Friday, November 22, 2024

АН-ын даргын сунгаа “Жаран чавганц”-ын уралдаан болох нь

Date:

АН даргаа сонгож чадалгүй жил тойрч, хоёр дахь сунгаагаа зарлалаа. Сунгаанд нь 18 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд хоёр нь хасагджээ. Учир нь өнгөрсөн сонгуулиар бие даан нэр дэвшиж, намынхаа бодлогын эсрэг явсан эдүгээгийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв нарыг АН-ын Дотоод сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Уг нь сунгаанд бүртгүүлсэн хүмүүстэй харьцуулахад, Н.Алтанхуяг АН-ын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр, бас үүсээд байгаа асуудлыг бодитоор харж, эв зүйг нь олж намаа нэгтгэж, сонгуульд ялалтад хүргэж чадах нэр дэвшигч байсан юм.

Бүртгүүлсэн 16 нэр дэвшигчийг эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцын Ж.Батсуурь, Д.Пүрэвдаваа, О.Алтангэрэл, Т.Энхсайхан, М.Чимэддорж, С.Эрдэнийн фракц буюу хэрэг дээрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дэмжигчид, түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой Ц.Оюунгэрэл, М.Тулгат, С.Эрдэнэболд, ялалт байгуулахын тулд биш хувийн карьераа өсгөх гэж нэрээ дэвшүүлж байгаа хүмүүс гэж хоёр хувааж болох мэт.

  1. Ц.Оюунгэрэл
  2. О.Цогтгэрэл
  3. Ж.Батсуурь
  4. Д.Пүрэвдаваа
  5. С.Эрдэнэболд
  6. О.Алтангэрэл
  7. Ш.Жандос
  8. Б.Амарсайхан
  9. О.Амартүвшин
  10. М.Тулгат
  11. С.Билэгсайхан
  12. М.Чимэддорж
  13.  П.Мөнхтулга
  14. Б.Отгонбат
  15. Т.Энхсайхан
  16.  Н.Лхагвадорж

АН-ын хувьд дөрвөн жилийн өмнөх даргын сунгаанаасаа авсан “шарх” нь аниагүй байхад дахиад сунгаанд орлоо. Энэ бол “Амь насны заалттай” хагалгаатай яг адил.

АН өнгөрсөн 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсаны хариуцлагаа тооцож, алдаа оноогоо дүгнээд цаш явах ёстой ч тэгж чадалгүй бүтэн найман сар эргэж буцаж, эвдэрч хагарав. Сонгуулийн дараа 2020 оны долдугаар сарын 6-9-нд АН-ын даргын сунгааг зарласан боловч гэнэт цуцалсан. Их хурлаа цахимаар хийсэн ч гарсан шийдвэр, дүрмийн өөрчлөлт нь хүчингүй болсон. Энэ бүхний эцэст Ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирсэн энэ үед намын даргаа сонгох сунгааг дахин зарлаж байгаа нь нохой хамартаа хүрэхээр усч гэдэг л болж байна.

Гэхдээ энэ удаагийн сунгаа ч АН-д сайн юм авчрахгүй л болов уу. Үүнийг дөрвөн жилийн өмнөх АН-ын даргын сунгаа харуулсан.

Тухайн үед АН анх удаа намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгохоор болж орон даяар сунгаа зарласан. АН-ын даргын сунгаанд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдсөнөөс С.Эрдэнэ ялалт байгуулж байв. Алунгоо эхийн эвийн таван сумыг бэлгэдэл болгон атгасан таван нэр дэвшигч АН-ын дарга болохын төлөө орон даяар тойрч сурталчилгаа хийсэн нь өнгөн дээрээ ардчилалтай харагдсан ч цаагуураа жинхэнэ эвдрэл, хагарлын эхлэлийг  тавьсан юм. Уг сунгаа УИХ-ын сонгуулиас ч илүү луйвар, булхайтай болж, мөнгө тараасан, гишүүн бус хүмүүсээр санал өгүүлсэн, бүр зарим газар хайрцагтай саналын хуудсыг нь авч зугатсан гэх мэт сүрхий дуулиантайгаар өндөрлөсөн.

Товчхондоо бол хамгийн их луйвар хийж чадсан нь АН-ын дарга боллоо хэмээн тухайн үед яригдаж байв. Намын даргын сунгаанд оролцсон АН-ын лидерүүд бүгд өнгөрсөн хугацаанд С.Эрдэнээс хөндийрч, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар намаасаа хөөгдсөн. Өнөөдөр АН-д үүссэн хагарал, талцал, хэрүүл тэмцэл бүгд дөрвөн жилийн өмнөх сунгаанаас үүдэлтэй.

Тэгвэл өнөөдөр зарлагдаад байгаа сунгаа ч дээрхээс дутахгүй хагарал АН-д авчрах магадлалтай. Нэр дэвшигчид нь өмнөх сунгаанд оролцогчид шиг хүлээн зөвшөөрөгдсөн, хүчирхэг улстөрчид биш ч гэлээ тооны хувьд гурав дахин олон, тэр хэрээр гишүүд дэмжигчдээ хувааж, талцуулна. Олон нэр дэвшигч санал хувааж, эцэстээ намын гишүүдийн үнэмлэхүй олонхийн санал аваагүй ч, бусдаасаа илүү санал авсан нэг нь л “жаран чавганц”-ын уралдаанд түрүүлнэ. Хүүхэлдэйнүүд нь тайзан дээр ч хөшигний ард жинхэнэ жүжиг нь өрнөнө. Энэ нь намаа улам туйлдуулна. Эв нэгдлийг нь улам сулруулна. Намын даргын сунгаа нь ийнхүү АН-д өөрт нь хүнд цохилт өгнө. Дотор халуунтай, далд шархтай АН Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэсэн үг. Даргаа сонгож чадахгүй байгаа намд төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчээ тодруулах тэнхээ үлдвэл их юм.  

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...