Улсын хэмжээнд “Мал, мах” нэгдсэн арга хэмжээ аравдугаар сарын 25-наас эхлэн 45 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Энэ арга хэмжээний хүрээнд аймгуудад хяналтын цэгүүд байгуулан мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч, ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж байна. Тухайлбал, Хэнтий аймагт 7 суманд 7 хяналтын цэг байгуулж Мал эмнэлгийн тассгийн эмч, мэргэжилтэнгүүд жижүүрлэн, хяналт тавьж ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор зохион байгуулж буй “Мал, мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах талаар олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын хяналт шалгалтын нэгдсэн пост ажиллах бөгөөд иргэд мал эмнэлгийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж явсан, эсхүл гэрчилгээнд заагдсанаас илүү толгой мал, мах тээвэрлэсэн зэрэг тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ тооцох болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Малчин айл, өрх, ченжүүд мал эмнэлгийн гэрчилгээг тухайн сумынхаа мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнээс авах бөгөөд уг мэргэжилтэн малыг зурагжуулан “Мал эмнэлгийн нэгдсэн систем”-д бүртгэн цахимд оруулснаар замын хяналт шалгалтаар тээвэрлэн яваа мал, махыг уг цахим системтэй тулгалт хийж, иргэдийг чирэгдүүлэлгүй шуурхай үйлчлэх боломжтой юм.
Зөрчлийн тухай хуулиас:
13.5 дугаар зүйл.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих 1.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчиж:
1.1.Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан;
1.2.Тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно