ОХУ-ын Эрчим хүчний яамнаас газрын тосны салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий схемийн шинэчилсэн хувилбарыг Засгийн газартаа танилцуулахаар зэхжээ. Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Андрей Сторожев “ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийн өсөлт хязгаарлагдмал учир анхдагч боловсруулалтын хэмжээг тогтворжуулах (бүр багасгах) төлөвлөгөөтэй байна. ОХУ-ын нефть боловсруулалт эргэлзээтэй байдалд орсон. Европын комисс 2050 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан бүс болох ногоон төлөвлөгөөгөө танилцууллаа. БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулахаа зарласан. Ирээдүйд ногоон эдийн засагт шилжсэнээр Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний эрэлт мэдэгдэхүйц буурна. АНУ 2020 онд Оросын нефтийн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч болсон” гэжээ. Мөн тэрбээр Оросын экспортлогчид болон Америкийн хэрэглэгчдийн цаашдын хамтын ажиллагаанд улс төр саад болох уу гэсэн асуултад хариулт өгчээ. Венесуэль, Ираны эсрэг Вашингтоны хориг арга хэмжээ зах зээлд хүнд тосны хомсдол үүсгэж, Америкийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг Оросын ханган нийлүүлэгчдэд хандахаас өөр аргагүйд хүргэсэн юм.
СУЛ ОРОН ЗАЙГ НӨХЖЭЭ
АНУ дахь Оросын нефтийн тэлэлт 2015 оноос эхэлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч, Америкийн боловсруулах үйлдвэрүүд ОХУ-ыг сонирхох болов. Шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн ч Оросын газрын тос боловсруулах технологийн бүтэц энгийн. Үлдэгдэл шингэн түлш буюу мазутын ханш түүхий нефтьтэй харьцуулахад нэг баррель нь 10 ам.доллараар хямд байна. Энэ нь нэг талаар Европт газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сул, дэлхийн зах зээл дээр хүнд тосны хомсдол үүссэнтэй холбоотой юм. Ихэвчлэн Европын нефть боловсруулах үйлдвэрүүд цайвар газрын тосны бүтээгдэхүүний цаашдын боловсруулалт, үйлдвэрлэлийн зориулалтаар худалдаж авдаг байв. Харин 2015-2016 онд АНУ-аас газрын тос боловсруулах үйлдвэрүүд Оросын шатах тосны өрсөлдөөнд хөл тавьжээ. Тухайн онд Мексикийн булангийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн тээвэрлэлт гурав дахин буурсан. Ерөнхийлөгч асан Дональд Трамп Венесуэлийн газрын тосны салбарын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Америкийн компаниуд болон иргэдийг төрийн өмчит PdVSA компанитай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглосон. Улмаар 2019 онд Оросын экспортлогчид хоёрдахь боломжоо олж авав. PdVSA Персийн булангийн эрэгт байрладаг АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд хүнд тосны үндсэн нийлүүлэгч байсан. Венесуэлиэс нийлүүлэлт тасарсан нь Николас Мадурогийн Засгийн газарт төдийгүй Америкийн газрын тосны компаниудад бэрхшээл учруулсан юм. АНУ Оросын мазутын импортыг 2019, 2020 онд эрс нэмэгдүүлжээ. Цар тахлын эхэн үед газрын тосны бүтээгдэхүүний эрэлт буурсан ч 2020 оны хоёрдугаар хагаст зах зээл сайжирч, нэг баррель нь 40-50 ам.долларт хүрчээ. ОХУ өнгөрсөн онд АНУ руу 10.9 сая тонн мазут илгээсэн (Москва дотоодын зах зээлд 10.5 сая тонныг хэрэглэсэн) байна. Америкт Оросын түлшний тосыг хөнгөн занартай хольж, хольцыг боловсруулалтад илгээдэг. Үүнд яах аргагүй улс төр нөлөөлсөн. АНУ зөвхөн Венесуэль төдийгүй хүнд нефтийн томоохон экспортлогч Ирантай тулалдаж байна. Вашингтоны хоригийн улмаас эдгээр орноос сард экспортлох газрын тосоо 10-11 сая тонноор бууруулжээ.
ХОРИГИЙН ЭСРЭГ ХОРИГ
АНУ-д өөр сонголт үлдсэн үү. ОХУ бол дэлхийн хамгийн том мазут экспортлогч бөгөөд зах зээлийн 20 хувийг хянадаг. ОХУ 2021 онд мазутын экспортоо 12-13 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. АНУ ОХУ-ын нийлүүлэлтийг нөхөхөд амаргүй. Бусад тоглогч болох Канад, Мексикийн шатах тослох материалын нийт экспорт 2020 онд ердөө л долоон сая тонн байсан. Тиймээс Оросын нийлүүлэлтийг цуглуулахын тулд зах зээлийн үнэд 1-2 баррелийн урамшуулал санал болгосноор 200-400 сая ам.долларын нэмэлт зардал гарна. Канадын Альберта мужаас АНУ Небраска хүртэл газрын тос дамжуулах хоолойн шинэ шугам ашиглалтад орвол Оросын хангамжид нөлөөлж магадгүй. Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснийхөө дараа шууд дамжуулах хоолой барих төслийг зогсоосон. Каракасын эсрэг хоригийг бүрэн цуцалсан ч уналтад орсон Венесуэлийн газрын тосны олборлолт өмнөх экспортын хэмжээндээ хүрэх боломжгүй юм. Тиймээс АНУ-ын эрх баригчид Оросын газрын тосны бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрвээ хязгаарлавал 2020 оны хямралын жилд 76 тэрбум ам.доллар алдсан Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд эрсдэлтэй. АНУ-аас “шахагдсан” ч ОХУ-д Европ, Азийн асар том зах зээл бий.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: mongoliinunen.mn