Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өвлийн бэлтгэл ажил хэр хангагдав. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Дархан-Улаанбаатар чиглэлийн өвлийн бэлтгэл ажил, тэр дундаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах дараагийн хоёр урсгалын замын бэлтгэл ажлын төлөвлөгөөг энэ өвөлжингөө хийлээ. Өнгөрсөн намар тендер зарлагдаж, гүйцэтгэгчид тодорсон.
Ингэхдээ Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа замын нэгэн адил таван багц болгож зарласан. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, долоо хоног бүрийн лхагва гариг болгон гүйцэтгэлээ шалгаж байна. Өнөөдрийн байдлаар замын бэлтгэл ажил 80 хувьтай явж байна. Гуравдугаар сарын 1 гэхэд 95, харин гуравдугаар сарын 15 гэхэд 100 хувь болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Ийн ярихаар Дархан-Улаанбаатар чиглэлийн зам 100 хувь ашиглалтад орно гэж ойлгоод байдаг шүү дээ. Аль багцын ажил вэ?
-Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа эхний хоёр урсгалыг шинэчилж байгаа юм. Шинэчилнэ гэдэг нь хуучин замыг нь хуулж, гүүр хоолойг нь сайжруулж шинээр хучилт хийнэ гэсэн үг.
Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх багцын ажил бүр шинээр эхлэх юм. Уг банкных хоёр жилийн гэрээтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил гэрээ байгуулсан. 2023 оны арванхоёрдугаар сард гэрээ дуусна. Иймээс 2023 оны зун гэхэд ажил дуусчих болов уу. Гэхдээ байгалийн гэнэтийн гамшиг тохиолдохгүй бол шүү дээ. “Ковид-19” шиг хөндлөнгийн нөхцөл үүсэхгүй бол ажил цалгардахгүй явна гэсэн тооцоо, төлөвлөгөөтэй байгаа юм.
-Таныг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдож ажлаа хүлээж авахад Дархан чиглэлийн замын ажил ямар түвшинд байсан бэ?
-Ажлаа хүлээж авахаас өмнө би дэд байсан шүү дээ. Гэхдээ Зам тээврийн сайдын тушаал гарч яам дотроо ажлын хуваарилалттай байсан. 2019 онд би хоёр том төсөл дээр голлож ажилласан. Тодруулбал, Зүүнбаян-Таван толгойн төмөр зам болон Налайхын авто замын төсөл дээр ажилласан. Иймээс Дархан чиглэлийн замын төсөлд тэр бүр орж ажиллаж чадаагүй.
2020 оны долдугаар сард Зам, тээвэр хөгжлийн сайдын албыг хүлээж авахад нэн тэргүүний ажил маань Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил байв. Тэр үед хоёр, дөрөвдүгээр багцын замын ажил гацчихсан, мэргэжилтнүүд нь орж ирээгүй, харин нэг, гурав, тавдугаар багцад ажиллах эхний хүч 2020 оны долдугаар сарын 10-нд ирсэн. Харин Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа таван багцын ажил наймдугаар сарын 15-нд эхэлсэн.
Өнгөрсөн онд Улаанбаатараас гарсан 37 км замыг бүрэн хучсан. Гурав, тавдугаар багцын тодорхой хувийг нь хучиж, бүх далангийн ажлыг дуусгасан. Үүнээс гадна дөрвөлжин болон дугуй хоолойн ажил дууссаны дараа буюу арваннэгдүгээр сарын 6-нд зорчих хөдөлгөөнийг нээсэн. Азийн хөгжлийн банктай хамтарч хоёр, дөрөвдүгээр багцад тендер зарлагдсан. Гуравдугаар сарын 20-ны үед тендерийн шалгаруулалт эцэслэгдэнэ.
