Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулжээ. Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан уг шинжилгээнд нэгдүгээр сарын 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10.009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна.
Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналт, дүүргийн ЗДТГ-ын ажилтнууд зэрэг нийт 300 албан хаагч, ажиллажээ. Иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан бөгөөд тандалт, илрүүлгийн шинжилгээний явц зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй болсон байна. Түүнчлэн Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 16177,6 м² талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн аж.
Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалснаар, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжтой болжээ.
Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Нийслэлийн онцгой комисс болон Баянгол дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.