Sunday, November 24, 2024

Ц.Нацагдолгор:Соёлын салбар ”Алсын хараа-2050” баримт бичгийг хэрэгжүүлэх асар том үүрэг хүлээн ажиллаж байна

Date:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газрын дарга Ц.Нацагдолгортой ярилцлаа.

-Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд соёлын асуудал эрхэлсэн яамыг шинээр байгуулсан нь “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг урт хугацаанд  хэрэгжүүлэх нэлээд алсын хараатай бодлого гэж ойлгож байгаа. Соёлын яам, Соёл, урлагийн газар хоёр яг ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар товч мэдээлэл эхлээд өгнө үү?

-Өнгөрсөн 2020 онд  Соёлын яам байгуулагдсан нь 24 жилийн дараа соёлын асуудлыг дагнан хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болсон түүхэн үйл явдал байсан. Төрийн соёлын бодлогын асуудал 30 шахам жил орхигдсон байсан алдааг ийнхүү засаж залруулсан нь УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн гол  агуулгыг хэрэгжүүлэхтэй шууд холбогдож байгаа. “Алсын хараа-2050”хөгжлийн бодлогын баримт бичгийн эрхэм зорилгод “үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэсэн….” улс болно гэсэн үг бий. Энэ эрхэм зорилгын хүрээнд юуны өмнө үндэсний нэгдмэл үнэт зүйлийг цогцлоох  ажлыг хийх ёстой. Эхний ээлжинд  төрт ёсныуламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх,  хамтын үнэт зүйлс, эв нэгдлийг бэхжүүлэх, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлж хэвшүүлэх зорилт тавьсан. Мөн соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх  заалт туссан.Тэгэхээр хөгжлийн бодлогын  баримт бичигт туссан асар том энэ агуулгыг  хэрэгжүүлэхээр томоохон  үүрэг, хариуцлага хүлээлгэж Соёлын яам болон Соёл, урлагийн газрыг байгуулсан гэсэн үг.

Салбарын яам шинжлэх ухааны судалгаанд үндэслэн бодлогоо гаргахад манай агентлаг Засгийн газрын бодлогод  туссан соёлын талаарх арга хэмжээнүүдийг зохицуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Соёл, урлагийн газар   анх 2016 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдаад 2017 оноос үйл ажиллагаа нь эхэлж, гурван жил ажилласан байсан. Салбарын яам  байгуулагдсантай холбогдуулан манай агентлагийн өмнө шинэ шинэ зорилтууд бий болж байна. Тухайлбал, соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд нийгэм дэх бүх талын түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, соёлын салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг сайжруулахад улсын болон хувийн соёлын нэгж байгууллага, хувь уран бүтээлчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтыг хийх, уран бүтээлийн чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхэд хүний нөөцийн асуудал , мэргэжлийн ур чадварыг сайжруулахад бодлого зохицуулалтын дэмжлэг үзүүлэх, гадаадад Монголыг сурталчлах, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шинээр буй болж буй соёлын хүрээ тогтолцоотой уялдуулах зэргээр хийх ажил их байна.

-Гуч шахам жил соёлын бодлого алдагдсан гэж ярьдаг. Яамгүй учраас бодлогогүй  байсан гэж ойлгож болох уу?

-Үндэстэн оршин байгаагийн утга учир болсон соёлын асуудлын чиг үүрэг төрийн бодлогод тодорхой хэмжээгээр тусгагдаад явж ирсэн. Номын сан, музей, театр, урлагийн байгууллагууд, хувийн продакшн, хамтлагууд соёлын үйлчилгээгээ үзүүлсээр ирсэн. Гэвч соёлын салбарын  тогтолцоо нь доголдсон байсан.  Тогтолцоог авч явахын тулд бодлого, тогтолцоо,хүний нөөцийн чадавхи хамгийн  чухал. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Номын сангийн тухай хууль гэх мэт хууль, эрх зүйн зохицуулалт байсан. Гэхдээ эзэн биегүй болчихсон байсан гэх үү дээ . Салбарын хавсарга шинжтэй, нэгдсэн бодлого, бодлогын хэрэгжилт доголдолтой. Боловсон хүчний асуудал хаягдсан. Өндөр ур чадвартай мэргэжилтний эзлэх хувь бусад салбартай харьцуулахад маш доогуур. Зарим нэг тоо баримт дурдахад, манай салбарын хэмжээнд эрдэм шинжилгээ судалгааны ажил сул, эрдмийн зэрэг цолтой хүн 5,8 хувь, дипломын болон бакалаврын боловсролтой нь 53 хувь байх жишээний. Мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, нарийн мэргэжлээр мэргэшүүлэх шаардлага их байна. Мөн олон нийтийн соёлын хүлээлтэд хүрч ажиллах том зорилт байна.