Үүний дараагаар гэрээ байгуулж, гүйцэтгэгчид орж ирнэ гээд тооцоолохоор тавдугаар сарын 1-нээс хоёр, дөрөвдүгээр багцын ажил эхлэх болов уу. Гэхдээ өнгөрсөн намар Баянчандмань АЗЗА, Дархан АЗЗА компаниудаар хоёр, дөрөвдүгээр багцын 44 км замын далангийн өргөтгөлийг хийлгэсэн. Мөн хуучин хуулсан хэсэгт хусалт хийлгэж асфальт дээр байсан хэсгүүдийн бүх нүхийг бөглүүлсэн.
2020 оны өвөл хөдөлгөөн бага байсан ч “Дугуй хагарлаа, Зам муу байна” гэсэн зүйл гарсангүй. Тэгэхээр ахиц гарсан. Одоо гуравдугаар сарын 1-15-ны хооронд нэг гуравдугаар багцын гүцэтгэгчид ажлын талбайдаа гарна. Долдугаар сарын дундуур хучилтын ажлыг дуусга гэсэн шаардлага тавьж байгаа. Тавдугаар сараас хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчид ажилдаа орчихвол бас учиртай. Гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 1-нд Европын сэргээн босголт хөгжлийн банкны таван гүйцэтгэгч ажлын талбайдаа гарна. Бид газар чөлөөлөлтийн ажлыг дуусгаж өгнө.
-Газар чөлөөлөлтийн ажил хэр түвшинд байна. Гарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?
-Нэгдүгээрт, Дархан-Сэлэнгэ газар тариалангийн бүс нутаг. Манайхан замаас хоёр гурван метрийн зайд тариан талбайн хашаагаа татчихдаг. Угтаа авто замын хуулиар хоёр урсгалыг заагласан замын голоорх тасархай цагаан зурааснаас хоёр тийшээ 50 метрийн зай Зам, тээврийн хөгжлийн яамны эзэмшилд байдаг. Харамсалтай нь салбарын энэ хуулийг орон нутгийн засаг захиргаа үл ойшоон газар олгочихдог. Ийм цөөнгүй хүндрэл гарлаа. Хоёрдугаарт, худалдаа үйлчилгээний объектыг бий болгохдоо замын хажууд байгуулчихдаг. Бараг замаас гарахгүй далангийн шороон дээр зогсож байгаад ногоо, жимсээ худалдаж авахаар байгуулдаг. Үүнийг зайлуулахад нэлээд асуудал гарлаа. Гуравдугаарт, төв суурин газруудад дулааны шугам сүлжээг зам руу ойртуулаад барьчихсан тохиолдлууд байна. Гэхдээ манай эрчим хүчнийхэн сайн ажиллаж байгаа. Өвлийг эс тооцон газраа ухаж хоолойнуудыг шилжүүлсэн. Дөрөвдүгээрт, шилэн кабелиудыг замын трасстай зэрэгцүүлээд тавьчихдаг. Нөгөөхийг нь шилжүүлэх ажил гарлаа. Үүнийг харилцаа холбооны газрынхан тодорхой хэмжээнд хийж байна.
Ажлын явц ахицтай сайн байгаа. Тавдугаарт, холбоо, эрчим хүчний шугам яг замын хажуугаар явж өнгөрдөг. Бид “Энэ зам ирээдүйд дөрөв, зургаан урсгалтай болно” гэдгийг ерөөсөө тооцоохгүй байна. Бүр өндөр хүчдэлийн том багануудаа замын хажууд хийчихсэн нь нэлээд хүндрэл учруулж байна. Гэхдээ үүнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тусалж байгаа. Зургадугаар асуудал нь, мод тарьдаг. Мод тарих сайн. Гэхдээ замын хажуугаар тулгаад мод тарьчих юм. Яагаад замаас 10, 15 метрийн зайд тарьж болдоггүй юм. Тиймээс зам дээр тарьсан модыг шилжүүлсэн.
Засгийн газраас газар чөлөөлөлтөд зарцуулагдах төсвийг шийдэж, орон нутгийн засаг захиргаанд нь өгсөн.
