Г.СОНИНБАЯР
“АНХНЫ НӨХӨРСӨГ ШОГИЙН МИНЬ ЭЗЭД НАМАЙГ ХЭМХ НҮДСЭН”
…Хаа яваа газраа олонд инээд наргиа бэлэглэж явдаг түүнийг анх харсан хүн хөдөөний хээ шаагүйхэн эр гэж бодмоор. Айраг эргүүлж, найр наадам хэсч дэвэн дэлхийн онигоо, паян ярьсан шиг гуларч явдаг тийм хэнэггүй эрс байдаг даа. Яг л тийм төрхтэй. Харин уулзаж яриад сэтгэлийг нь уудлах юм бол тэрбээр маш нарийн мэдрэмжтэй, их ухааны эр гэдэг нь мэдэгдэнэ. Хөнгөн инээд наргианыхаа цаана нийгэм, цаг үе, хүмүүсийн болохгүй бүхнийг түншиж, тоншиж, егөөдөж суудаг нэгэн. Зарим нөхөд түүний нөхөрсөг элэглэл, шог зургийг хараад өөрийг нь шоглочихсон байхад мэдэхгүй элгээ хөштөл инээж суудаг гэх. Өөрөө өөрийгөө шоолж, муу муухайгаасаа инээж сална гэдэг хошин шогийн гэгээн чанар бизээ.
Тэр гэгээн инээдийн эзэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды билээ.
…Мань эр бүр багадаа, Дэлгэрхангай сумын бага сургуулийн хоёр гуравдугаар ангид байхдаа л нөхөрсөг шог зураг зурж эхэлжээ. Тэр үеийн хэллэгээр бол “улаан онц” сурдаг хэнхэг хүү байж. Зураг зурдаг болохоор сургуульдаа ханын сонин санаачлан гаргаж ч байж. Нэг удаа тэрхүү ханын сонин дээрээ гурван сурагчийг матарлаж зурах болов гэнэ. Ариун цэврийн хувьд базаахгүй, бөөстэй, хиртэй хоёр хүүхэд, бас айлын боорцог хулгайлсан нэг хүүхдийн зургийг зурахыг Таахай Дашзэвэг гэж багш нь сурагч Байдыд даалгах нь тэр.
Ингээд боорцог хулгайлсан хүүхдийн хүзүүнд нь боорцог зүүлгэж зураад, бөөстэй хүүхдийн энгэрт том бөөс явж байгаагаар зурж орхижээ. Тэгсэн өнөө нөхөрсөг шогийн эзэн гурван “сайн эр” Байды хүүг барьж аваад хэмх нүдсэн гэдэг. Багш нь зураачаа өмөөрч нөгөө гурвыг мөн зодоод, гурвалжин дөрвөлжин юм болж байжээ. Ийнхүү анхны нөхөрсөг шог зургийнхаа эздээс алганы амт үзсэн ч зураг зурах хорхой нь дарагдсангүй. Хүн дууриаж зурахаас ч хаширсангүй. Тэр ч байтугай өнөө Дашзэвэг багшийгаа харж байгаад зурж орхиж. Гэтэл багш нь “Багш хүнийг зурж болдоггүй юм” гээд модон заагуурын амт үзүүлж, бүр сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж байв. Ирээдүйн нэрт зураач Байды ингэж анхны “шагнал”-аа авсан гэдэг юм.
…Нэг удаа шинэ жилийн өмнөхөн Ц.Байды ахтай уулзлаа.
-Тан руу утсаар ярихад баахан хүний толгой зурж байна гээд байсан. Ямар учиртай юм бэ?
-Ах нь сая шинэ жилээр 100 гаруй хүний толгой зурлаа. Сүүлдээ гарын судас зангирч бүдүүрээд хөндүүр болчихоод байна.
-Нөхөрсөг шог зурсан хэрэг үү?
-Тийм. Жил бүр л шинэ оны босгон дээр ийм ажилтай болчихдог юм. Найз нөхөд, дүү нар гуйгаад л нөхөрсөг шог зуруулдаг.
