Мал амьтныг олноор нь өвчлүүлж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт 15 өвчнийг ДМАЭМБ-аас гоц халдварт өвчин гэсэн ангилалд багтаадаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хил дамжин халдварлах гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй тайван байна. ДМАЭМБ-аас гишүүн орнуудынхаа шүлхий өвчний албан ёсны статусыг 2019 оны нэгдүгээр сард шинэчлэн гаргасан бөгөөд Аргентин, Болив, Бразил, Колумби, Тайвань, Эквадор, Казахстан, Турк зэрэг улс шүлхийн вакцин тарьдаг бөгөөд эрүүл бүсийг үүсгэсэн статустай байна.
Монгол Улс хил дамжин халдварлах олон улсын худалдааны хорио цээрт шүлхий өвчнөөр тайван байдлаа баталгаажуулах зорилгоор дараахь ажлуудыг хэрэгжүүлж байна.
• Баруун 7 аймгийг гоц халдварт шүлхий өвчингүй, вакцин тарьдаггүй тайван бүс,
• Төвийн бүсийн 10 аймгийг вакцин тарьдаггүй хамгаалалтын тайван бүс,
• Зүүн 5 аймгийг шүлхий өвчингүй, вакцин тарьдаг тайван бүсээр тус тус тогтоон ажиллаж байна.
Баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн газар нутгийг “Гоц халдварт шүлхий өвчингүй, вакцин тарьдаггүй тайван бүс”-ээр хүлээн зөвшөөрүүлэх Монгол Улсын өргөдлийг ДМАЭМБ-ын Газрын амьтны эрүүл мэндийн кодын 1.11.3 дахь зүйлийн дагуу бэлтгэж өргөн бариад байгаа юм. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2021 оны дархлаажуулалтад хамрагдах аймаг, сум, малын тоог тухайн цаг хугацаанд тооцон гаргаж хуваарь, зураглалыг багтаасан тушаал, удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.