Орон нутгийн засаг захиргаанаас тайрсан модыг шинээр , зөөсөн модныхоо нүхийг ухаж услах, хавар газар гэсэхээр үргэлжлүүлэн ургуулах ажлыг хийж байна. Ийм зургаан нөхцөлтэй хүндрэл гарсан. Үүнээс гадна “Дарханы зам дөрвөн эгнээ болох нь” гэсэн сургаар төвлөрсөн газруудад замтай тулгаж хашаа барьчихдаг. Зарим нэг айлууд нь кадастраасаа илүү гаргаад барьчихсан, зарим нь кадастртай байсан ч газар чөлөөлөлтөд орчихсон байгаа юм. Энэ нь жаахан хүндрэлтэй, маргаантай байсан. Өнгөрсөн жил У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хууль зүй дотоод хэргийн яаманд үүрэг өгч, тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт байгаа айлуудын газар чөлөөлөлтийг сайн хийж өгсөн. Үүний хүчинд газар чөлөөлөлтийн ажил маш ахицтай явж байна.
-Дархан чиглэлийн замын ажилд Хятадаас ажиллах хүч орж ирэх үү?
-Ажиллах хүч гэхээр зам дээр ажиллах гэж байгаа бүх хүнийг Хятадаас орж ирнэ хэмээн буруу ойлгоод байгаа юм. Өнгөрсөн жил нэг, гурав, тавдугаар багцад нийт 32 хятад хүн ажилласан. Тэд бол төслийн удирдагчид, санхүүгийн болон үйлдвэр ажиллуулдаг нарийн мэргэжлийн хүмүүс. Бусад нь дан монгол ажилчид байсан. Энэ жил яг адил явна. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны төсөл нийлээд арван багц болно. Үүний нэг нь Монгол, бусад нь Хятадын гүйцэтгэгч компаниуд шалгарсан. Тэгэхээр энд арван багцын нийт 132 хятад мэргэжилтэн орж ирнэ. Бусад ажилчдаа бид дотоодын туслан гүйцэтгэгчдээс ажиллуулна.
-Дотоодоос гэхээр бас асуудалтай харагдсан. Өнгөрсөн намар замын ажилтай танилцаж байхад зам дээр ажиллах монгол залуус олдохгүй байна гэж албаныхан нь ярьж байсан?
-Өнгөрсөн жил тийм асуудал гарсан. Яг үнэнийг хэлэхэд манайхан бас их хариуцлагагүй. Дархан-Сэлэнгийн район бол газар тариалангийн бүс нутаг. Тиймээс намар наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр нэг хэсэг нь хадлан тэжээлээ хадах, нөгөө хэсэг нь жижиг талбай, хашаандаа тарьсан хүнсний ногоогоо хураах, үлдсэн хэсэг нь үтрэм ургацын талбай дээрх улаанбуудайгаа хураах гээд явчихдаг. Ингээд ажиллах хүчгүй болдог хүндрэл хаа сайгүй байна.
Энэ хавиар би Монголын залуучуудын холбоонд хүсэлт тавина. Зарим Их дууд сургуулиудад ч хүсэлт тавина. Хуучин социализмын үед оюутнуудыг зуны хөдөлмөрийн талбарт ажиллуулдаг байсан. Тэр байтугай арван жилийн хүүхдүүд жилд хоёр удаа 14 хоног ажил хийдэг байлаа. Ингэж хүүхдүүдийг ажлын дөртэй болгодог байсан. Яг үнэндээ одоогийн оюутнууд хүрз барьж үзэлгүй төгсөж байна шүү дээ. Зам дээр нэг ажиллад “хөрс хуулалт гэж ийм юм байна, суурийн далангуудыг ингэж тавьдаг юм байна, хучилтыг ингэж хийдэг юм байна, цементээр бэхжүүлсэн үеийг ингэж тавьдаг юм байна, тоног төхөөрөмж нь ингэж ажилладаг юм байна гэдгийг үзэг, мэдэж аваг.
