Tuesday, November 26, 2024

Саахалт айлын санаа нэг

Date:

Монгол Улсаас Хятад улсад хандивласан 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ёслол 2020 оны 10-р сарын 22-ны өдөр Эрээн хотод боллоо. Тухайн өдөр эхний 4000 хонийг Эрээн боомтоор Хятадад нэвтрүүлсэн байна. Энэ бол Хятадын ард түмний халдварт өвчний эсрэг ажлыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд хүргэсэн онцгой бэлэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 02-р сарын 27-ны өдөр Хятад улсад айлчлал хийсэн нь Хятад улсад “COVID-19”-ийн халдвар үүссэнээс хойш Хятадад хамгийн анх айлчилж байгаа төрийн тэргүүн болсон байна. Энэ нь Хятадын ард түмэнд маш их урам хайрлаж сэтгэлийн дэм болжээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг юм гэж Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс Х.Баттулга 30 мянган хонь хандивласан нь нэг бөмбөрцөг дээр амьдарч буй дэлхийн бүх улс орнууд хувь заяа нэгтэй байж, хүн төрөлхтөнд тулан ирсэн нүдгүй аюулын өмнө бие биеэ буруутгах биш, харин гар гараасаа хөтлөн бие биедээ тусалж саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах нь зөв гэсэн идэвхтэй эерэг санааг үйл ажиллагаагаараа тодорхойлсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 02-р сарын 27-ны өдөр Хятад улсад айлчлал хийсэн

“Саахалт айлын санаа нэг”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг үг бий. Хаяа дэрлэж хөрш оршдог Монгол Улсын настан буурлаас төрийн ажилтан, хүүхэд багачууд хүртэл халуун гараа сунгаж мөнгө төгрөг, эд бодисоор Хятад улсыг дэмжих буюу урам хайрлан сэтгэлийн дэм өгч байсан нь хоёр орны ард иргэдийн эв найрамдалт харилцаа, гүн итгэлцэл, ойлголцлыг шат ахиулсан. Хятад улс цар тахлын эсрэг тэмцэх бүх арга туршлагаа Монгол Улсад харамгүй хуваалцаж, амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг эд материалаа илүүчлэн тусалж дэмжсэн нь цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хоёр орон харилцан бие биеэ дэмжиж, сайн хөрш сайн түнш гэдгээ харуулсан байна.

Монголчууд үеийн үед таван хошуу малаа маллаж аж төрөхдөө хонийг “Халуун хошуут мал” гэж бэлэгшээдэг билээ. Х.Баттулга ерөнхийлөгчийн Хятад улсад айлчлал хийж халуун хошуут хонь хандивласныг хоёр улсын ард иргэд маш өндрөөр үнэлдэг. Хятадын төв телевизийн албан блогийн байдлаар жишээлэхэд хандалтын тоо 28.98 саяд хүрч, 969 мянган хүн эрхий хуруу гарган урам хайрлаж таалагдсанаа илэрхийлэн, “Монгол Улсад баярлаж байна. Сайн санааны үзүүрт сүү гэдэг. Холын төрлөөс ойрын хөрш дээр… Нөхөрлөл өнө мөнх… Найрсаг хөрш, хамтран ажиллаж хамтдаа хожно” гэх зэргээр 36 мянган хүн үг үлдээж сэтгэлээ илэрхийлэн, 13 мянган хүн шилжүүлэн нийтэлсэн байна. 30 мянган хонь хандивласан үйл ажиллагааг Монголын ард иргэд ч маш өндрөөр үнэлж, газар газраас маш олон малчид хонь хандивлахаа амласан билээ.

Хагас жил гаруйн хугацаанд бүх бэлтгэл ажлаа дуусгаж, хандивын эхний ээлжийн хонийг Замын-Үүдэд 30 хоног тусгаарласны эцэст 10-р сарын 22-ны өдөр Эрээн боомтоор нэвтрүүлсэн байна. Монгол Улсын төр засаг, түмэн олны сэтгэлийг илтгэсэн энэхүү халуун хошуут хонь хандивласан үйл ажиллагааг тэмдэглэхийн тулд Хятадын Филателийн Холбооноос “Монгол Улс Хятад улсад 30 мянган хонь хандивласны дурсгалын марк” тараасан ба хятадууд баримтат кино хийж байна. Монгол Улсын хандивласан 30 мянган хонийг 11-р сарын дунд хүртэл Хятадын хилээр бүгдийг нэвтрүүлж, дахин Эрээн хотод боловсруулан “COVID-19”-ийн халдварын эсрэг эрэлхийлэн тэмцсэн Хубэй мужид тээвэрлэх болно.

Цар тахал хэзээ нэгэн өдөр арилж, үүл мэт толбогүй замхрах болно. 30 мянган хонины онцгой бэлэг Хятад, Монгол хоёр орон ба хоёр орны ард иргэдийн эв найрамдалт харилцааны түүхэнд мөнх тэмдэглэгдэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...