 УИХ-аар Соёлын тухай хууль, Музейн тухай хууль, Киноны тухай хуулиуд хэлэлцэгдэж байна. Эдгээр хуулиудаар соёлын  эрх зүйн орчныг  өнөөгийн шаардлагад нийцүүлж, соёлын тогтолцоогоо бэхжүүлж, соёлын хүрээгээ тэлэх, соёлын үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, соёлын бүтээлийг нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулах, хамгийн гол нь монгол хүний нийгэмшил төлөвшлийн асуудлыг онцгой анхаарах нөхцөл бүрдэх юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд эдгээр зорилтыг биелүүлэхэд улсын хэмжээний зохицуулалтыг хийх үүрэг хүлээдэг юм.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  үндэснийагуулгатайинновацшингэсэнсоёлынбүтээлчүйлдвэрлэлийгдэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах заалт тусчээ. Энэ талаар юу хийх вэ?

– Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн соёлын бүтээгдэхүүний ангилал гэж байдаг. Түүнд жишээ нь, ном зохиол,  жүжиг, зураг, дуу, үндэсний агуулгатай гар урлалын бүтээл, интерьер дизайн, хувцасны дизайн, цахим контентзэрэг хүний гараар ухаанаар бүтээгдсэн бүх л зүйл багтдаг.

Засгийн газрын энэ дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж,  эдийн засгийн эргэлтэд оруулах  зорилтууд тавигдсан.

Манайд уран бүтээлчид хувь хувиараа уран бүтээлээ туурвиад явж буй . Зохиолч, зураач, гар урлаачид, дизайнерууд гээд. Соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүртгэл зохицуулалт байхгүй, тэднийг дэмжих дэмжлэгийн тогтолцоогүй байна. Үндэсний хөтөлбөр бий боловч оноосон санхүүжилтгүй өнөөг хүрсэн. Энэ бүхнийг бүртгэлтэй, бүтээгдэхүүний ангилал, зэрэгтэй болгох, орон нутгийн түвшнээс үндэсний хэмжээнд, цаашлаад дэлхий дахинд гарахад ямар дэмжлэг үзүүлэх,  санхүү, эдийн засгийн хөшүүрэг яаж явах гэх мэт олон асуудал шийдлээ хүлээж байна. Хамгийн энгийн  жишээ хэлье.   Үндэсний онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн гэхэд л дэлхийн бусад оронд бол  асар том зах зээл байдаг. Гэтэл манайд хувь хүний сонирхол, оролдлогоос хэтрэхгүй байгаагаас чанарын хувьд өрсөлдөх хэмжээнд очихгүй, тэр ч байтугай урд хөршөөс ирсэн бүтээгдэхүүнд зайгаа тавьж өгсөн байдалтай  байгаа нь нууц биш. Тиймээс үүнд бодлогын дэмжлэг нэг талаас, нөгөө талаас бүртгэл зохицуулалт түншлэл шаардлагатай байгаа юм.

Мөн гадаад, дотоодод соёлын өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монгол улсын соёлын өвийг бүртгэлжүүлэх, цахим болгох, эргэлтэд оруулах гэхчилэн чиг үүрэг нь манай агентлагт оноогдсон байдаг. Зөвхөн түүх соёлын дурсгалт биет өв төдийгүй, ардын язгуур авьяас, оюуны өв соёлыг  тодруулах, бүртгэх, хамгаалалтад авах, түгээн дэлгэрүүлэх, сургах сурталчлах үүрэг хүлээдэг.

Бүх нийтэд соёлын боловсрол олгох асуудал мөн Засгийн газрын хөтөлбөрт туссан байна. Соёлын боловсрол гэж юуг хэлээд байна вэ?

