Sunday, November 24, 2024

ТББХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Date:

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 29 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь энэ ажээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Ж.Батсуурь нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж авсан эсэхээр эцсийн шийдвэр гардаг. Харин энэ тохиолдол буюу Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Зарим хуульч ч ингэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Тэгвэл өөрийнх нь шийдвэрт хяналт тавих байгууллагад хориг тавих уу гэдгийг анхаарах ёстой” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулт тайлбар өгөхдөө, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт биш, харин Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг онцолсон байна.

Ерөнхийлөгчийн дээрх хоригт хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, харин улс төрийн агуулга бүхий үндэслэл дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэжээ.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг онцлон дурдаж, Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулах, дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ нь эцсийн шийдвэр болох Үндсэн хуулийн зохицуулалттай, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд иргэн бүр биелүүлэх үүрэгтэй болдог хэмээн тайлбарласан байна. Энэ удаагийн тохиолдол нь Үндсэн хуулийн, засаглал хоорондын эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх эрсдэлтэйг Б.Энхбаяр гишүүн сануулжээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Цэцийн шийдвэр нь ёс зүйгүй, процессийн алдаатай байсныг Улсын Их Хурал хэлэлцэн, хүлээн авсан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнийг нягталж үзэх ганц боломж хэмээн үзсэн тул Ерөнхийлөгчийн хориг тавьсан гэжээ.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжээгүй байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...