Манай улсын зам, тээврийн салбарт 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАРТАЙ ярилцлаа.
-Тус салбарт авто замаас гадна төмөр зам, агаарын тээвэр гээд маш өргөн асуудал хамаардаг. Ирэх он жилүүдэд төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийн талаар эхлээд танилцуулах уу?
-Ирэх жилүүд буюу 2024 он хүртэл манай яамнаас том жижиг 135 төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Юуны өмнө, эдийн засгийн коридорыг өргөжүүлэх авто замын дөрвөн томоохон төслийг төлөвлөөд байна.
Азийн авто замын сүлжээний АН-4 буюу Баян-Өлгий, Ховдыг дайрч, Ярант боомтоор Хятад улс руу гардаг зам байдаг. Үүнд Цагааннуураас Улаан байшинтын боомт хүртэлх 25.8 км шороон замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хатуу хучилттай болгох бөгөөд 2022 онд ашиглалтад оруулна. Энэ төслийн гүйцэтгэгчийг шалгаруулчихсан байгаа бөгөөд ирэх хавар ажлаа эхэлнэ гэж төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Өлгий хотыг тойрч гарсан 18.82 км авто замыг барина.
-Яагаад Өлгий хотыг тойруулж байгаа юм бэ. Харин ч аймгийн төвөөр дайруулах нь зөв юм биш үү?
-Олон улсын транзит тээврийн замыг иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй төв суурин газраар дайруулж тавих нь тэдний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй байдаг. Олон улсын стандарт ч тийм юм. Энэ замтай уялдуулан Ховд гол дээгүүр 200 метр урт гүүрийг барина. Эдгээр ажлын нийт өртөг нь 34.6 тэрбум төгрөг байх бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ-ын авто замын хэлэлцээрт тусгасан зам юм.
Хоёр хөрш энэ замаар тээвэрлэлт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. Дараагийнх нь Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км замыг дөрвөн эгнээтэй болгох ажил байна. Үүний хөрөнгө оруулалт нь хараахан шийдэгдээгүй боловч гадаадын зээл, улсын төсөв, концесс гэсэн гурван хувилбараас сонгож, эх үүсвэрийг нь шийднэ.
-Үүнээс наана УлаанбаатарДархан чиглэлийн авто замын асуудал бий. Энэ замыг таван багц болгон барьж байсан ч зарим гүйцэтгэгч нь гарсан. Үүнийг яаж шийдэх юм бэ?
-Улаанбаатар-Дарханы 204.3 км авто замыг АХБ-ны 83 сая ам.доллар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны 127 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгаа юм. Гэхдээ ЕСБХБ-ны санхүүжилтээр одоо барьж байгаа замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөхөөр төлөвлөсөн. Үүнийг 2022 оны эцэс гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн байгаа. АХБ-ны санхүүжилтээр одоо барьж буй замын 2.4 дүгээр багцын гүйцэтгэгч нь БНХАУ-ын Шинжааны компани байсан. Тэд коронавирусийн голомт болсон учраас ажиллагсдаа оруулж ирж чадахаа больсон гэх шалтгаанаар төслийг орхиод гэрээг цуцлахаар шийдээд байна. Тиймээс бид гэрээг цуцалж, хийсэн ажлын нь зураг, хэмжээг гаргасны дараа АХБ дахин тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад ирэх оны гуравдугаар сарын дунд гэхэд ажлыг эхлүүлэхээр хичээж байгаа юм. Дөрөв дэх том төсөл нь НалайхЧойрын уулзвараас Төв аймгийн Баян чиглэлд 58 км авто замыг мөн дөрвөн урсгалтай болгоход чиглэнэ.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлж 2024 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Үүнээс гадна хилийн боомтуудыг авто замаар холбоно. Тухайлбал, Завхан аймгийн Нөмрөг сум дахь Арцсуурь боомт чиглэлийн 199 км авто замыг хатуу хучилттай болгоно. Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтэрийн хилийн боомт руу чиглэсэн 120.85 км авто замын ажил энэ оны есдүгээр сарын сүүлчээс эхэлсэн бөгөөд үүнийг концессоор барьж, 2020 онд дуусгах юм.
