АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Монголд хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглан улстөрчдийг айлгадаг, дарамталдаг, хонгилоороо чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Энэ хонгилоор чирүүлж байгаа хүний нэг нь би өөрөө. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Х.Баттулга Ерөнхийлөгчийн байр суурь улс орны эрх ашгаас илүү амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн. Тийм учраас бидний хооронд зөрчил үүссэн. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд орж байхад Х.Баттулгыг АН бүх талаараа дэмжсэн. Гэтэл АН-ын мянга мянган гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэж, туйлын хариуцлагагүй хандсан. Энэ хүний Ерөнхийлөгч болохдоо амласан нэг ч зүйл ажил хэрэг болоогүй. Оффшорт байгаа олон сая долларыг оруулж ирнэ гэсэн нь ч худлаа болсон. Би АН-ын даргын хувьд түүнд ард олонд хэрэгтэй маш олон захиа даалгавар өгч байсан ч хэрэгжээгүй. Үнэндээ тэр хүн Монголд хэрэгтэй нэг ч зүйл хийсэнгүй.
Салхитын мөнгөний ордыг төрд авах замаар зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэн ч олон ахмадыг ялгаварлаж үлдээсэн. АН 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцож, ЖДҮ сангийн булхай луйврыг ил болгох олон олон ажлыг хийсэн. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг гаргаж тавихад манай намаас гурван урвагч эсрэг санал өгсөн. Тэр хүмүүсийг эсрэг санал өгүүлсэн хүн нь Х.Баттулга. Ингэж АН-ыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох алхмыг Ерөнхийлөгч өөрөө тавьсан юм. Тэгэхээр МАНАН бүлэглэлийн жинхэнэ удирдагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө юм. Ингээд зогсоогүй өнөөдөр АН-ын дотоод асуудалд оролцож, хууль бус Дотоод сонгуулийг хороог байгуулж, хүмүүсийг нь архидуулж, хооллож, намаа хагаралдуулж яваа нууц ноёнтон нь ч бас тэр. Мөн түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд бас энэ ажиллагааны ард байгаа” гэсэн юм.