Үрэл жимсний нэгэн үрэл дутуухан боловсорвол исгэлэн байдаг. Үндэст модны нэгэн мөчир дутуу харагдвал эмзэглэм байдаг. Цэцгийн дэлбээний нэг нь хөндөгдвөл эмтрэм байдаг. Ийм л хувь тавилан дунд бид амьдардаг. Тиймээс л бүтэн байхын заяаг хүсэж, дүүрэн явахын ерөөлийг айлддаг. Хүний энэ л алаг цоог амьдрал дунд биднээс үл шалтгаалах, зовлон, өвчин, сэтгэлийн эмзэглэл буй болдог гэдэгтэй хэн бүхний санаа нэг биз ээ. Ингэж хэлэхийн учир нь бид хэн хэндээ сэтгэлийн дэмтэй, өмөг түшигтэй амьдрахын шалтгаан олон байна. Энэ л шалтгааны нэг нь Э.Мөнх-Очир хэмээх залуухан айлын алдрайхан охины төлөө өгөөмөр сэтгэлээ дэлгэж, өөрт буй мянган төгрөгөө зориулмаар санагдсаныг нуух юун. Э.Мөнх-Очирынх СХД-ийн 28 дугаар хороонд амьдардаг. 2012 онд гал голомтоо асааж, аавын гэрээс тулгат гал, туургат өрхөө тусгаарласнаас хойш өнөөг хүртэл эгэлхэн бидэн шиг л амьдарч яваа залуухан айл. Э.Мөнх-Очирын эхнэрийг О.Отгонжаргал гэдэг. Хайраар ижилсэж хувь тавилангийнхаа заяа төөргийг нийлүүлсэн энэ хос анх том охиноо өлгийдөж аваад амьдралын бас нэгэн баяр жаргалыг мэдэрсэн. Одоо том охин нь долоон настай. Тэд 2019 онд бас нэгэн баярт мэдээ сонссон нь “Ихэр хүүхэдтэй болжээ” гэж хэлсэн эмчийн үг байлаа. О.Отгонжаргал эмчийнхээ зөвлөгөө зааврын дагуу шинжилгээгээ хийлгэж, эмчийн үзлэг, эхо гээд харуулж болох бүхэнд л цаг алдалгүй хяналтан дор үзүүлж яваад хугацаандаа төрсөн.
Гэтэл төрөх тасагт ихрүүдийг эх барьж авч буй эмч, сувилагчдын дунд охиных нь гар…гэх шивэр авир яриа ээжид нь сонсогджээ. “Охиных нь гар” энэ л үг ээжид нь ямархан их эмзэглэлтэй байсныг тухайн үед хэн ч анзаараагүй биз. Хорвоод дуу дуугаа хадааж төрсөн ихэр хүү, охин хоёртоо ангир уургаа амлуулахдаа О.Отгонжаргал анх охиныхоо гар, хөлийн сарвууг хараад сэтгэлийн гүн хямралд оржээ. Тэрбээр ханьдаа утсаар арай ядан хэлсэн гэдэг. Үнэндээ охиных нь гар, хөлийн хуруу гажигтай төрсөн нь хэний ч буруу биш. Эмчийн хяналтад байхдаа хэдэн хэдэн удаа 4D, 5D гээд харуулж болох бүх зүйлээр харуулахад урагт гажиг илэрээгүй. Иймээс хэн ч гэсэн хямралд орох нь мэдээж. Сайхан үрсээ энгэртээ тэвэрсэн бүсгүй хүний элэг эмтрэх, бусдаас үрийнхээ гар хурууг нуух их шаналан ямархан хэцүүг О.Отгонжаргал л туулсан.
Тэгвэл одоо түүнд нуух зүйл байхгүй. Хөөрхөн охиныхоо төлөө хийж чадах бүхнээ хийхээр зорьж Баянхонгор нутгийн зон олон, Монголынхоо элэг сэтгэл нэгтэй ард түмнээсээ тусламж хүсэж байна. Энэ айлын бага охиныг М.Ану гэдэг. М.Анугийн хуруу гарны гажиг засах мэс хайчилбарын эмчилгээнд нийт 80 сая төгрөг хэрэгтэй байгаа.
