Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ. Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулсан байна. Шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгчээ.
Тухайлбал, зам, тээврийн салбар бүр дээр дутагдаж буй бодлогын судалгаа гаргах асуудлаар цахим уулзалт зохион байгуулах, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Зам, тээврийн салбарын мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогын баримт бичиг боловсруулах, цахимжуулах дэд хөтөлбөрийн явцын талаар танилцуулах, зам, тээврийн салбарын хуулиудыг дагаж гарах дүрэм, журам, стандартын жагсаалтыг гаргаж танилцуулах, улсын төсөв, олон улсын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн явцыг нэг загварт оруулж, нийслэл болон орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд албан бичгээр хүргүүлэх, АЗЗА компаниудын урьдчилгаа санхүүжилтийн талаар танилцуулах, зам, тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуультай хамтран БНХАУ-ын Бээжин хотын Зам, харилцааны сургуульд хүүхдүүдийг сургах асуудлыг судалж, танилцуулах, авто замын тусгай зөвшөөрөл сунгуулахаар өгсөн компаниудын материалыг хянаж, цэгцэлж дуусгах үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн Барилга, хот байгуулалтын яамтай авто замын трассыг бүртгэлжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулах, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 4 дүгээр багцын ажлыг идэвхижүүлэх талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк, зөвлөх компани, төслийн нэгжид албан бичиг хүргүүлэх, Улаанбаатар хот руу орох, гарах төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах ажлыг гэрээт хугацаанд дуусгах, Улаанбаатар хотын удирдлагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулах, олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах журмыг шинэчлэн боловсруулах, Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн нийтийн тээврийн асуудлыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзалт хийх зэргийг үүрэг болголоо.
Мөн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх, албан хаагч бүрийг вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг харьяа байгууллагын дарга нарт даалгасан байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