Налайх дүүргийн 119-р сургуулийн биологийн багш, биологич Д.Мөнхнаст Тони Виттэний нэрэмжит 2020 оны шагналын эзэн болсон байна. Кэмбриджийн Байгаль хамгааллын сангаас энэ шагналд Зүүн болон Зүүн өмнөд Азийн таван биологичийг шалгаруулж тус бүрийг нь 2,000 паундаар шагнажээ.
Эдгээр судлаачид нь 35-аас доош насныхан бөгөөд Тони Виттэний хамгийн их сонирхож байсан амьтны зүйл, тэдний амьдрах орчны өөрчлөлтийг судлах ажлыг хийж байгаа судлаачид аж. Тухайлбал, манай улсаас шалгарч шагнал хүртсэн биологич Даланнастын Мөнхнастын Монгол орны агуйн сарьсан багваахай, сээр нуруугүй амьтдын талаар хийсэн судалгаа өндөр үнэлэгджээ. Тэрбээр Монгол орны өргөн уудам нутагт агуйд амьдардаг сээр нуруугүй амьтдыг судлах судалгаагаа өргөжүүлэх болно гэдгээ онцолсон байна.
Кэмбриджийн Байгаль хамгааллын сангаас хоёр дахь жилдээ олгож буй Тони Виттэний нэрэмжит шагналыг Монголоос гадна Тайланд, Хятад, Филиппин, Сингапурын судлаачид хүртжээ.