Sunday, November 24, 2024

Авто замын засвар, арчлалтын 42 машин, механизмын түлхүүрийг гардууллаа

Date:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан экспортын зээлийн хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсын “МАЗ” компанийн үйлдвэрлэсэн 42 ширхэг машин, механизм тоног төхөөрөмжийн түлхүүрийг олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтын байгууллагад гардуулах ажиллагаа Зам, тээврийн хөгжлийн яамны өмнөх талбайд өнөөдөр болов.

Авто замын нүхэн засварын битум эмульсийн технологид суурилсан болон хосолмол ажиллагаатай тусгай зориулалтын тоноглол бүхий дээрх машин, механизм нь нийтдээ 3.3 сая еврогийн өртөгтэй ажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбарт авто замын засвар, арчлалтын компаниудын чадавхийг дээшлүүлэх дэд хөтөлбөр орсон байгаа. Энэ хүрээнд нэгдүгээрт, “АЗЗА” компаниудын олон жил болж хуучирсан тоног төхөөрөмжүүдийг халж, шинээр тоноглох, хоёрдугаарт, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх гэсэн хоёр үндсэн зорилт тавьсан.

Түүний эхнийх буюу шинэ тоног төхөөрөмжөөр хангах ажил ийн эхэлж байна. Энэ шинэ машин, механизмуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа засвар арчлалтын 20 байгууллагад хуваарилсан. Замчид маань техникээ бүрэн эзэмшиж, ашиглаж ард иргэдээ ая тухтай зорчих бололцоо олгоно гэдэгт итгэл дүүрэн байна” гэсэн бол Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Чепурной Станислав Владимирович “Манай улсын Засгийн газраас экспортын зээлийн хэлэлцээрийн дагуу та бүхэнд эдгээр машин, механизмийг энэ сайхан өдөр хүлээлгэж өгч байгаа баяртай байна. Хоёр улсын төрийн байгууллагууд энэ төслийг хэрэгжүүлэхэд маш их хүч, хөдөлмөр зарцуулсан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яаманд дахин талархал илэрхийлье” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд “Энэ төсөл нь Монголд сүүлийн үеийн дэвшилтэт шинэ техник технологи нэвтрүүлж байгаа юм. Хүчин чадал сайтай тусгай зориулалтын машин механизмаар хангагдаж, засвар арчлалтын чанар үр ашгийг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын бэлэн байдлыг сайжруулахад үр дүнгээ өгөх юм.  

Битум эмульсээр зам нөхөгч автомашин нь авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, алслагдмал бүс нутагт түргэн шуурхай хүрч, чанарын өндөр түвшин гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх давуу талтай юм” гэв.

Төслийн хүрээнд Беларусь Улсын “МАЗ” үйлдвэрийн 2 инженер уригдан ирж нийлүүлэгдсэн машин механизмуудын угсралт, техник ашиглалтын онолын болон дадлага, сургалтыг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ дээр Авто зам, засвар арчлалтын байгууллагуудын инженер техникийн ажилтан, механизмчин, жолооч нарт зохион байгуулсан байна. Мөн хатуу хучилттай авто замд нөхөөс хийх БИС-310М-01 маркийн автомашиныг хэрхэн ашиглах, түүнд техникийн засвар үйлчилгээ хийх гарын авлагыг орос хэлнээс орчуулан бэлтгэж, машин механизмын хамт хүлээлгэн өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...