Үнэндээ энэ залуухан гэр бүлд үл хөдлөх хөрөнгө, хураасан мөнгө төгрөг гэж байхгүй. Нэг үгээр хэлэх юм бол залуу гэр бүл шүү дээ. Гурван сайхан хүүхдийн эцэг эх. Эгэл амьдралынхаа эвтэй сайхан хайраар л аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа хүмүүс. Тиймээс ч аавын сэтгэл, ээжийн энэрэл хайр, хатан ухаанаар охиноо аз жаргалыг атгах бүтэн гартай болгох гэж өнөөдрийг хүртэл хичээж явна. М.Анугийн зүүн гар хуруугүй. Баруун гарын хуруунууд наалдацтай. Баруун хөл нь хуруугүй. Зүүн хөлийн хуруу нь гажигтай. Харахад эмзэглэм, сонсоход ч харамсам энэ л хөөрхөн охинд монголын ээж бүхэн тусалж, аав бүхэн дэм болмоор санагдсаныг нуух юун. Олны сэтгэл оломгүй далай гэдэг. Тиймээс бид ирээдүйд М.Анугийн гараас хөтлөөд алхах болно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийн хайраар дутаагүй ч төрийн халамжаар дутсан өдрүүд
Хурууны гажигтай төрсөн энэ бяцхан охин өнөөдөр зүүн гарынхаа чигчий, эрхий хуруугаар л бүх зүйлээ барьдаг. Хашаанд нь айлын хүүхдүүд тоглож байхад ганцаараа л гэрийнхээ хойморт өөрийгөө саатуулж өнждөг болсон нь үе үе ээжид нь анзаарагдах болжээ. Нэг үгээр хэлэх юм бол хоёрхон настай гэлтгүй хэрсүүхэн ухаандаа энэ жаахан охин өөрийгөө бусдаас хязгаарлаж байна гэх эмзэглэл төрөм. Авахыг хүссэн тоглоомоо авч чадахгүй, барихыг хүссэн бүхнээ барьж чадахгүй байна гэдэг үнэндээ хамгийн хэцүү. Хүүхэд битгий хэл том хүн ч бачуурмаар үе байдаг шүү дээ. Магадгүй хуруу бүхнээрээ хувь тавилангаа тэдрэхийг энэ алдрайхан охин хүсэж буй. Тэгвэл тэр л хүслийг нь бид биелүүлж өгмөөр байна. Энэ төрлийн эмгэгтэй хүүхэд 1000-д нэг төрдөг гэнэ. “Охин минь том болоод эрхтэн дутуу төрүүлсэн ээждээ гомдох байх даа. Яагаад намайг бусад шиг бүтэн гартай төрүүлээгүй юм бэ гэвэл би юу гэх вэ” хэмээн ээж нь нүдэндээ нулимстай ярих нь эмзэглэм. Тиймээс ч ээж нь охиноо бүрэн ухаан суухаас нь өмнө, өөрийнхөө төлөө бус, өөрийг нь буруутгахаас айж биш, охиныхоо төлөө, охиноо хүссэн бүхнийг нь атгадаг болгохын төлөө тэмцэж байна. Хүүхдийн гар хурууны мөгөөрсөн эдийн төлжилт 2-3 насандаа хурдацтай явагддаг. Энэ үед хуруу залгах хагалгаанд орвол энгийн хүний хуруу шиг хуруутай болох магадлал өндөр байгаа.
Энэ чиглэлийн хагалгаа хийхдээ БНХАУ дэлхийд тэргүүлдэг гэнэ. Гэхдээ гоо сайхан, гоё бүхнийг энэ гэр бүл хүсээгүй. Зүгээр охиноо аягаа бариад хоолоо идчихдэг, аав, ээж, хайртай бүхнээ тэврэх бүтэн гартай болгохыг л зорьж яваа. Эхний ээлжид хуруунуудыг нь салгана. Охины зүүн гарынх нь нэгдүгээр үеүд бүтэн байгаа. Гэхдээ арьсаараа холбогдчихсон. Тиймээс түүнийг нь салгуулах мэс хагалбар хийлгэх юм байна. Тэгээд ч эмч нарын зөвлөснөөр гадаадын эмнэлгүүдэд донор залгах боломжтойг мэджээ. Манай ГССҮТ-д салгуулж болох ч дараа дараагийн хагалгаанд бэрхшээл гарч хуруутай болох боломж хумигдаж магад гэж эмч нар зөвлөжээ. Учир нь улс орны эмнэлгүүдийн хагалгаа хийх арга барил өөр өөр байдаг гэнэ. Гэхдээ олон улсын эмч нар манай оронд ирж М.Ану охинд хагалгаа хийж өгөх болсон нь бидний давуу тал юм. М.Ану охиныг Гэмтлийн гар сарвууны хагалгааны эмч Очирпүрэв өөрөө үзсэн. Гэхдээ нэг удаа биш хэд хэдэн удаа давтан мэс ажилбарт орж үе залгуулж байж охин бүтэн гартай болно. “DOCTOR” болон “HOSPITAL” эмнэлэгт Хятад, Энэтхэг, АНУ-аас нарийн мэргэжлийн эмч нар ирж, хагалгаа хийдэг болжээ. Энэ л ээж охин хоёрын боломж. Тиймээс М.Ану охины ээж О.Отгонжаргал бугуйвч, ээмэг, бөгж, зүүлт зэргийг хийж борлуулаад хүүхдийнхээ хагалгааны мөнгийг бага багаар хурааж эхэлсэн. Гэвч үндсэн эмчилгээний 10 хувь л болж байгаа ажээ. Хэн бүхэнд л бэрхшээл тулгардаг.
