Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм.
Өчигдөр Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг болон албаны бусад хүмүүс Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо болон “Тавантолгой”, “Өлзийт”, “Түргэн”-ий шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллав. Энэ үеэр дээрх хороодын улсын бүртгэлийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон товчоод дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчдад дээрх системийг хэрхэн ашиглах талаарх заавар, зөвлөмжийг өглөө.
Энэхүү системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа алсын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байх юм.
“Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж гарах эрх нь нээгдэх юм. Тиймээс иргэд товчоодоор нэвтрэхдээ биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид өөрсдийн гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж хяналт тавина. Хяналтын үед иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсан дээр хадгалагдаж үлдэх боломжгүй” хэмээн Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ.