Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн ярилцлагыг амралтын дугаараараа хүргэж байна. Уран бүтээл, тоглолтынхоо хүрээнд өгсөн түүний ярилцлагаас энэ удаагийнх арай өөр. Ид дуулах насандаа яагаад театраа орхиж багшлах болсон, мөн уран бүтээлч хүний хувьд ямар зүйлд сэтгэл нь эмзэглэж явдаг талаар бид энэ дугаартаа ярилцсан юм. Одоо тэрбээр Монгол Улсын Консерваторийн дуулах ур зүйн багшаар ажиллаж байгаа билээ.
-Бидний урилгыг хүлээн авч манай сонинд ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны дуучин болох гээд шалгалт өгөхөөр шийдсэн үеэс эхэлье. Цаг улирал нь ч таарах байх гэж бодлоо?
-Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Би анх дуучнаас өөр мэргэжил эзэмшсэн хүн л дээ. 1989 онд Барилгын дөрөвдүгээр техник мэргэжлийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд аавынхаа зөвлөснөөр Багшийн дээд сургуулийн найрал дууны ангид шалгалт өгөхөөр шийдсэн ч тэр жилдээ чадаагүй. Яагаад гэвэл, Барилгын техник мэргэжлийн сургуулийг гурван жил улсын зардлаар сурч, стипенд авсан хүн учраас багадаа нэг жил ажилласан байх ёстой. Хэрвээ би инженерийн сургуульд орох байсан бол үргэлжлүүлэн суралцах боломжтой. Гэвч тэс өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй байсан учраас нэг жил ажиллах шаардлагатай болсон юм. 1990 онд Соёл урлагийн дээд сургууль байгуулагдсан. Тэр үед би дуулаачийн ангид шалгалт өгч элсэн орсноор урлагийн амьдрал минь эхэлсэн.
-Өмнө нь өөр мэргэжил эзэмшиж багагүй хугацаанд ажиллаад үзчихсэн хүн урлагийн сургуульд элсэх мэдээж амаргүй даваа. Энэ үед танд хамгийн их өмөг түшиг болсон хүн нь хэн байв?
-Олон хүн бий. Тэдгээрээс гэр бүлийнхэн маань хамгийн их урам зориг өгсөн. Дуучин болох эхний алхмыг аавынхаа зөвлөснөөр хийсэн. Үүн дээр намайг өсгөж хүмүүжүүлсэн хайртай эмээгийн минь оролцоо, нөмөр нөөлөг ямар их байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Мэргэжил техникийн сургуулиа төгсөөд би эмээдээ “Аавын хэлээд байгаа сургуульд нь орж суръя” гэсэн. Ингэж хэлэхийг сонссон гэр бүлийнхэн маань намайг дуучин болгохын тулд бүгдээрээ хичээсэн гэж хэлэхэд болно. Тухайн үед аав маань намайг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багш дээр дагуулж очсон. Түүнээс өмнөх нэг жилийн хугацаанд би аавынхаа багш Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн багшаараа хичээл заалгасан. П.Цэвэлсүрэн багшаас дуулаачийн дасгал гэж юу байдгийг мэдэж хичээллэсний хүчинд Соёл урлагийн дээд сургуульд тэнцсэн юм. Мэргэжлийн сургуульд ороод Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн шавь болж, төгсөхдөө Г.Хайдав багшаасаа олон эрдмийг нь авч үлдсэн азтай хүн дээ, би.
-Таныг сургуульд элсэхэд алтан үеийн дуучид маань тосон авч мэргэжлийн дуучин болоход хөтөлсөн гэж бодож байна. Тэдгээр эрхмүүдээс дуучин гэхээсээ илүү эхлээд хүн шиг хүн, зөв хүн байх ёстой гэдэг зарчмыг мэдэж, одоо амьдралдаа энэ зарчмыг мөрдөж байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Би өөрийгөө тэнгэрийн хишиг хүртэж яваа хүн гэж боддог. Мундаг багш нараар эрдмийн хичээл заалгасан нь өнөөдрийн намайг бий болгосон. Хоёр буурал багш маань надад маш их зүйл хэлж өгсөн. Сүүлд намайг багш болоход ч их зүйлийг зааж сургасан даа. Багш нар маань одоо ч гэсэн намайг бурхны орноос харж байгаа гэж боддог юм. Тэднийхээ үргэлжлэл болж үйл хэргийг нь бүтээн, ирээдүйн дуучдад дуулах арга зүйн талаар хичээл заагаад явж байна.