Тиймээс ч зон олноосоо зүгээр мөнгө гуйх хүсэл түүнд байхгүй болоод өөрийн гарын ураар зардлыг олохоор хичээж байгаа нь энэ. “Охиноо хайртай бүхнээ сэтгэл дүүрэн тэврэх гартай болох их хүсэл нь түүнд ийнхүү урам зориг болон ажиллаж байгаа аж. Найз нь японоос Терагерц гоёлууд авчирч өгдөг гэнэ. Эзэндээ ээлтэй чулуу. Чулууны хувьд шинжилгээний бичигтэй оригинал. Захиалагч хүссэн загвараар хийлгэх боломжтой” ажээ. Түүний урласан бугуйвч 40 мянган төгрөгийн үнэтэй. Харин ээмэг зүүлт нь загвараасаа шалтгаалаад харилцан адилгүй. Худалдан авалт төдийлөн сайн биш ч бүтээгдэхүүнээ урласаар л байна. Үүний зэрэгцээ О.Отгонжаргал охиноо асаргаа, улсын халамжид оруулахаар гурван удаа хурлаар орсон ч бүтээгүй гэнэ. “Хүн гарын хуруугүй юу ч хийж, бүтээж чадахгүй. Гэтэл групп тогтоодог эмч нар нь танай хүүхэд хөнгөн байна аль нэг гар мухар байж халамжид хамрагдана гэсэн хариулт өгдөг ажээ. Үнэндээ халамж олгодог хуулийн заалт буруу, өөрөө гаж тогтолцоотой явдаг нь үүнээс тодорхой харагдаж байна.
Ийнхүү ээжийн хайраар дутаагүй энэ алдрайхан охин төрийн халамжаар мөн л дутаж байна. Хэн, хэн нь хүсээгүй хувь зохиолоор өөрөө ч буруугүй, эцэг, эх нь ч буруугүй байхад ийнхүү гар хөлийн хурууны хөгжил дутуу төрсөн энэ бяцхан охинд монголын зон олон л тусалж чадна. Бид гурван сая хүн амтай. Нэг аав, нэгэн сайхан ээж 500, 1000, 5000 мянган төгрөг хандивлаж сэтгэл итгэлийн өгөөмөр гараа дэлгэхэд л М.Ану охин энэрэлт хайртай бүхнээ тэвэрч чадах бүтэн гартай болно. Энэ л цагт бидний аз жаргал сэтгэлийн эмзэглэл арилж аз жаргалыг хамтдаа тэврэх биз ээ. Монгол түмний заяа төөрөг хар цагаан өнгөөр хослон байвчиг. Бид сайн сайхны зам харгуйг сүүн сэтгэлээрээ ерөөж өөрт байгаа буянаа бусадтайгаа хувааж чаддаг зон олон. Тиймээс алаг хонгорхон үрсийн аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч та бүхэн минь Б.Ану охины ээжтэй холбогдож гоёлын болон энергийн зүүлтний захиалга өгөхийг хүсвэл 89162013 утсаар холбогдоорой. Мөн сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл О.Отгонжаргал: Хаан банк 5005937316. Таны сэтгэлийн өргөлөөр М.Ану охин ирээдүйг дүүрэн тэвэрнэ гэдэгт итгэж байна.