Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнуулсан байна. Тус шагналыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг гардуулж, баяр хүргэлээ. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг гардуулах ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Оюуны өмчийн газрын гадаад харилцааны дарга Гэрэлмаа болон албаны хүмүүс тус тус оролцжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав Ховд аймагт эмчээр ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улаанбаатар хотод П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэгт мэс засалч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, АУИС-д багш, мэс заслын тэнхмийн эрхлэгч, клиникийн захирал, зүрхний мэс заслын секторын эрхлэгч, Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн захирал, ЭМЯ-ны мэс заслын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Тэрбээр гэдэсний цочмог түгжрэлийг эрт оношлох оношлогооны шинэ аргыг боловсруулан онолын тайлбар өгч, практикаар нотолсон бөгөөд зүрхний мэс заслын салбарын олон талт судалгааны үр дүнд үнхэлцэг хальсны эд, эс, анатомийн тогтоцын онцлогуудыг судлан зүрхний үнхэлцэг хальсны өрцтэй нийлж байгаа хэсэг нь бусад хэсгээсээ 0.1-02 мм илүү зузаан болохыг тогтоон зүрхний таславчийн цоорхойг зөвхөн тэр зузаан хэсгээс авч нөхөх шинэ аргыг боловсруулсан байна. Энэ хэсэг нь өрцний ширхэглэг эдийн үргэлжлэл гэдэг онолын дүгнэлт гаргасныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн юм.
Мөн зүрхний таславчийн цоорхойг өөрийн нь үнхэлцэг хальсаар нөхөх арга нь эдийн нийцэл, ариун чанар, эдгэрэлтийн давуутай болохыг нотлон, эмнэлгийн практикт нэвтрүүлсэн гавьяатай. Н.Баасанжав эмч артерийн битүүрээгүй цоргыг нитинол-титани металлаар хавчих аргыг амьтан дээр туршин анх удаа зүрхний мэс заслын клиникт нэвтрүүлсэн юм. Түүнчлэн хүүхдийн улаан хоолойн түлэнхийг лазер туяагаар шарж сорвижилт үүсэхээс сэргийлэх онолын үндэслэлийг гарган эмчилгээний шинэ менежментийг нэвтрүүлжээ. Лазерын шарлага нь улаан хоолойн салст ба булчинлаг давхрагын төлжилт ургалтыг тэнцүү төвшинд өвөрмөцөөр явуулдаг болохыг мөн тогтоосон аж.
Түүнчлэн гар сарвууны гэмтлийн үед гэмтлийн зэргээс хамаарч, нөхөн сэргээх эдийг цусан хангамжтай нь хамт суулгах бичил мэс заслын сонгомол аргыг гүнзгийрүүлэн тайлбарлаж, практикт нэвтрүүлсэн төдийгүй зүрхний таславч хоорондын цоорхой гажгуудын оношлогооны онцлогуудыг шинэчлэн тогтоож цоорхойн байрлалаар шинэ ангилал гарган, зүрхний гажигтай монгол хүний цусан дахь микро элементүүдийн хэмжээг тогтоосон аж.
Түүний анагаах ухаанд оруулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1996 онд Хүний гавьяат эмч, 2001 онд Ардын эмч, 2006 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.