АН-ын дотоод асуудал улам ужгирч, сүүлдээ утга учир нь олдохоо болилоо. Эхэндээ С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр хүний хоорондох үл ойлголцол мэт харагдаж байсан бол одоо бүхэл бүтэн намын гишүүд, дэмжигчдийн талцал, ялгарал, хандлагын асуудал болж хувирав.
Сөргөлдөгч талууд тус тусдаа намын удирдах баг бүрэлдэхүүнийг томилж, өөр өөрийнхөөрөө намын даргын сунгааг зохион байгуулж, өөр өөр арга хэлбэрээр санал хураалт явуулав. С.Эрдэнийн тал цахимаар, Ц.Тувааны тал биеэр очиж саналаа өгөх хэлбэрээр АН-ын даргын сонгуулийн зохион байгуулж, нэг нэг ялагч тодруулсан. Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан нарыг М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр залгамжлахаар болов. АН-ын дүрмийн дагуу тус намын даргыг Их хурлаараа батламжлах ёстой. Хоёр тал аль аль нь энэ дүрмээ дагаж өөр өөрсдийн тодруулсан хүмүүсээ АН-ын даргад батламжлахаар дараагийн алхмаа хийж эхлэв.
Ц.Тувааны тал энэ удаа өрсөж хөдлөхөөр шийдсэн бололтой. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Их хурлаа товлон зарлав. Цар тахлын улмаас Их хурлыг заал танхимд хийх боломжгүй учир задгай талбайд зохион байгуулах гэнэ. Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 суман дахь АН-ын гишүүдийн төлөөлөл 1400 хүн ирж оролцож УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах юм байна.
Харин С.Эрдэнийн талынхан уржигдар буюу дөрөвдүгээр сарын 1-нд ҮБХ-гоо цахимаар хуралдуулан АН-ын ээлжит бус цахим Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулжээ. Цахим Их хурлынхаа товыг зарлаагүй ч ойрын үед хуралдуулна гэсэн чигтэй байгаа юм байна. Ийнхүү тэд цахим Их хурлаасаа М.Тулгатыг АН-ын даргаар батламжилна.
Хоёр тал өөр өөрсдийн тодруулсан дарга нараа батламжилсныхаа дараа хэн нь АН-ын албан ёсны дарга вэ гэдэг маргаанаа хагалуулахаар УДШ-д очиж таарна. Нэг нам хоёр толгойтой болсон энэ адармаатай асуудлыг УДШ хэрхэн шийдэх эсэх сонин биш. Мэдээж шүүхийн шийдвэр аль нэг талд нь ашигтайгаар гарна. Нөгөө тал нь зөөлөн хэлэхэд гомдол, хатуу хэлэхэд өш хонзон тээж үлдэнэ. Энэ нь АН дахь ан цавыг улам гүнзгийрүүлж, ангал руу түлхэх аюултай. Парламентад суудалтай, нөлөө бүхий улс төрийн том нам ийнхүү дотоод хагаралдаа идэгдэн, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болно гэдэг маш том хохирол юм.
Улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж, цараатай, хараатай бодлогын судалгаа хийж, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж байх ёстой, улс орны хэмжээнд хоёрдугаарт орох том нам ийм арчаагүй байдалд орсон нь тос дотроосоо өтөж, загас толгойноосоо мууддагийн тод томруун жишээ болж байна.