Энэ замын үндсэн гол зорилго нь Цагааннуураас Шаамараар дайраад Дархан-Сэлэнгийн замаар газар тариалангийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд чиглэж байгаа хэрэг. Мөн Норовлин, Баян-Уул, Ульхан чиглэлийн 117 км авто зам барина. Энэ нь Монгол-Оросын Засгийн газар хооронд яригдсан асуудал юм. Түүнчлэн Дорнодын Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 126.5 км хатуу хучилттай зам нь монголчуудын маань Манжуурт хүрэх гол гарц болно. Мөн Баянхошуу хилийн боомт хүртэлх 160 км авто замыг барина. Дараа нь Сүхбаатар аймгийн төвөөс Бичигт чиглэлд 77.3, Өмнөговийн Тавантолгойн ордоос Манлай, Ханги чиглэлийн 478 км тусгай зориулалтын авто зам бий. Тавантолгойнх нь мэдээж уул уурхайн эрдэс баялгийг тээвэрлэх бөгөөд концессоор барихаар ажил эхэлсэн. Концесс нь “барих-ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гэдгийг энд зориуд хэлье. Өөрөөр хэлбэл, энэ замыг барихад улсын төсвөөс ямар ч хөрөнгө гарахгүй гэсэн үг.
Өмнөговийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 250 км замыг дөрвөн урсгалтай болгож өргөтгөх бөгөөд хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн, дээрхийн адил концессоор барих юм. Үүнээс гадна тус аймгийн Ханхонгор-ТавантолгойБарууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс Цагаандэл уулын боомт хүртэлх 270 км авто замыг барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эдгээр нь нийлээд 1879 км болох бөгөөд үүний гуравны хоёрыг нь төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах зорилттой байгаа юм. Төслийн үр дүнд экспорт нэмэгдэнэ, хилийн боомтууд руу чиглэсэн аялал жуулчлал хөгжинө, хамгийн гол нь эдгээр замыг барих явцад 3080 түр ажлын байр бий болгох бол ашиглалтад оруулсны дараа 760 гаруй хүн байнгын ажлын байртай болно гэж тооцсон.
-Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал нэлээд хөгжиж иргэд амралт, чөлөөт цагаараа орон нутагт багагүй зорчдог болсон. Бас рашаан сувилалд ч их явж байна. Үүнд зориулаад зам, тээврийг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарах юм билээ. Энэ талаар товчхон танилцуулна уу?
-Тийм. Манайхан байгалийн үзэсгэлэнт газраар гэр бүлээрээ их аялдаг болсон. Иймээс авто машины хөдөлгөөн ихтэй Өвөрхангай аймгийн Хужирт, Төвхөн хийд, Улаанцутгалан чиглэлд 90.1 км хатуу хучилттай авто зам, үүний дотор 220 метр урт төмөр бетон гүүрийг Орхон гол дээгүүр барина. Мөн Баянхонгор аймгийн төвөөс Шаргалжуут руу 54.17 км, Завханы Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 67 км авто замыг хатуу хучилттай болгох юм.
Ирэх жилийн Улсын баяр наадмаас өмнө Тосонцэнгэл, Улиастайн замаас үлдсэн 30 орчим км-ийг хатуу хучилттай болгочихвол 21 аймаг нийслэлтэй ийм замаар холбогдож дуусах болно. Мөн Завхан дахь Донойн нисэх буудлаас Улаагчины хар нуур хүртэлх 74 км, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол, Ихтамир чиглэлийн 63 км замыг барьж, Дашинчилэн-Орхоны замыг МөрөнТариалан чиглэлийн замтай холбоно.