Мянга сонсохоос нэг үз гэдэг. Ингэж байж сайн инженерүүд гарч ирнэ. Ер нь цаашдаа ХААИС, ШУТИС-ийн уул уурхай, барилга, зам ч гэдэг юмуу, ийм чиглэлээр төгсөж байгаа оюутнуудыг зуны бүтээн байгуулалтад ажиллуулбал тухайн оюутан төгсөөд үйлдвэрт ажиллахад наад захын мэдэгдэхүүнтэй болох юм байна лээ. Тиймээс энэ жил зам дээр ажиллуулах хүсэлт гаргана. Миний бодох нэг хэрэг, сургуулиуд үүнийг хэрхэн хүлээж авах нь мөн өөр асуудал. Болно бүтнэ л гэж төлөвлөж байна.
-Дарханы дөрвөн эгнээ замын хоёр эгнээг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, нөгөө хоёр эгнээг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа. Зам барих гүйцэтгэгчийн тендерийн шалгаруулалтад Засгийн газар оролцдог уу?
-Эцсийн шийдвэрийг дээрх банкууд гаргана шүү дээ. Яам зөвхөн зарлаж байгаа. Гэхдээ тендерийн бичиг баримт, нөхцөлөө банкуудад өгдөг. Банк санхүүгийн байгууллага бүгдийг нь хянасны дараа эцсийн шийдвэрийг яаманд өгнө. Тэрийг бид өөрчлөх ямар ч боломжгүй. Санхүүжүүлж байгаа байгууллага өөрийн дотоод журамдаа тааруулж хийнэ.
Хүнээс юм гуйж байж “Үгүй ээ, энэ компанид өгье” гээд суугаад байж болохгүй. Тендерийн шалгаруулалтыг яамнаас хийгээд “Ийм кмопаниуд оролцлоо, материал нь энэ” гээд өгөхөөр дээрх банкууд эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргадаг. Үүнийг хүмүүс яаманд хэдэн хүн тойрч сууж байгаад хэдэн хятад компаниуд тендер өгчихсөн мэтээр ойлгоод байгаа юм. Нөгөө талаас манай үндэсний авто замын компаниудад нэг дутагдал байгаа нь олон улсын банк санхүүгийн шаардлагыг хангаж чадахгүй байна.
-Яагаад, ямар шаардлагыг нь хангаж чадахгүй байна гэж?
-Хийсэн ажил нь тэдэн сая доллараас дээш байна гэдэг юм уу, эсвэл банкны барьцаанд хоёр сая ам.доллар байршуулна гэхээр тэр мөнгийг нь байршуулах компани байхгүй байна шүү дээ. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны тендерийн нэгдүгээр багцад “Арж капитал” болон “М-Ойл” гэдэг хоёр компани нэгдэж ороод тендерт ялсан. Энэ бол олон улсын том тендерт монгол компани ялж байгаа анхны тохиолдол.
Үүнд би их сайшаалтай хандаж байгаа. Тиймээс Монголын авто замын компаниудад “Та нар олон улсын тендерт гурав дөрвүүлээ нэгдээд баг болж орооч. Өсч томрохоо бод. Үндэснийхээ зах зээлийг хамгаалаач ээ” гэдгийг байнга хэлдэг. Надад хэлэхээс цааш арга байхгүй шүү дээ. Ямар тушаал гаргалтай биш. Цаашид үндэсний компаниуд ийм маягаар ажиллавал их л сайн байна. Энэ бол сүүлчийн тендер биш. Ирээдүйд олон төсөл зарлагдана.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2, 4 дүгээр багцын замыг барих гүйцэтгэгч компани нь гэрээгээ цуцалсан. Үүний оронд ажиллах гүйцэтгэгч компанийн тендер шалгаруулалт зарлагдсан уу?