-Хүний царай төрхөөс гадна зан ааш, дотоод сэтгэлийг илэрхийлж гаргана гэдэг хэцүү биз?
-Амар юм гэж хаа байхав дээ. Азаар миний зурсан зургууд бүгд эзэнтэйгээ адилхан болдог юм шүү. Би бага сургуульд байхаасаа нөхөрсөг шог зурж эхэлсэн хүн.
Ийн өгүүлээд тэрээр нуг нуг хөхөрнө. Нөхөрсөг шог зургийн мастер гэвэл түүнийг л хэлнэ. Нөхөрсөг шогууд нь цаанаа л донжтой, дотортой. Нэгэн эр Байды ахад ихэд саймшран “Та миний зургийг зураад өгөөч” гэж гэнэ. Байды ах мань эрийг нэг гүйлгэж харснаа “Чи өөрөө л шог зураг байна шүү дээ” гэсэн гэдэг. Шог зургууд нь ч гэсэн дандаа нэг “юм” хэлнэ. Социализмын үед нэгэн шог зурагтаа дээшээ дарга нарт алтан хошуу хүргэж нүүр тал олдог нэгэн хурган даргыг яг дүрээр нь, нүд, шүдийг нь дурайтал гаргаад зурчихсан гэдэг. Хүмүүс өнөө зургийг нь хараад шууд л таньж, хэн гуай байна гэж байжээ. Үнэнийг бийрээрээ зоригтой илчилж явсан ийм жишээ Байды ахад олон.
…Түүний байгаа газар инээд наргиан, егөө дөгөө өрнөж, их говийнхны үдийн цай мэт даргилж байдаг нь гайхалтай. Ц.Байды ах нэгэн үе “Улаанбаатар таймс” сонины амралт чөлөөт цагийн дугаар “Хүрээ хэмнэл” сонинд шог зургийн тусгай нүүр бэлддэг байлаа. Түүний ирдэг өдрийг манайхан тэсч ядан хүлээнэ. Ц.Байды ах ч сонин буух өдрийн өглөө эрт хуучны хар дипломат цүнхээ бариад, том далбагар хар бүрээ донжтойхон тавьчихсан намалзтал алхсаар орж ирнэ. Түүнийг ороод ирэхэд л редакцынхан пирхийтэл инээлдэх шахам угтана. Хүнийг их бага, сайн муу гэж голохгүй. Дадлагын оюутныг ч оюутан гэж голохгүй яриа хөөрөө дэлгээд суучихна. Дөнгөтийн Цоодол ах тэр хоёр нийлчих юм бол барагтайхан хошин шогийн тоглолт үзсэнээс хамаагүй дээр юм л болно. Онигоо, болсон явдал ярих, хүнийг цаашлуулж явуулахдаа хоёр хашир гарамгай. Тэгж наргиан даргиан болж суугаад л нэг мэдэхэд сонины нүүр дүүрэн шог зураг, “Хүрээ Даадай” цувралаа зурж орхино.
ЗУРААЧ БИШ ЗОХИОЛЧ БОЛОХООР ШИЙДСЭН НЬ
…Байды ахыг багад ээж нь бурхан болж, тэрбээр аавынхаа гар дээр хүн болжээ. Төрсөн ах нь Увс аймагт трактор комбайны курс байгуулагдахад жолооч, орчуулагчаар очиж ажилласан тул мань эр ахыгаа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд очиж тэнд дунд сургуулиа дүүргэсэн гэдэг. Тэр үеэс шүлэг зохиол их бичдэг болжээ. Ирээдүйд зохиолч болно гэсэн бат итгэлтэй. Өөрийх нь дурссанаар “үзсэн дуулснаа эрээчээд” л байж. Шүлэг бичихийн зэрэгцээ зураг зурна. Зурсан зурагнуудаа цонхон дээрээ гадагшаа харуулаад өлгөчихдөг байсан гэж байгаа. Сумын төвийнхөнд гайхуулах гэж байгаа нь тэр. Бичсэн зохиолуудаа сонин хэвлэл рүү явуулдаг, даанч тэр нь хэвлэгддэггүй байсан гэдэг. Харин цэрэгт алба хааж байх үед нь түүний бичсэн юмнууд хэвлэгдэж эхэлжээ. Их бууны тусгай дивизионы цэргийн клубын зураач шинэхэн цэрэг сонинд шүлэг, найраглал нь гарахад бөөн баяр бололгүй яах вэ.