-Соёл гэдэгт юуг хамруулж ойлгох вэ гэхээр өмнөх нийгмийн үед  театр, урлаг, номын сан гэх мэт институчлэгдсэн хүрээгээр тодорхойлж байсан. Харин өнөө цагт дэлхий дахинд соёлыг хүний амьдралын бүхий л хүрээнд асар өргөн утгаар авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл,нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамарна гэсэн үг. Театр, урлаг, номын сан бол соёлын нэг л хэсэг нь. Тэгвэл соёлын боловсролын асуудлыг  гурван түвшинд авч үзэж болно.

Эмперик буюу ахуйн түвшинд авч үзвэл соёлын боловсрол гэдэг нь хувь хүний биеэ авч явах байдал. Дараагийн түвшинд авч үзвэл, хүн бүр нийгмийн эд эс байгаагийнхаа хувьд хүмүүс нийгмийн соёлыг дагах ёстой гэдэг үүднээс яригдана.  Энгийн жишээ хэлэхэд, хүмүүс олуулаа үзвэр үзэж байхад бохь зажлах, шүгэл үлээх зэргээр бусдыг үл хүндэтгэсэн авир ааш гаргах, замын хөдөлгөөний дүрмээ дагахгүй байх зэрэг нь соёл дутагдсаных. Мөн хэл сэтгэлгээний соёл ард түмнийг тодорхойлдог.Монголчууд эрт үеэсээ бие биесээ хүндэтгэсэн, найрсаг сайхан харилцааны соёл, ёс заншилтай ард түмэн.

Соёлын нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их. Хувь хүнийг , нийт үндэстнийг юу тодорхойлж байна гэхээр “соёл “ нь буюу хүмүүжил төлөвшил, зан заншил, үнэлэмж, үнэт зүйлс нь тодорхойлдог. Үүнийг шилжилтийн жилүүдэд бидний туулж өнгөрүүлсэн  түүх харуулж байна. Иймээс ч засаг төр маань үүнийг онцгойлон анхаарч байна.

Нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд төрийн бодлого байхаас гадна хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Жишээ нь, хүүхдэд багаас нь хөгжмийн боловсрол олгож байна гэдэг хүүхэд бүрийг хөгжимчин болгох гээд байгаа юм биш. Багадаа олж авсан тэр гоо зүйн таашаалаар сэтгэл санаагаа засдаг,урлагаас таашаал авч амьдралдаа хөг нэмдэг, өөрийнхөө амьдралын чанарт  өнгө нэмдэг  хүмүүсийг бэлтгэх бодлого явж байгаа юм.

 Монголчууд бүсгүй хүний тэдэн  шинж гээд ярьдаг. Үйлэнд уран байх  шинж гэхэд л хийж буй уран үйлээрээ дамжуулан үндэсний хувцасаа дэлгэрүүлэх, өвлүүлэхийн зэрэгцээ уран хатгамал, зээгт наамлыг хийгээд төвлөрөөд сууна гэдэг бясалгалын нэг хэлбэр байж. Нүүдэлчдийн соёлд амнаас ам дамжиж явдаг ардын аман зохиол, ард түмнийхээ философийг үр хүүхдүүддээ өвлүүлэхэд үгэнд цэцэн эмэгтэйчүүд томоохон үүрэг гүйцэтгэдэг байжээ. Гэтэл бид уламжлалаасаа холдсоор  л байгаа.Манай хүүхэд, залуучуудын хэдэн хувь нь өнөөдөр зүйр цэцэн үгээр ярьж байна вэ? Уран тансаг үг  хэллэг гэдэг   сэтгэхүйг  хөгжүүлж байдаг шүү дээ.

-Нийгмийг соён гэгээрүүлнэ гэхээр соёл, урлагийн байгууллагуудаар дамжуулж гэгээрүүлэхийг хэлээд байна уу, арай өөр утгаар хэлээд байна уу?

