Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.
Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам, нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ.
Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Захирамжид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан байна.
ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
№ | ҮЙЛ АЖИЛЛАГАА |
1. | Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа |
2. | Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа |
3. | Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа |
4. | Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа |
5. | Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “МИАТ”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/ |
6. | Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ |
7. | Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа |
8. | Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа |
9. | Банкны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа |
10. | Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /Цагийн хязгаартай/ |
11. | Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ |
12. | Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа |
13. | Оршуулгын үйл ажиллагаа |
14. | Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа |
15. | Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа |
А/1320 тоот захирамжийг бүрэн эхээр нь хавсралт файлаас татаж үзнэ үү.
http://A1320zahiramj_20201222102427.pdf