Японы мэргэжлийн сүмод шуугиан тарьж мэдэх нэгэн монгол бөх тодорч байгаа нь Хокүсэйхо Ариунаагийн Даваанинж. Тэрбээр энэ сарын башёд өвдөг шороодолгүй долоо давснаар санданмэ зиндаанд түрүүллээ. Өнгөрсөн гуравдугаар сард мэргэжлийн сүмод хөл тавьсан А.Даваанинж долоодугаар сард жоникүчи зиндаанд, есдүгээр сард жонидан зиндаанд өвдөг шороодолгүй түрүүлж, арваннэгдүгээр сард санданмэд дэвшин барилдаад мөн түрүүлж байгаа ажээ. Ингэснээрээ тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндаанд дараалан түрүүлсэн тав дахь сүмоч болжээ.
Ирэх оны нэгдүгээр сард Хокүсэйхо А.Даваанинж макүшита зиндаанд дэвшин барилдана. Түүний хувьд мэргэжлийн сүмогийн доод гурван зиндаанд гурван башё дараалан өвдөг шороодолгүй түрүүлж 21 даваад байгаа бөгөөд нэгдүгээр сарын башёд энэ амжилтаа үргэлжлүүлэн тасралтгүй 27 давбал шинэ дээд амжилт тогтоох юм.
Хокүсэйхо А.Даваанинж 2001 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд арав хоногийн өмнө 19 нас хүрчээ. Тэрбээр таван настайдаа Японы Хоккайдод очиж суурьсан, тус улсын иргэншилтэй юм байна. 2 метр өндөр, 158 кг жинтэй залуу сүмоч Их аварга Хакүхо М.Даваажаргалын харьяалагддаг “Мияагино” дэвжээний бөх юм.
Санданмэд түрүүлснийхээ дараа Хокүсэйхо А.Даваанинж “Тэмцээний өмнө дасгалуудаа сайн давтаж, бэлтгэлээ базаасан. Их аварга Хакүхо М.Даваажаргал “За энэ тэмцээнд ч гэсэн хичээнэ шүү” гэж хэлж урам өгсөн. Дараагийн зорилго өвдөг шороодолгүй 27 дараалан давсан амжилтыг эвдэх. Мөн жоникүчид байхдаа өмнөө тавьсан нэг жилийн дотор сэкитори болох зорилго маань ч хэвээрээ байгаа. Макүшитад хүчтэй, том бөхчүүдтэй барилдах тул сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.