-СУИС-д мэргэжлийн дуучин болохоор суралцах хугацаандаа “больё” гэж бодож байсан үе танд бий юү. Хэрвээ байгаа бол тэр бодлоо, өөрийгөө хэрхэн ялан дийлсэн бэ?
-Би больё гэж ерөөсөө бодож байгаагүй. Яагаад гэвэл, мэргэжилдээ дэндүү хайртай. Анх Соёл урлагийн дээд сургуульд шалгалт өгөхдөө би цэнхэр дэлгэцээр харж байсан эрхмүүдийг дэргэдээс нь харж байснаа санаж байна. Тэр үед сүрдэж, бахархал төрж байснаас биш больё, явъя гэсэн бодол төрөөгүй.
-Сургуулиа төгслөө. Улсдаа ганцхан байдаг сонгодог театрт ажиллахаар болоход гэр бүлийнхэн, тэр дундаа аав ээж тань хэрхэн хүлээн авч байсан бол?
-Миний хувьд Дуурь, бүжгийн эрдмийн театрт дуулах нь мөрөөдөл, эрхэм зорилго минь байсан. Гэр бүлийнхэн маань ч гэсэн намайг дуурийн дуучин болоод сайн яваасай гэж хүсдэг байсан нь биелж их баярлаж байсныг санаж байна. Манай аав дуучин хүн. Аав маань надад “Миний бүтээж чадаагүйг хийнэ шүү” гэж захидаг байсан. Ингэж гэр бүлийн маань хүн бүр хүсдэг байсан учраас дуурийн дуучин болох нь миний хамгийн том зорилго болсон юм.
-Та СУИС-ийг төгсөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дууны ангид орсон. Энэ нь магадгүй таны хор шарыг хүргэж, өөрийгөө илүү дайчлахад хүргэсэн байх?
-Манай ангийнхан 14-үүлээ сургуулиа төгсөж бүгдээрээ Дуурь, бүжгийн эрдмийн театрт орохоор болсон нь ховор үйл явдал байлаа.
Тухайн үед яамнаас томилолт өгдөг байсан. Ангийн хүүхдүүдийн олонх нь хөдөөнөөс ирж суралцсан, орон нутгийн иргэний харьяалалтай байсан. Тиймээс тэднийг хотод шилжиж ирсний дараа ажлын томилолт ирэхээр болсон юм. Тэгж хүлээсээр намар нь ангиараа найрал дууны ангид орсон доо. Тухайн үед надад “гоцлол дуучин болох байсан” гэсэн бодол төрж байсныг нуухгүй. Нас залуу байхад юу эсэхийг бодох вэ дээ. Тэгээд найрал дууны ангид нэг жил болоод Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин болсон. Гэхдээ найрал дууны ангид ажиллахад маш их зүйл сурсан. Үндсэндээ дахин нэг жил сурсан гээд хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс би найрал дууны ангид орсондоо өөрийгөө азтайд тооцдог. Хэрвээ би сургуулиа төгсөөд гоцлол дуучин болсон бол найрал дууны өнгө, хэмнэлийн талаар одоогийнх шигээ мэддэг байх нь юу л бол. Тийм болохоор найрал дууны ангид орсон нь миний хувьд аз болсон.
-Анхны гол дүр, гоцлооч болоод өөртөө ямар нэгэн зүйлийг амлаж байв уу?