Өнгөрсөн онд барьж эхэлсэн нийслэлийн Багануур дүүргээс Мөнгөнморьт чиглэлийн 60 км замыг 2022 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож хөгжүүлэх Засгийн газрын зорилттой холбогдуулан Жаргалтхаан, Өмнөдэлгэр болон бусад сум, байгалийн үзэсгэлэнт газрыг холбосон 290 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулах юм. Мөн Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг дахь болон бусад аялал жуулчлалын цогцолбор, газрыг хооронд нь холбосон 128 км авто замын ажлыг эхлүүлж, 1026 км-ийг нь ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Бас хөдөлгөөний эрчим ихтэй, хүн ам шигүү суурьшсан, газар тариалан, үйлдвэрлэл түлхүү хөгжсөн сумуудыг аймгийн төвтэй нь холбох зам барилгын ажлыг ирэх дөрвөн жилд эхлүүлж, 35-40 сумыг холбож амжуулах зорилттой байна.
Энэ нь 3.5-4 метрийн өргөн, хөнгөн хучилттай зам байх юм. Үүнийг “Нутгийн зам” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
-Авто замын тухайд 21 аймгийг нийслэлтэй, хилийн боомтууд, зарим сумыг аймгийн төвтэй нь холбож дуусгах юм байна. Эдийн засгийн ач холбогдол өндөртэй, стратегийн гэж хэлж болох төмөр замын бүтээн байгуулалт цаашид хэрхэн өрнөх вэ?
-Эхлээд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах хоёр төслийн талаар ярья. Эхнийх нь “Богд хан” төмөр замын төсөл бөгөөд үүнийг АХБ-ны техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэх юм. Техникийн туслалцаа гэдэг нь эргэж төлөгдөхгүй хөрөнгө гэсэн үг. Төслийн ТЭЗҮ-ийг 2023 онд боловсруулж дуусгана. Дараагийнх нь Баруун босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ байна. Энэ нь Арцсуурийн боомтоос Шивээхүрэн хүртэлх 1270 км урт төмөр замын төсөл юм. Тува /Оросын/ орчим хэдэн тэрбумаар хэмжигдэх коксжих нүүрсний орд газар илэрснийг та бүхэн мэдэх байх. Оросууд үүнийг олборлоод Хятадад хүргэх хамгийн хямд өртөгтэй тээвэрлэлт нь Монголын нутгаар дайруулан төмөр зам тавих явдал юм. Үүнийг дагаад тус төмөр замын орчимд 70- 80 км-ийн тойрогт байгаа манай уул уурхайн орд ч эдийн засгийн эргэлтэд орж, улмаар энэ бүс нутаг хөгжинө гэж харж байгаа юм. Одоо барьж байгаа ТавантолгойЗүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг ирэх онд дуусгана.
Өнөөдөр энэ замыг “УБТЗ”-ынхан уламжлалт механик аргаар, тэдэнтэй хамтраад Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчид гар аргаар тавьж байна. Санхүүгийн хувьд УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” асуудлыг шийдэж байгаа юм. Анх 3.4 их наяд төгрөгөөр төмөр замыг босгоно гэж “Мак энд Си” компанийн хийсэн ТЭЗҮ байсан бол одоо урьдчилсан тооцоогоор 1.4 их наядад багтахаар байна. Үндсэндээ 1.2 сая ам.доллараар нэг км төмөр замыг барьж байна гэсэн үг. Үүнд үндэсний компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцож, монголчууд өөрсдийн хүчээр барьж байгааг бахархахгүй байхын аргагүй юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 204.1 км төмөр замын ажил энэ оны гуравдугаар сараас эхэлж, маш эрчимтэй явж байна. Үүнийг 2022 онд дуусгаснаар Тавантолгой-Зүүнбаян, ТавантолгойГашуунсухайт чиглэлийн 1680 км төмөр зам бүрэн ашиглалтад орно гэж тооцож байгаа юм. Үүнээс гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 433 км төмөр замын ажлыг ирэх дөрвөн жилд эхлүүлэхийн хамт Хөөтөөс Чойбалсан, Бичигт хүртэлх төмөр замын ажлын суурийг тавихаар төлөвлөсөн. ЗүүнбаянХанги чиглэлийн 281 км төмөр замыг гол магистралийн үргэлжлэл болгож барихаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Монгол, Оросын Засгийн газрын 50:50 хувийн хөрөнгө оруулалтаар 2024 онд барьж дуусгах юм.
