Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн буюу гуравдугаар сарын 5-ны баасан гарагт АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан мэдээлэл хийв. Тэрбээр АН-ын албан ёсны хүчинтэй тамга өөрт нь байгааг хэлээд Ерөнхийлөгчийн сонгуульд АН оролцож чадахгүй нөхцөл байдал үүсвэл хариуцлагыг нь С.Эрдэнэ хүлээнэ гэв. Мөн тэрбээр С.Эрдэнийн үйлдлийг буруутгахдаа өрсөлдөгч МАН-ынхны явуулга гэж хардаж, өөрийнх нь зарлаж хуралдуулсан их хурлын шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг хүчингүй гэж үзсэн Улсын дээд шүүхийг ч бас улстөржсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр АН-ын дарга С.Эрдэнэ есөн дүүргийн намын эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж, АН-ын дээд шагнал “Чингисийн одон”-гоор шагнажээ. Тэрбээр өөрийгөө АН-ын жинхэнэ дарга гэж үзэж байгаа бөгөөд Улсын дээд шүүхэд буй бүртгэлд С.Эрдэнэ гэж хүний нэр намын дарга хэвээрээ байгаа, Ц.Туваан байгаа тамга бол хүчингүй хэмээв.
Ийнхүү АН хоёр дарга, хоёр тамгатайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж байна. Сонгуулийн өмнө буюу энэ сарын 28-нд намын даргаа сонгоно. 16 хүн өрсөлдөх энэ сунгаа нь нэр дэвшигч бүртээ 93 сая төгрөгийн босго тавьжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар АН-д хандан С.Цогтсайхан агсны 20 жилийн өмнө хэлж байсан үгийг эш татан эв нэгдлийг уриалав.
Арав хоногийн өмнө тохиосон МАН-ын 100 жилийн ойгоор МАН, МАХН-ын удирдлагууд хамт цэцэг өргөв. Энэ үеэрээ тэд хоёр нам нэгдэх тухай яриа хэлэлцээ өрнөж байгааг олон нийтэд мэдээлэв. Мөн МАН-ын нэр бүхий ахмадууд хоёр нам нэгдэх нь зүйтэй гэсэн санаагаа МАН-ын генсек Д.Амарбаясгалан болон МАХН-ын дарга Н.Энхбаярт гардуулсан. Ийнхүү нэг угшилтай МАН, МАХН-д эргэж нэгдэх үйл явц эрчимтэй өрнөж эхлэв. Н.Энхбаярын нэгэн цагт хэлсэнчлэн “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийг эрх баригч нам ажил хэрэг болгож байна.
Харин АН-ынхан даргаа сонгож чадахгүй хагас жил илүү хугацааг үдсэн ч сэхээ авах, дээрдэх юмгүй бахь байдгаараа бие биеэ үгүйсгэн, талцаж сууна. Тэдэнд төрийн тэргүүн сануулж, уриалаад ч нэмэргүй бололтой. С.Цогтсайхан агсан “Лидерүүдийн алдаанаас ардчилсан хүчнүүдийн нэр төр цэвэр гараагүй. Буруугүй мөртлөө ардчиллыг дэмжигч бидний нэр хүнд ч мөн адилхан буруутсан. Хэн нь ч уснаас хуурай гараагүй. Хэрэв бид Монголын ардчиллыг баталгаажуулан гүнзгийрүүлье гэвэл хүчээ нэгтгэх хэрэгтэй” гэсэн нь өнөөгийн АН-ынхныг л хэлсэн мэт. Тэд 20 жилийн өмнөхөөсөө урагш ахисангүй, өөдөлж хөгжсөнгүй. Харин ч эргэж бутрах, эвдэрч салах замдаа оржээ. Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдэг дээ.
Түүнчлэн нэрт нийтлэлч Баабар С.Эрдэнийг хэл ам, хэрүүл тэмцэл болж байж АН-ын даргаар сонгогдоход “С.Эрдэнийг намын даргаар сонгосон нь сайн юм болж. Одоо АН маш хурдан муугийнхаа ёроолд хүрэх хэрэгтэй. Тэгж байж эргэж сэхнэ” гэсэн утгатай ёж үг хэлсэн билээ. Үнэхээр АН ёроолоо хүрчээ. Үүнээс цааш хагарал тэмцэл нь үргэлжилбэл АН-аас юу ч үлдэхгүй. Харин эвлэж нэгдээд босох юм бол хүчтэй сөрөг хүчин болж чадна. Эрх баригчид хэт хувьсгалч, популист загнаж, эрх мэдэл, мөнгөнд бялуурч байна. Гэтэл АН тэднээс дор, дорой, тэднээс ч муу, муухай байгаа учир сөрөг хүчний дуу хоолой болох байтугай гишүүдийнхээ дуу хоолойг сонсох тэнхэлгүй болжээ.