-Миний театрт ороод бүтээсэн анхны дүр “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачин байсан. Үүнээс өмнө 1994 онд “Учиртай гурван толгой” дуурийн улсын уралдаанд оролцож, Балганы дүрээр дэд байрт шалгарчихсан байлаа. Ер нь тухайн үед мөрдөгдөж байсан бичигдээгүй дүрмийг баримталж театрынхаа нэг гишүүн нь болсон. Өөрөөр хэлбэл, театрт орсон дуучин шууд гол дүрд дуулдаггүй. Бага багаар туршлагажсаар гоцлол дуучин болдгийн адилаар явсан. Гэхдээ бүтээсэн дүр болгон маань санаанд хүрсэн үү гэвэл үгүй гэж хэлнэ. Харин Ж.Россинийн “Сивилийн үсчин” дуурийн Бартологийн дүрд тоглосон нь их ур чадвар шаардсан. “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрийг бүтээх тусам илүү “тослог” болсон гэж боддог юм.
-Та Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээрээс 14 жил үзэгч, сонсогчидтойгоо уулзсан. Гэхдээ яагаад ид дуулах ёстой үедээ багшлах шийдвэр гаргасан юм бэ?
-2004 онд манай хүүхэд Хөгжим бүжгийн коллежид элссэн. Тэр үед Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан багш намайг дуудаж уулзахдаа багшлах талаар хэлж, хажууханд нь байгаа Д.Жаргалсайхан багштай уулзахыг зөвлөсөн. Багштай уулзаж Х.Уртнасан багшийн хэлснийг дуулгахад “Уртнасангийн зөв. Чи намайг танагтай байгаа дээр багшлах дөрөө олж ав” гэсэн. Тухайн үед би 34 настай байсан ч багш нарынхаа зөвлөснөөр шийдвэрээ гаргасан даа. Хөгжим бүжгийн коллежид анх цагийн багшаар ажилд орж, багш нарынхаа алган дээр багшлах дөрөө олж авсан юм. Дараа нь хэсэг хугацаанд тайзан дээрээ гараагүй байж байгаад дуулсан. Тэгэхэд тайзаа санаснаа мэдэж өөрийн эрхгүй нулимс унагасан. Дуучин хүн тайзаа сэтгэл зүрхэндээ үгүйлдэг гэдгийг тэр үед л мэдсэн юм. Гэхдээ би багшлах болсноо хувь төөрөг гэж боддог, ерөөсөө харамсдаггүй. Тэгээд ч би одоо болтол тайзаа орхиогүй гэж бодож явдаг шүү.
-Өөрөө сурах нэг өөр хэрэг, хүнд заах бүр хэцүү ажил. Ийм хэцүү даалгаврыг танд өгсөн хүн нь хэн байв?
-Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багш л даа. Тухайн үед багш нар маань ч намайг “Яах бол” гэж бодсон байх. Гэхдээ надад бол багшлах ажил их сонирхолтой санагдсан. Хүнд хичээл заахын тулд өөрөө давхар суралцаж, өмнө нь эрхэм багш нараараа заалгаж байснаа сэргээн санадаг. Нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн. Өдрийн төгсгөлд л өлсөж ядарснаа мэдэрдэг байсан. Би Д.Жаргалсайхан багштайгаа хоёр жил нэг өрөөнд ажилласан. Тэр үед багш надад хэцүү “даалгавар” өгчихөөд “Хэзээ багш болно доо” гэж боддог байсан байх. Нэг өдөр хүүхдүүдэд хичээл зааж байхад Г.Хайдав багш орж ирээд “Хүүхдүүдийн чинь хэр сурсныг сонсъё” гэдэг юм байна. Сандраад явчихлаа. Өөрөө шалгалт өгч байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Хүүхдүүдийг шалгаж байгаад одоо “Сүлд” чуулгад ажиллаж байгаа Содномдаржаагийн дуулахыг сонслоо. Бэлтгэлээ төгсөөд нэгдүгээр курсэд ороод хагас жил болчихсон, баритон хоолойтой гээд хичээллүүлж байсан юм. Тэгсэн Хайдав багш дуулахыг нь сонсоод “Ээ, хөөрхий” гэж байна. “Наад хүүхэд чинь баритон биш тенор хоолойтой юм байна шүү дээ. Жил гаруйн хугацаанд баритон хоолойтой гээд хичээллүүлчихэж байгаа юм уу” гэлээ. Тийм л гэсэн. Нэг их олон зүйлийн талаар хэлэлгүй гараад явчихлаа. Түүнээс хойш тэр хүүхдийн дуулахыг сонсоод байх нь тенор байсан. Ингэж би гэдэг хүн багш болчихоод шалгалтад орж байсан удаатай. Ер нь багшилна гэдэг амаргүй ажил. Яг өөрийнхөөрөө явж болохгүй. Хажуудаа заавал удирдлагатай явах хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм.