Энэ замыг ашиглалтад оруулснаар Замын-Үүд болон Эрээний нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ, эргэлт сайжирна, экспортын хэмжээ өснө гэж тооцсон. Учир нь, Бугатын хүнд үйлдвэрүүдэд нийлүүлэх коксжих нүүрсний тээвэрлэлт хурдан, богино замаар очих боломж бүрдэх юм. Төмөр замын дээрх төслүүдийг хэрэгжүүлэх явцад 19 мянга орчим түр ажлын байр бий болгож, ашиглалтад орсны дараа 7000 шахам хүн байнгын ажлын байртай болно гэж тооцсон байдаг.
–Сайхан сонсогдож байна. Авто зам барихад өдий төдий хөрөнгө зарцуулдаг ч түүнийг олон жилийн насжилттай байлгах нэг чухал ажил нь засвар, арчлалт гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ их чухал асуудал. Замын сангаас жилдээ 25-30, өнгөрсөн жил 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Монгол Улсын хэмжээнд 32 авто зам, засвар арчлалт /АЗЗА/-ын компани байдгийн 12 нь хувийнх байгаа юм. Тиймээс төрийн өмчит 20 компанийнхаа техник, тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд баруун бүсийн авто замыг хариуцсан АЗЗА компаниудын дунд төвлөрсөн нэг хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Цаашдаа төв болон зүүн бүсэд ч байгуулах юм. Мөн ажиллагсдын мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэхээр Налайх дахь МСҮТ-ийг түшиглэн Сургалтын бааз байгуулж, дулааны улиралд замчид маань жаахан зав чөлөөтэй байхад нь сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Ер нь замын арчлалт, засварт анхаарвал зохих хэдэн зүйл л байдаг юм.
Үүнд, замын нөхөөсийг цаг тухайд нь хийх, хөвөөг байнга арчлах, замын тэмдэг, тэмдэглэгээг тогтмол тордох, ус зайлуулах хоолойн хамгаалалтын хэсгийг сайтар хийх, бөглөрлөөс урьдчилан сэргийлж тухай бүр цэвэрлэж байх гээд гол ажлууд байна. Харамсалтай нь, үүнд зарцуулах хөрөнгө мөнгө хангалтгүй байгаа байдлыг шинэ шатанд гаргахаар төлөвлөсөн. Уг нь шинээр зам барьсны дараа 5-7 жил тутамд гурван см орчим хучилт хийж байвал замын насжилт уртсахад эерэг нөлөөтэй гэх стандарт байгаа юм.
Тиймээс ирэх жилээс бүх замыг үгүй юмаа гэхэд 70-80 км замд хөнгөн хучилт хийж байх зорилго тавиад байна.
-Авто замын тээвэр, ложистикийн чиглэлд анхаармаар байдаг. Тэнд ч мөн хүн /жолооч/ ажиллаж байгаа шүү дээ?
-Үүнд ч анхаарна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд холимог тээврийн, Шивээхүрэн боомт дээр чингэлэгтэй тээврийн урт болон богинын, Улаанбаатар хотын баруун, зүүн захад холимог тээврийн зэрэг ложистикийн гурван төвийг байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн зүүн хэсэгт Баян зөрлөг дээр “Туушин” компани газраа авч, төслөө хийчихсэн, ирэх оны аравдугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлэх гэж байна. Дараагийн нэг асуудал нь Сэлэнгэ, Булган, Орхон, Замын-Үүд, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэрт авто вокзал, зорчигч тээврийн буудал байгуулахаар төлөвлөсөн.