Тэрбээр дандаа л цэргийн холбогдолтой зураг зурна. Клубт нэг ор тавьчихсан, хоол зөөлгөж идээд л хэвтэж байдаг цэрэг байв. Бас дивизионыхоо ХЗЭ-ийн үүрийн дарга гэж байгаа. Нэг удаа Чапаев сэлмээ далайгаад цагаан морьтой давхиж яваа зураг зурсан чинь ангийн захирагч, штабын дарга хоёр нь их магтжээ. Тэгэхээр нь дарга нарыгаа сайхан зантай байгааг далимдуулаад Октябрийн баярын парадад жагсах зөвшөөрөл гуйв гэнэ. Гэтэл ёслолын парадын үеэр яг индэрийн өмнө явж байгаад урд талынхаа цэргийн өсгийг гишгээд хөглөжээ. Зураг зурахаас өөр юм хийдэггүй цэрэг чинь аргагүй шүү дээ хэмээн Байды ах өөрийгөө “зөвтгөх”. Удалгүй “Коммунизмын суурь”, “Оргил тийшээ” гэх мэт шүлэг, “Хуурддаг барилддаг хоёр” гэж найраглал нь “Улаан од” сонинд гарч байлдагч Байды магнай хагартал баярлаж, бас тэрүүхэндаа маадгар алхах болов гэнэ. Дараахан нь “Улаан од”-д шог зургуудаасаа ч хэвлүүлж. Тэгсэн чинь шүлэг, зохиол нь хэвлэгдэхэд юм ярихгүй байсан цэргүүд шог зургийг нь их магтсан гэдэг. Зургуудыг минь авчирч өгөөд л, баяр хүргээд л. Гэтэл байлдагч Байды болохоор зохиолч болно гээд л зүтгээд байжээ. Тэгж байтал “Улаан од” сониныхон зураг өг гэхээр нь баахан зураг зураад өгсөн чинь бүгд хэвлэгдэж. Хүн болгон л тэр зурагнуудад нь ам сайтай байв.
“Тэгээд л би гэнэт тэнэг ухаандаа бодлоо. Зохиолоос илүү зурагнууд минь хүнд хүрч байгаа юм байна гэж. Сургуульд явах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Хөөцөлдсөөр байгаад сургуульд явсан даа” хэмээн Байды ах нэгэнтээ дурссан.
Цэргээс халагдсан шижигнэсэн залуу эрийн сэтгэл зүрхийг татсан тэр сургууль нь тухайн үеийн ЗХУ-ын Москвагийн Строгановын нэрэмжит уран зургийн академи байв. Тус академид тэрбээр суралцаж төгсчээ. Тэнд байхдаа шог зургийг системтэйгээр, ухамсартайгаар судалсан байна. Оюутан ахуй цагтаа Орост гарсан Францын Жан Эффел, Жан Кордан, Германы Буттнер гэх мэт олон мундаг зураачийн үзэсгэлэнг үзэж нүд тайлжээ. Строгановын академи хэдийгээр уран зургийн академи боловч Байды ахын хувьд шог зургийг маш их сонирхож судалсан байна. Ер нь ямар ч уран зургийн сургуульд шог зураг заадаггүй. Тэгэхээр энэ бол тухайн хүний авьяас, мэдрэмжийн л асуудал ажээ. Сонгодог урлагийн арвин баялаг сан хөмрөг, түүх намтар бүхий Орос гүрэнд уран зургийн сургуулийг төгссөн залуу зураач шог зургийн төрөлд хүч сорьсон нь чухам л түүнд байгалиас заяасан өгөгдөл, авьяас мэдрэмжийн хэрэг байв. Гэхдээ Байды ахыг хүн бүхэн шог зураач л гэж хардаг. Харин түүний байгалийн сэдэвт уран зургуудыг нь үзэх юм бол ямар ч хүний төсөөлөл, мэдрэмж 180 хэм өөрчлөгдөнө. Цаг үе, нийгэм, улс төрийн сэдэвт хурц дайчин шүүмжлэлт шог зургуудыг зурдаг Байды зураач байгалийн тансаг мэдрэмж, гоо сайхныг амилуулдаг гарамгай мастер гэдгийг мэдэх хүн нь мэднэ. Тэр ийм л олон талтай уран бүтээлч.