-Хэрвээ өнөөг хүртэл тайзан дээрээ байсан бол гэж бодогдох үе танд байдаг уу?
-Би тайзнаасаа буугаагүй байгаа гэж өмнө нь хэлсэн. Одоо хүртэл би тайзан дээрээ л байгаа гэж боддог.
-Та Монгол Улсын Консерваторид багшлаад 20 орчим жил болчихжээ. Энэ хугацаанд та тоглолтоо хийсэн мөртлөө ганц ч цомог гаргаж байгаагүй. Өөрийгөө чамлаад байв уу. Яагаад өнөөг хүртэл цомог гаргахгүй байгаа юм бэ?
-Энэ миний сул тал. Дуучин мөртлөө ганцхан хуурцагтай. Нэг цомог гаргах гээд олон жил болж байна. Гэхдээ удахгүй цомгоо гаргана аа.
-Хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарав. Шинэ уран бүтээлээр үзэгч, сонсогчидтойгоо уулзах бодол байна уу?
-Би 2016 онд тоглолтоо хийсэн. Түүнээс хойш бие даасан тоглолт хийгээгүй байна. Тайзан дээр гарсны хувьд гэвэл, жил гаруйн өмнө Дуурийн театрынхаа тайзан дээр гарч, “Учиртай гурван толгой” дууриараа үзэгчидтэйгээ уулзжээ. Цаг үеийн байдлаас шалтгаалан нэг, хоёр жилдээ үзэгч, сонсогчидтойгоо уулзаж амжихгүй байх. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлыг дарж, намжсаны дараа тоглолтоо хийх бодол бий. Тэр хүртэл цомгийн ажилдаа шамдана даа.
-Ярилцлагын төгсгөлд Монгол Улсын Консерватори ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дууны цахим уралдаан зохион байгуулах гэж байгаа талаар тодруулъя. Энэхүү уралдааныг яагаад зохион байгуулах болсон талаар уншигчдад маань сонирхуулна уу?
-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцаж байгаа дуулах авьяас чадвартай хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэднийг хөгжүүлж ирээдүйн мэргэжлийн дуучдыг бэлтгэх зорилгоор “Алтан тайз руу” уралдааныг зохион байгуулж байна. Хот хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг бидний зохион байгуулж буй уралдааныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд хот хөдөөгийн хаанаас ч оролцох боломжтой. Учир нь, техникийн хувьд бид өндөр шаардлага тавиагүй. Хүүхэд уралдаанд оролцох дуугаа гар утсаараа ч хамаагүй бичээд манай “Алтан тайз руу” пэйж хуудсанд, олон нийтийн тохиргоотой байршуулах юм. Эхний шатанд оролцогчид монгол дуугаар өрсөлдөнө. Тэднээс хоёрдугаар шатанд тэнцсэн хүүхдүүд монгол, гадаад дуугаар уралдаанаа үргэлжлүүлнэ. Энэ шатанд гурван дуугаар оролцох бөгөөд нэг нь заавал дуулах буюу “Алтан тайз руу” пэйж хуудсанд байршуулсан дуунаас сонгон дуулж оролцох юм.
-“Алтан тайз руу” уралдааныг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах уу?
-Энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулна. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид маань хүүхэд, сурагчдаа идэвхтэй оролцуулаарай гэж хүсмээр байна. Мэдээж дуулах авьяастай хүүхэд бүр дуучин болохгүй. Гэхдээ тэд аливаа уралдаан тэмцээнд оролцсоноор урлаг соёлын талаар мэдлэг, ойлголттой болж соёлтой үзэгч болох юм.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: www.mongoliinunen.mn