-Соёл, урлагийн байгууллагуудаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлнэ гэдэг нэг л утга нь. Өргөн утгаараа бүх монголчуудын амьдралын чанар, сайхан амьдрахтай  холбоотой асуудал юм. Сайхан амьдралын тухай ярихаар  хүний эрх, үүрэг, хариуцлага гэсэн гурван зүйл дээр очдог. Энэ нийгэмдээ сайхан амьдрахын тулд Монголын нийгмийнхээ онцлогт тохирсон эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Бид Америк, Солонгос, Япон хүмүүс биш. Тэгвэл  Монгол гэсэн өөрийн өвөрмөц онцлогтой нийгэмдээ  яаж амьдрах вэ? Нийгэмд хэрвээ зөрчил гарвал  өөрсдийн өвөрмөц онцлогоор яаж даван гарах вэ,олон соёлын нөлөөнөөс өөрсдийн соёлоо яаж хамгаалж үлдэх вэ зэрэг асуултын хариу бидний баялаг өв уламжлалд бэлэн байгаа. Соёлын бодлого гэхээр  өв, уламжлал дээр суурилсан бодлого юм байна, тэр өнгөрсөн баларсан юм хэрэггүй гэж хэлэх хүн ч байдаг нь нууц биш. Гэтэл үндэстнийг тодорхойлдог хэдэн ойлголт байдаг.Монголчуудын амьдрах ухаан буюу аж ахуйгаа авч явах арга хэлбэр, хэл, соёл, түүх, ёс заншил нь дэлхий дээрх бусад үндэстнээс биднийг ялгадаг зүйл. Хөрсөн доороо асар их баялаг өвтэй, нэг хэлтэй, нэг үндэстний  ард түмэн. Монголчуудын өв, соёлын түүхийг дэлхий биширдэг. Дэлхийд манайх шиг долоон удаа бичиг, үсэг зохион хэрэглэж байсан ард түмэн байхгүй. Гагцхүү энэ бүхнээ мэдэж,  суралцаж, соён гэгээрэх л шаардлагатай. Монгол гэдэг үндэстэн үеийн үед оршин байсны баталгаа нь бидний сэтгэлгээний дархлаанд л байсан. Сэтгэлгээний дархлаа соёлоор хамгаалагддаг. Ард иргэдээ соён гэгээрүүлнэ гэдэг нь монгол үндэстний хэл, соёл, сэтгэлгээний дархлааг  бий болгох л юм. Үүний тулд олон салбар түншлэн ажиллах шаардлагатай. Энэ түншлэлийг манай агентлаг хариуцаж хийхээр стратеги бодлогоо гаргаж байна.

-“Цахим орчинд соёл түгээе”, “Цахим орчинд хөг нэмье” гэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Эдгээр нь Засгийн газрын хөтөлбөрт туссан “Цахим соёл” арга хэмжээний хүрээнд хийгдсэн үү?

– Хэдийгээр бид  ковидын амаргүй нөхцөлд ажиллаж байгаа ч хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Соёл, урлагийн газар  хуулиар хүлээсэн чиг үүргүүд, Засгийн газрын  тогтоолыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ  Ерөнхийлөгчийн захирамжийг мөн хэрэгжүүлдэг.  Өнгөрсөн есдүгээр сард Бүх нийтийн номын баярыг Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу зохион байгуулсан. Монгол үндэстэн ном соёлын асар баялаг өвтэй ард түмэн.Номын баярын хүрээнд уран сайхны судлал, шүүмжийг дэмжих, өрх бүр номын сантай болоход уриалах зэргээр ном, соёлын өвөө дэмжих ажлуудыг хийсэн. Дараа нь  МонголынХөгжмийнЗохиолчдынхолбоотой хамтран“Бүх нийтийн хөгжмийн баяр”-ыг нэг сарын хугацаатай зохион байгуулсан. “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийг энэ хүрээнд хийсэн нь өргөн олныг хамарч чадсан.  Ер нь хүмүүс урлаг, соёлын үйлчилгээгээр цангасан байгааг өнгөрсөн хэдэн сар хангалттай мэдэрлээ. Том хэмжээний хөгжмийн бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах  Засгийн газрын тогтоолын дагууМэргэжлийн уран сайхны зөвлөлийг сэргээн байгуулж, энэ жилийн улсын санд худалдаж авах бүтээлийг энэ зөвлөлөөр шалгаруулсан.  Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн “Төгөлдөрхуур, чавхдастхөгжмийннайралдзориулсангурванангитбүтээл” шалгарч, улсын санд худалдан авах ажлыг хийсэн. 

Манай уран бүтээлчид авьяас  чадвараараа  тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон гайхамшигт бүтээл, туурвил хийдэг ч  бүртгэл, судалгаагүй өдий  хүрсэн. Тиймээс уран бүтээлчдийнхээ бүртгэл, судалгааг хийх, дэмжлэг үзүүлэх гэх мэт ажлыг  хийх шаардлагатай. ЮНЕСКО-гийн өмнө манай хүлээсэн үүргүүд ч  байдаг.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Ярилцсан Т.Бүдээхүү

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...