“МИНИЙ ХИЙЖ ЧАДАХ ХАМГИЙН АМАРХАН ЮМ ШОГ ЗУРАГ ЗУРАХ”
Ц.Байды ах бид хоёр дахиад л хөөрөлдлөө. Тэрээр далан насны давааг аль хэдийнэ давсан ч бийр, будаг нийлүүлсэн хэвээрээ. Нийгэм, цаг үеэ шүүмжлэлтэйхэн нүдээр харж шог зураг, таталбараа хийсээр л. Цэвэгийн Байды хэмээх энэ эрхмийн цэцэн шогийг өнөөгийн энэ дүлий нийгэм ойлгож, мэдрэх эсэх нь бүү мэд. Гэхдээ тэр бүхнийг үл тоон Байды зураач зурсаар л байна. Хошин шог байгаа газарт эрүүл нийгэм оршин тогтноно гэдгийг тэр мэднэ. Ингээд олныг үл нуршин бяцхан хөөрөлдөөнөө сийрүүлье.
-Уран зураг, шог зургийн аль нь хэцүү вэ?
-Тэр нь илүү гэх аргагүй. Гэхдээ шог зураг бол их хэцүү. Мэдээж уран зургийн авьяасгүй хүн шог зураг зурна гэвэл тамын ажил болно. Би залуухан “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа шог зураг зурна гэдэг их хэцүү эд гээд хурал дээр хэлчихсэн юм. Тэгсэн “Тоншуул”-ын ерөнхий эрхлэгч Г.Дэлэг гуай “Чи дандаа шог зураг зурж байхдаа яадаг юм. Н.Цүлтэм, Ү.Ядамсүрэн, Г.Одон, Д.Амгалан гээд мундаг том зураачдаар шог зураг зуруулна” гэлээ. Гэтэл тэр томчуудын хэн нь ч зураагүй.
-Таны хувьд шог зурах зурах хэцүү юу?
-Би шог зураг зурах гэж тийм их мэрийж байсан удаагүй. Надад бурхнаас заяасан ямар нэг юм байж таарах нь. Одоо миний хийж чадах хамгийн амархан юм шог зурах зурах. Санаагаа л олчихвол зурах амархан.
-Тэгвэл шог зургийн амин сүнс юу вэ?
-Миний дүгнэснээр шог зургийг уран зохиол ялангуяа яруу найрагт дөртэй, шүлгийг мэдэрдэг хүн сайн зурдаг. Мэдээж тэр хүн уран зургийн авьяастай байх хэрэгтэй. Шог зурагт уран санаа их чухал. Тэр нь яг л шүлэг шиг орж ирдэг. Оросын “Крокодил” сэтгүүлийн уран сайхны ерөнхий редактор В.Г.Мочалов, зураач А.Крилов, Г.Оградников, В.Тильмань, С.Тунин гээд миний сайн найз нар бий. Эд бол мундаг шог зураачид. Тэд ганц зүйлийг ярьдаг. Шог зургийг бодож олдоггүй. Аяндаа санаа нь нисч ирдэг. Гэхдээ хэн дуртай хүнд нисч ирдэггүй гэж хэлдэг юм. Тэгэхээр шог зурагт санаа маш чухал.
-Зохиолчид онгод орлоо гэж ярьдаг. Зураачдад тийм онгод байдаг уу?