-Зарлагдсан. Энэ хоёр багцад Шинжаан уйгарын компани шалгарсан байсан. Бид ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. сүүлдээ Азийн хөгжлийн банкинд “Энэ компани чинь ажил хийхгүй байна. Сольж өгнө үү” гэдэг хүсэлт явуулсан. Тэр хоёр компани нь “Бид гэрээнээсээ татгалзъя” гэсэн мэдэгдлийг Азийн хөгжлийн банкинд өгсөн байсан. Ингээд бид тендерийн бичиг баримт боловсруулах ажилдаа орсон. Боловсруулаад Азийн хөгжлийн банк хянаж, тодорхой засваруудыг хийсэн. Үүний дараагаар олон улсын тендер зарлагдсан. Гуравдугаар сарын 15-ны үеэр энэ тендер нь нээгдэх болов уу. Ингээд 45 хоногийн хугацаанд тендер шалгаруулж, мэдэгдлийг нь гаргаснаар Азийн хөгжлийн банк эцсийн хариуг манайд өгнө. Үүний дараа шалгарсан компанитай яам ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулна. Ингээд ажлын талбарт гарна.
-Зам барихаас гадна арчлалтын асуудал чухал. Энэ чиглэлд хэр анхаарч ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн 30 жил хатуу хучилттай авто замыг маш эрчимтэй барьсан Харамсалтай нь бид барьсан замаа арчлах асуудлыг орхигдуулсан. Зам эвдрэх нь хоёр шалтгаантай юм билээ.
Нэгдүгээрт, зам арчлалтад төсвөөс өгдөг мөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй дуусдаг. Өгсөн төсөв нь авто замын засвар арчлалтын (АЗЗА) компанийн хэдэн хүний цалинд явчихдаг. Яг талбайд хийгдэх ажилд хүрэлцдэггүй. Хоёрдугаарт, барихаа урьтал болгоод засах ажлаа хойш тавьчихдаг. Энэ хоёр шалтгаанаас болж сүүлийн 30 жил баригдсан замын арчлалт туйлын хангалтгүй байсан.
Азийн хөгжлийн банкны зээлээр баригдсан замын босоо чиглэлийн замуудаас хэдэн доллар үлдсэн. Түүгээр бид гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмж авахаар Азийн хөгжлийн банкны олон улсын тендер зарлагдсан. 10 жилд хатуу хучилттай зам хоёр см-ээр элэгддэг юм байна. Тэгэхээр 8-10 жил тутамд хоёр см-ийн элэгдлийг нөхөх ёстой. Гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмж нь хялбарчилсан байдлаар зам дээрээ шууд хоёр СМ-ийн асфальтан хучилт хийгээд зузаатгачихдаг. Олон улсын тендер зарлагдаж тоног төхөөрөмж ороод ирэхээр хамгийн өндөр насжилттай зам дээр гадаргуугийн боловсруулалтыг хийнэ.
Монгол Улсад 32 авто замын засвар арчлалтын компани бий. Үүний 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчийнх. Эдгээр компаниудтай онлайн хурал хийх гэж байна. 2021 онд авто замын нүхийг арилгая гэж байгаа. Манайхан хурдны замаар давхиж байгаа аятай явдаг. Тэгээд жижигхэн нүх таарахаар тойрч гарах гээд онхолддог асуудал бий. Нуух юм байхгүй.
Тиймээс энэ нүхнүүдийг бөглөе. Хоёрдугаарт, есөн метрийн өргөнтэй голоороо цагаан зураастай зам байлаа гэхэд гадна талаар нь нэг метрийн шороон далан байдаг. Бороо орохоор шороон дээр ус тогтож доошоогоо шингээд даланг норгочихдог. Ингээд чийгтэй далан дээгүүр даацтай машин явахаар суулт өгч хатуу хучилттай зам хагардаг. Ерөөсөө л эвдрэлийн гол шалтгаан нь энэ. Дээрээс нь тэмдэг тэмдэглэгээ гэсэн гурван зүйлд илүү анхаарч ахиу мөнгө төсөвлөе гэдэг байдлаар бодлогоо гаргаад явж байна.
-Үүнээс гадна “энэ гүүрэн дээгүүр тэдэн тоннын машин зорчино” гэсэн тэмдэглэгээ байдаг ч үүнийг зөрчдөг шүү дээ. Үүнийг яаж засах вэ?
