Мал эмнэлгийн ерөнхий газар өнгөрсөн 2020 онд мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сараас мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд мал эмнэлгийн нэгдсэн системийг 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, 332 сумын мал эмнэлгийн тасаг, 1056 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар /http://vet.certificate.mn/ цахим хаягаар мал эмнэлгийн үйлчилгээ болон мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, төхөөрөх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоо сайжирч, хариуцлагын тогтолцоо бий болжээ.
Үүний үр дүнд мал эмнэлгийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтын системээр дамжуулан мөшгих тогтолцооны дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлж, хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллага баталгаа өгдөг болсон. 2020 онд иргэн, аж ахуйн нэгжид 1056 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар нийт 511651 ширхэг мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар олгож амьд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдаж, анхан шатны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бодит хөрөнгө оруулалтаар дэмжиж ажилласан байна.