа сайтай учраас Тэрүнофүжиг унагаж магадгүй” гэсэн байна. Гэхдээ Тэрүнофүжи их аварга хүнд бэртэл гэмтлээс сэргийлдэг барилдааны арга барилыг илүү чадварлаг эзэмшсэн тул тийм ч амархан өвдөг шороодохгүй л болов уу.

Есдүгээр сарын башёд Тэрүнофүжиг хазайлгасан Мэйсэй сэкивакэгийн гуравт бичигдсэн. Тэрбээр хурдан довтолгоон, хүчтэй түлхэлттэй барилдаанаараа алдартай. Харин Даиешо есдүгээр сарын тэмцээний шилдэг гүйцэтгэлийн шагналыг хүртсэн. Даиеишо, Мэйсэй нар хоёулаа аварга Тэрүнофүжиг дахин унагахыг хичээх нь мэдээж гэж сүмо сонирхогчид үзэж байна.

Озэки нарыг шүүмжлэв

Есдүгээр сарын башёд озэки Шодай, Такакейшо нар 8-7 гэсэн амжилт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл тэд дөнгөж л 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлжээ. Хоёр озэки ёкозүнатай эн тэнцүү барилдаж түрүүлэхийн төлөө өрсөлдөх ёстой байсан ч тэд тийм байж чадаагүй. Сүмогийн холбооныхон озэки бөхчүүдийн талаар “Тэд улам тэвчээргүй болж байгаа бөгөөд Шодай, Такакейшо нар энэ удаад илүү сайн барилдаан үзүүлнэ гэж найдаж байна” гэжээ. Хоёр озэки амжилт муутай, тааруухан барилдаж байгаа нь Даиэйшо, Мэйсэй, Вакатакакэ, Кирибаяма зэрэг өсөж яваа залуу сүмочдыг цолоо ахиулах боломжийг нээж өгч байгаа юм.

Монголын Кирибаяма, Хоошорюү нар олны анхаарлын төвд оржээ

Кирибаяма есдүгээр сарын башёд 9 давж, 6 унаснаар чансаа дээшилсэн. Тэрбээр өрсөлдөгчөөсөө ямагт илүү байж чаддаг бөх гэдгээрээ өндөр үнэлэгдэж буй. Кирибаяма Кюүшюү башёд комүсүби цолтой барилдах бөгөөд их аварга Тэрүнофүжи тэргүүтэй өндөр цолтой бүх бөхтэй барилдана. Есдүгээр сарын тэмцээнд Кирибаяма сүмогийн хамгийн хүнд жинтэй бөх, нутаг нэгт Ичиножо А.Ичинноров тэргүүтэй олон шилдэг бөхийг ялснаар сүмо сонирхогчдын анхаарлыг татсан юм. Кирибаяма сүмод ороод маш хурдтай зиндаагаа ахиулж дөрөвхөн жилийн дараа жюүрёод дэвшсэн. Тэрбээр зодог тайлаад буй их аварга Какүрюү М.Анандын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байсан бөгөөд энэ нь түүнийг өнөөгийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн байна.

Кюүшюү башёд олны анхаарлыг татах өөр нэг бөх бол Монголын Хоошорюү С.Бямбасүрэн юм. Хоошорюүгийн авга ах нь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гэдгийг Японы сүмогийн мэргэжилтнүүд онцолж буй. Хоошорюү авга ахтайгаа адил уламжлалт бус техник, хурд, зогсолтгүй довтолгоонуудаараа шүтэн бишрэгчдээ хэдийнэ байлдан дагуулж эхэлсэн байна. Есдүгээр сарын башёд тэрбээр сүмод маш ховор тохиолддог иппонзеой мэхээр өрсөлдөгчөө өвдөг шороодулсан. Олон мянган хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ нь башёгийн онцлох үйл явдал байв.

Тэрүнофүжигийн амбийц

Тэрүнофүжи ганцаараа их аварга цолтойгоор хоёр дахь башёдаа барилдах гэж буй. Тэрбээр их аварга цолтой дараалан түрүүлж сүмогийн шинэ эринийг эхлүүлэхийг эрмэлзэж байгаа. Гэвч түүнийг Хакүхогийн орон зайг нөхнө гэж хэлэхэд эрт байгаа юм. Хакүхо 20 жилийн турш 45 удаа түрүүлсэн нь сүмогийн бүх цаг үеийн дээд амжилт тул түүнийг эвдэхэд бэрх. Тэрүнофүжи их аваргын замналаа урт удаан хугацаанд үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа ч 29 нас гэдэг тийм ч залуу бус. Мөн хоёр өвдөгтөө бэртэл авч, мэс засал хийлгэсэн тул урт удаан хугацаанд амжилттай барилдах эсэх эргэлзээтэй. Одоогоор Фүкүокагийн башёгийн өмнөх хамгийн том асуулт бол “Тэрүнофүжи өөрийн эрин үеийг эхлүүлэх үү?”, “Түүний замналд саад болох хүн гарах болов уу?” юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...