-Хамгийн их даац хэтрүүлдэг зам нь Зам-Үүд-Улаанбаатар чиглэлийн зам. Эрээнээс 50-70 тонн ачаатай машинууд орж ирдэг. Орж ирээд ачаагаа зохицуулсан гэдэг ч нэг гол дээрх даралт 10 тонн байвал 16, 17 тонн болгоод нийслэл рүү явчихдаг. Үүнтэй холбоотой янз бүрийн яриа гардаг. Өөрөөр хэлбэл, хэмждэг газрынх нь хүмүүс наана цаана будлиан үүсгэдэг, зогсоож байгаад шөнө гаргадаг гэдэг хардлагууд олон бий.
Энэ нь ч үнэний ортой. Өнөө өглөө би Авто тээврийн төвүүдтэй цахим хурал хийж Баян-Өлгий, Увс, Замын-Үүдийн Авто тээврийн төвийн дарга нарт даацын хэтрэлтийн асуудлаар ярилцлаа. Хурлаар “Энэ асуудлыг яаж шийдэх, хэрхэн хязгаарлах шийдлээ гаргахгүй бол зам засвар дээр нь нэг ч төгрөг тавихгүй” гэдгээ хэлсэн. Учир нь зам зас гээд хэдэн төгрөг өгдөг. Нөгөө даац хэтрүүлсэн машинууд яваад буцаагаад эвдэлчихнэ.
Ингэж мөнгө үрээд яах юм бэ. Үүнээс гадна энэ долоо хоногт АЗЗА-уудтай хурал хийнэ. Ингэхдээ “Зам засварын төсвийг нь өгнө. Хамгийн түрүүнд замын нүхнүүдээ чанартай бөглө. Хоёрдугаарт, хөвөөнүүдээ тэгшитгэ. Гуравдугаарт, тэмдэг тэмдэглэгээнүүдээ янзал. Удахгүй дулаарахаар шар усны үер болно. Тиймээс дугүй болон дөрвөлжин бүх хоолойнуудынхаа цэвэрлэгээг хий” гэдгийг үүрэг болгоно. Тэгэхгүй бол хог шороонд хоолой нь битүүрчихээд ус нь хуримтлагдаад зам дээгүүр гарчихдаг. Ус ширүүхэн орж ирвэл замын даланг сэт татчихдаг. Ийм хэдэн зүйлийг хийх гэж байна.
-2021 онд Дарханы замаас гадна авто замын томоохон ямар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа вэ?
-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хоёр том суурин газрыг холбосон авто зам давдаг Монголын хамгийн өндөр даваа бий. Энд одоогоор 20 орчим км замын ажил үлдсэн. Үүнийг дуусгах төлөвлөгөөтэй байна.
Мөн Баян-Өлгий аймгаас цааш Цагааннуур боомт руу чиглэсэн 25.8 км хатуу хучилттай авто замыг Азийн хөгжлийн банкны зээлээр хоёр жилийн хугацаатай барина. Ажлаа гуравдугаар сарын 15-нд эхэлнэ шүү гэдгийг боомтын хурлаар Аймгийн Засаг даргад нь хэлсэн. Гуравдугаар сарын сүүлчээр би газар дээр нь очиж ажлын явцтай танилцана. Дээрээс нь Баян-Өлгий аймгийг тойрсон 18.86 км зам бий. AH4 буюу олон улсын чанартай зам Баян-Өлгий аймгийг тойрч баригдаж байгаа. Мөн Ховд голын 200 метр гүүр гэсэн гурван том ажил босоо чиглэлийн авто замд байна. Энэ ажил үргэлжлээд явна.
Харин Налайх чиглэлийн зам энэ жил дуусна. Одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Одоо хоёр дахь хучилт хийгдэнэ. Таван ширхэг явган хүний гүүр баригдана. Хажуугаар нь явган хүний болон дугуйн зам тавигдана. Мөн замын дагуу гарцуудаас бусад бүх газруудад туузан хашлага хийнэ. Ингээд бүрэн утгаараа энэ жил ажил нь дуусна. Гуравдугаар сарын сүүлээс гүйцэтгэгч компани ажлын талбайдаа гарна. Дарханы замаас гадна барьж байгаа томоохон замуудыг дурдвал эдгээр байна. Үүнээс гадна жижиг замын ажил олон бий.