Үүнд улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн хосолсон түншлэлийг түлхүү ашиглана гэж бодож, тооцоолж байгаа юм. Жишээ нь, манай авто тээврийн салбарт олон жил ажилласан Гавьяат тээвэрчин Ганболд гуай Ховд аймагт өөрийн хөрөнгөөр авто вокзал барьж байна. Бид энэ хүнтэй хамтран ажиллахаар ярилцсан. Ийм бодит санал санаачилга байвал яамны зүгээс хамтран ажиллаж дэмжихэд бэлэн байгааг энэ ташрамд хэлье.
Өөр нэг ажил нь авто зам дагуух 100 км тутамд амралтын талбай, 200 км-ийн хооронд үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөж байна. Ялангуяа цогцолбор байгуулахад төр оролцохгүй, хувийн хэвшилд суурилах бодлого барина. Үүний нэг жишээ нь, манайхны сайн мэдэх Улаанбаатар, Дарханы дунд байрладаг “Урьхан” үйлчилгээний цогцолбор төв юм. Яамнаас А.В.С гэсэн гурван зэрэглэлтэй стандартыг баталж өгнө. Энэ нь авто машин, зорчигчдын хөдөлгөөний эрчмээс хамаарсан зэрэглэл байх юм. Тухайлбал, хөдөлгөөний эрчим багатай газарт тийм том цогцолбор байх шаардлагагүй. Унтаж амрах цөөн тооны өрөө, хооллох газар, дугуй нөхөх зэрэг наад захын үйлчилгээтэй байхад л болно. Хамгийн гол нь тэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх пункт заавал байх шаардлагатай гэсэн стандарт тавих юм.
-Агаарын тээвэр хүн бүхэнд хүртээмжгүй ч ирэх дөрвөн жилд төлөвлөсөн ажлаасаа товч дурдана уу?
-Энэ салбарт гурван зүйл төлөвлөсөн байгаа. Үүнд, ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэхдээ байнгын болон түр ажиллагаатай хөөрч буух зурвас, нисдэг тэрэгний талбайг 96 байршилд байгуулна. Энэ нь онцгой байдал, эмнэлгийн шуурхай тусламжийн үед ашиглах зориулалттай байх юм.
Мөн бага оврын агаарын хөлгийн засвар үйлчилгээний 20 төв бий болгоход улсын төсвөөс 3.6 тэрбум төгрөг зарцуулна. Чойбалсан, Ховд, Мөрөн хотод нисэх онгоцны буудлыг нь олон улсын зэрэглэлд нийцүүлж өргөтгөхөөр төлөвлөсөн. Яагаад гэвэл, Чойбалсан, Ховдын дээгүүр олон улсын нислэгийн агаарын зам дайран өнгөрдөг юм. Тиймээс бид олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу ямар ч онгоц нисэж буух зурвастай байх ёстой. Бидний авч байгаа новигацын орлого нь онгоцны нөөц буудлаа сайн найдвартай болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай тоног төхөөрөмжөө байнга сайжруулахад зарцуулах учиртай байдаг.
Одоо тэр хөрөнгийг зориулалтаар нь ашиглах нь чухал гэсэн бодлогыг барьж ажиллана. Мөн аялал, жуулчлалын чиглэлээр нисэх онгоцны буудлыг, түүний дотор Хэнтийн Өндөрхаан, Дадал, Увс аймгийн Цагаан дэглийн буудлыг гадаад, дотоодын аялагчдыг хүлээж авах зорилгоор өргөтгөж шинэчлэх болно. Түрүүнээс хойш та бид хоёрын ярьсан 49 томоохон төслийг 23.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм.
Үүний 19 төсөл буюу 2.4 их наяд төгрөгийг улсын төсвөөс, бусдыг нь гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, концесс, төрийн өмчит компанийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ эдний дотор “барих-шилжүүлэх” нөхцөлтэй нэг ч концесс байхгүйг төгсгөлд нь онцолмоор байна.
Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин. 2020.11.18.