Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
“МАН-аас нэр дэвшигч, У.Хүрэлсүх халз мэтгэлцээнд бэлэн байсан. УИХ-ын гишүүн болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд улс төрийн ёс зүйтэй, туршлагатай хүн. Харамсалтай нь энэ сарын 3-нд нэр дэвшигч Д.Энхбат ковидын халдвар авснаас үүдэж мэтгэлцээний зохион байгуулалтад доголдол үүссэн ба хэрхэн зохион байгуулах талаар тал талаасаа санал солилцон зөвшилцсөн.
Мэтгэлцээн нь танхимд нүүр тулсан уур амьсгалтай явагддаг олон улсын жишиг бий. Сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат гуай тусгаарлагдсан учир МҮОНРТ-ийн зүгээс гурван хувилбарыг санал болгосон. Ингэхдээ нэгдүгээрт, хоёр нэр дэвшигч телевизийн студид байрлах бол нэр дэвшигч Д.Энхбатад эмнэлэг дээр студи засах, хоёрдугаарт, гурван нэр дэвшигчийг эмнэлэг дээр буюу эмнэлэгт ижил тайз засал хийх, гуравдугаарт, телевизийн байранд Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан авч ирж мэтгэлцээнд оролцуулах гэсэн хувилбаруудыг дөрвөн удаагийн уулзалтаар хэлэлцсэн. Ингээд МҮОНРТ-ийн саналыг хүлээн авч эрүүл мэндийн байгууллага буюу түүний хэвтэн эмчлүүлж буй 2-р эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ярилцсан. Харин эмнэлгийн зүгээс халдварын улаан шугам бүхий эмнэлгийн газар хэвлэл мэдээлэл, явуулын станц нэвтрүүлэх боломжгүй. Энэ нь онцгой дэглэмийг зөрчихөөс гадна эрсдэлтэй хэмээн үзэж боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Мэтгэлцээн хийх боломжгүй болсон талаар МҮОНРТ-ийн зүгээс ч мэдээлэл өгч байна лээ. Хэн нэгэн нэр дэвшигч татгалзсаны улмаас энэ нөхцөл байдал үүсээгүй юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Гурван нэр дэвшигчийн менежерүүд ойлголцож мэтгэлцээнийг явуулах ёстой байтал тэдний төлөөлөл бүхий сайн дурын хүмүүс цахим орчинд дур мэдэн цахим мэтгэлцээн санаачлах нэрийн дор бусдыгаа оролцохгүй байна гэсэн байдлаар улстөржүүлж байна. Үүнийг олон нийт ялгаж салган ойлгохтойгоо байгаа. Бид төрийн хариуцлагатай сонгуулийн өмнө тулж ирчхээд аль нэг намын бэлдсэн зүйлд орж жүжиглэнэ гэж байхгүй. Бидэн тийм урилга ирээгүй байна” гэлээ.