-Засгийн газраас Богдхан төмөр зам төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Үүний судалгаа тооцоолол нь гарсан болов уу?
-Төмөр замын тээврийн хэрэглээ нэмэгдэж байгааг та бүхэн сонин хэвлэлээс уншиж байгаа байх. Өнгөрсөн онд 30 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүний ихэнх нь Улаанбаатар хотын дундуур тавигдсан төмөр замаар явж байгаа. Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж галт тэрэгний тоо олшрох тусам авто болон төмөр замын нэг түвшинд огтлолцсон замуудад тэр хэмжээгээр түгжрэл үүснэ. Тиймээс Улаанбаатар руу орж ирэх ачаанаас бусад бүх ачааг Богд уулын урдуурх замаар явуулна гэсэн төсөөлөл олон жилийн өмнөөс яригдсан.
Зам дагаж хөгжил гэдэг бол зүгээр нэг үг биш. Би ганцхан жишээ хэлье. 1949 онд Улаанбаатараас Сүхбаатар хүртэлх 400 км төмөр зам нээгдэж, Улаанбаатар төмөр зам ашиглалтад орсон. Дараагаар нь 1955 онд Замын-Үүд хүртэл баригдаж, 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол-Хятадын хооронд төмөр замын хөдөлгөөн нээсэн байдаг. Ингээд Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа, Багахангай, Багануур, Чойр, Сайншанд, Улаан-Уул, Замын-Үүд гээд суурьшлын бүсүүд төмөр замаа дагаад суурин газрууд бий болсон.
Тэгэхээр бидэнд ямар оюуны өвчин байна гэхээр хот руу л ороод ирвэл жаргал байгаа мэтээр нэг газар бөөгнөрч байна. Албан бус тоогоор 1.3-1.5 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын бараг 50 хувь нь Улаанбаатар хотдоо шигсэн. Засгийн газраас Улаанбаатарыг тэлэх бодлого явуулж байгаа. Дээрээс нь суурьшлын бүсүүдийн төвлөрлийг сааруулах эх үүсвэр нь Богд уулыг урдуур нь тойрсон 100 гаруй км төмөр замын ажил. Энэ зам нь Рашаант өртөөнөөс салаад Хангай зөрлөг дээр ирнэ. Ногоон толгойгоос Рашаант хүртэлх, Хангай зөрлөгөөс Багахангай хүртэлх замын хэвгийг өөрчилнө. Нийтдээ гар хүрч хийх ажил нь 166 км замын бүтээн байгуулалт байна.
-Ажил нь хэзээнээс хийгдэх вэ?
-Ер нь шахуу төлөвлөгөөтэй. Ерөнхий сайд чиглэл өгсөн. Бид бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж байна. Энд санхүүгийн асуудал хамгийн хүнд байна. Учир нь улсын төсөвт суугаагүй. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авна гэвэл хоёр жил болно. Та бүхэн мэдэж байгаа байх. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил 2019 оны долдугаар сарын 26-нд эхэлсэн шүү дээ. Ирэх зургадугаар сард эхний галт тэргийг явуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл, дэлгэмэл уртаараа 463 км замын бүх гүүр хоолойг хоёр жилийн дотор барилаа. Тэгэхээр 166 км зам барина гэдэг бол нэг их ядаад байх ажил биш. Үндэсний компаниуд ороод өлхөн хийчихнэ. Энд гурван том туннель байгаа. Тэр тунелиүдийг яах вэ гэдэг толгойн өвчин байна. Техникийн шинэчлэлийг хайж байна. Гадныхантай манай Төмөр замын бодлогын газрынхан холбогдож байна. Ямартаа ч бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргаж Засгийн газарт танилцуулна. Бэлтгэл ажил дууссаны дараа зам барилгын ажил ийм хугацаанд явна гэдэг зүйлээ гаргаж өгөх нь бидний үүрэг.