-Нэг түүх ярья. Би залуухан байхдаа ээлжийн амралтаа аваад Дундговийн Сүм Хөх бүрдийн амралтад амарсан юм. Харандаа ч үгүй, үзэг ч үгүй явсан. Тэнд очоод идэж уугаад л, зугаалаад л сайхан амарч ядаргаагаа тайлсан. Зургийн тухай юу ч бодоогүй. Харин хотод ирээд долоо хоног тарчилсан. Ухаан санаанд юу ч ордоггүй. Арайхийж нэг зургийн санаа олж түүнээ зурж байхад дараачийн санаа сэрхийтэл ороод ирсэн. Түүнээс хойш би хаа ч явсан харандаа, дэвтрээс салахаа байсан. Хүн муу юманд амархан дасдаг юм билээ. Өөрийгөө дайчилж зурсан зураг заавал “юм” болдог.
-Та зураг зурахгүйгээр амьдарч чадах уу?
-Хамгийн дургүй зүйл тань?
-Миний хамгийн дургүй, эрүүл мэндийг хамгийн их доройтуулсан зүйл бол “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгчээр хэдэн жил ажилласан, цэрэгт байхдаа ХЗЭ-ийн үүрийн дарга байсан энэ хоёр юм. Дарга байна гэдэг маш хэцүү. Би даргын ажилд угийн авьяасгүй хүн. Хуралд суух ч дургүй. Шал хэрэггүй, дэмий юм яриад л. Түүнийгээ батлаад л, онгирцгоогоод байхыг нь яана. Хамгийн худал ярьдаг хүн л тэнд амжилт олно.
-Яг одоо ямар зураг зурах сан гэж бодож байна вэ?
-Өнөөгийн нийгэм тэр аяараа шог зургийн сэдэв. Монголын төр уг нь их бат бөх, хатуу чанд байсан. Одоо тун хэврэг болж. Төрийн ганхаж хугаршгүй алтан багана нь хятадын хөөсөнцөрөөр хийсэн багана болжээ. Энэ тухай зурах гэж бодоод л явна. УИХ-д төрийн түшээд хоорондоо хэрэлдээд л. Ярьж байгаа зүйл нь шал хэрэггүй юм. Нэг хүнийг ажлаас нь хална, халахгүй гэж зунжин маргалдлаа. Цаана нь эх орон хэцүүдлээ. Цианит натрид, бас архинд хүмүүс хордож байна. Монгол улс үндэсний аюулгүй байдал, төрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарахгүй бол болохгүй нь ээ. Үүнийг зурмаар байна. Улстөрийн сэдэвтэй үзэсгэлэн гаргадаг ч юм билүү гэж бодоод байгаа.
-Ингэхэд та зурсан зургуудаа тоолж бүртгэж үзсэн үү. Шог зургаас гадна уран зураг, хөрөг их зурсан биз?
-1978 оны үед л нэг тоолсон. Тэгэхэд 5000 гаруй зураг байсан. Одоо тоймоо алдсан биз. Уран зураг мянга хол давсан байх. Би нэгэн цаг үед амьдарч туурвиж байсан, одоо ч байгаа бүх зохиолчдын нөхөрсөг шогийг зурсан. Түүнийгээ ном болгох гээд, зурагнаас гадна тэдгээр зохиолчдын тухай өөрөө юм бичих санаатай байтал ардчилал, зах зээл гараад чадалгүй өнгөрсөн.
-Нөхөрсөг шогийг хэр хурдан зурдаг вэ?
-Дотно таньдаг хүнээ зурах их амархан. Харин Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн зургийг зурах гэж гурав хонож байсан түүхтэй. Түүний зургийг “Утга зохиол” сонинд гаргах болоод хоёул уулзлаа. Уулзсаных гэж архи уугаад, тэгээд Пүрэвсүрэнг зурах гэтэл согтуу хүн чинь шал дэмий харагдаад болдоггүй. Маргааш нь шартаад хэрэг алга. Нөгөөдөр нь шар тайлах хүн ч олдохоо байж, сүүлдээ архи ч гарах нь тэр. Тэгээд Пүүжээг зурсан. Тэр зураг их адилхан болсон доо. Түүнээс хойш зохиолчид надаар зургаа зуруулъя гэхээр нь би, надтай гурван өдөр архи уувал зурж өгье гэж цаашлуулдаг байлаа.