УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Т.Аубакир, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Г.Ганболд нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өчигдөр ажиллажээ. Энэ үеэр Сайд З.Мэндсайхан салбарын хөгжлийн бодлого чиглэл, дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилго зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл, цаг үеийн технологит ажлуудын бэлтгэл, зохион байгуулалт зэрэг чухал асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Хөдөө аж ахуйг цахимжуулах, биржийг шинэчлэх нь нэн тэргүүн зорилт
Тэрбээр хөдөө аж ахуйн салбарт салбарт дунд хугацаанд буюу ирэх гурван жилд хийх томоохон бодлогын ажлууд, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд мэдээлэл өгөхдөө цахим, дижитал хөдөө аж ахуйг бий болгох нэн тэргүүний зорилттой байгаагаа онцолсон юм. Дэлхий дахинд дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарыг цахим болгосноор бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал хангагдах шууд үр дүн гараад зогсохгүй эдийн засгийн бие даасан салбар болон хөгжих боломж бүрдэхийг тодотгосон.
Нөгөө талаар хөдөө аж ахуйн биржийн шинэчлэл нь тэргүүн зорилтуудын нэг болохыг онцлоод хөдөө аж ахуйг цахимжуулах ажлыг биржийн шинэчлэлтэй холбож хөгжүүлэх нь энэ салбарын оролцогч талуудад олон давуу тал бий болгохыг ч тодорхой тайлбарласан юм.
Дээрх ажлуудаас гадна усалгаатай газар тариаланг хөгжүүлэх болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх төсөл, төмс хүнсний ногооны агуулахын сүлжээ байгуулах, Биокомбинатын шинэчлэл, Хүлэмжийн цогцолбор аж ахуй төсөл, Дархан арьс ширний цогцолбор төсөл, өвлийн хүлэмжийн аж ахуй зэрэг томоохон ажил, төслүүдийн талаар нэгдсэн мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй танилцаад зарим асуудалд саналаа хэлж, асуулт асууж, харилцан санал солилцсон юм.