Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 2021 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн вакцинжуулалтын зарим цэгт ажиллаж буй эмч ажилчдад өгсөн өдрийн хоол амт чанар муу, мөн эмч нар өнгөрсөн саруудад ажилласан илүү цагаа аваагүй гэх гомдол гарсан билээ. Эмч нарын хэлж буй гомдлыг шийдвэрлэх, асуудлыг газар дээр нь очиж арилгах үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэгт байрлах вакцинжуулалтын хоёр цэгт очиж ажиллав.
Вакцинжуулалтад ажиллаж буй эмч, ажилчдын хоолны асуудлыг тухайн дүүргийн эрүүл мэндийн төв хариуцан ажиллаж буй. Цаг наргүй, олон хүнтэй харилцаж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч ажилчдын хоолны асуудлыг онцгой анхаарч арга хэмжээ авч, шаардлагатай албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.
Ковид-19 цар тахлын эсрэг авч буй удаа дараагийн арга хэмжээнд орж ажилласан өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад олгох ёстой илүү цагийн мөнгийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган баталж, Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт эмч нарын нэг болон хоёрдугаар сарын илүү цагийн мөнгө нийтдээ 210 сая төгрөгийг шилжүүлжээ. Гэтэл эмч нарын гар дээр уг мөнгө өнөөг болтол очоогүй байна. Илүү цагаар ажилласан эмчийн цалинг яам нь шийдсэн атал уг мөнгийг эздэд нь олгох талаар хариуцлагагүй, хайнга хандаж буй албан тушаалтантай хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болголоо. 2021 оны нэг, хоёрдугаар сарын илүү цагийг мөнгийг өнөө маргаашгүй олгож эмч нарын гарт хүргэх ажилд анхаарч ажиллахыг мөн чиглэл болгов. Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж санхүүжилтийг нь шийдсэн байхад ганцхан нягтлангаас болоод эмч нар хохирч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хатуу анхааруулсан юм.