-Ажиллах хүч нь дотоодоосоо юу?
-Тэгнэ. Цэрэг болон үндэсний компаниуд ажиллана. Зүүнбаян-Таван толгойн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги нэгтгэлүүд, Монголын замын 96 компани орж хийсэн.
Монголчууд өөрсдөө 6-8 мянган тоннын жинтэй галт тэрэг явах замыг барьчихсан байгаа биз дээ. Хамгийн урт гүүр нь 202 метр. Өнөөдрийн байдлаар 10 гүүр нь 100 хувийн гүйцэтгэлтэй, бусад гүүр нь 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тавдугаар сарын 15-нд дуусгана гээд сууж байна.
-Гашуусухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил хэр ахицтай явж байна?
-Энэ өвөл тасралтгүй явсан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр замынхан тасралтгүй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 463 км замын 330 км-т нь төмөр замын дээд бүтцээ угсарсан байна. Одоо чигжих ажил үлдэж байна. Цаана нь 133 км замын ажил үлдэж байна гэсэн үг. Зургаан зөрлөг байгаа.
Тухайлбал, хоёр, гурав, зургадугаар зөрлөгийн замын ажил 100 хувь, нэгдүгээр зөрлөгийнх 90, дөрөвдүгээр зөрлөгийнх 20, тавдугаар зөрлөгийнх 95 хувьтай байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, зөрлөг гэдэг нь хэд хэдэн замтай, замуудаа сумаар холбодог, шилжүүлдэг нүсэр ажил. Тавантолгой-Гашуусухайт, Таван толгой-Зүүнбаян төмөр замын ажил өвлийн хүйтнийг үл харгалзан бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ дашрамд, тэнд ажилласан бүх замчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.
-Гашуунсухайтын төмөр зам хилтэйгээ яаж огтолцох вэ?
-Ямар нэгэн асуудал байхгүй. Гадаад яам хил огтлолын цэгээ урьдчилсан байдлаар тохирсон. Одоо эцсийн байдлаар тохирч цаасан дээр буулгаж албажуулна. Үүний дараагаар Монгол-Хятадын 1955 онд байгуулсан төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг Монгол-Хятадын Зам тээвэр, хөгжлийн яам хооронд хийгдэнэ.
Оны өмнө арванхоёрдугаар сарын эхээр БНХАУ-ын Тээврийн яамны сайдтай онлайн уулзалт хийж хоёр талаасаа ажлын хэсэг гаргая гэж ярьсан. Манай яамны ажлын хэсэг гарсан, нэрсийг нь Хятадын тал руу явуулсан. Удахгүй Хятадын талаас ажлын хэсгийнхээ нэрсийг ирүүлнэ. Ингээд хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хоёр талын ажлын хэсэг хийнэ.
-Цариг зөрөх үү?
-Зам-Үүд-Эрээн шиг л гэсэн үг. Манай өргөн царигтай буюу 1520 мм-тай галт тэрэг Эрээн рүү гараад талбай дээр нь ачаагаа буулгасны дараа Эрээний талаас нарийн цариг руугаа шилжүүлээд аччихдаг. Цаанаас ирэх нарийн цариг Замын-Үүдээр орж ирдэг шүү дээ. Нарийн царигаар орж ирсэн Хятадын вагонтой ачааг буулгаад өргөн цариг руу шилжүүлээд ачдаг.
Яг ийм ажиллагаа Ганцмод Гацуусухайт хооронд хийгдэнэ гэсэн үг.
-Шилжүүлэн ачилтын төлбөрийг аль тал нь хариуцах вэ?
-Хүлээж авч байгаа тал хариуцна. Өөрөөр хэлбэл, манайх хүлээж авбал манайх хариуцна. Нөгөө тал хүлээж авлаа гэхэд нөгөө тал хариуцна.
Р.ХИШИГЖАРГАЛ
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2021.02.24