ЭМЯ, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь вирус судлалын лабораторид нийт 1305 хүнд шинжилгээ хийснээс 21 шинэ тохиолдол илэрсэн байна.
Шинэ тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотод, 19 нь Сэлэнгэ аймагт, нэг нь Дорноговь аймагт, дөрөв нь Дархан-Уул аймагт илэрчээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 40 тохиолдол бүртгэгдээд байгаа бол Сэлэнгэ аймагт 71, Дорноговь аймагт 17, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 17, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Ийнхүү улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 608 болж, үүнэээс 56 хувь буюу 337 нь эдгэрчээ.
Одоо ХӨСҮТ-д нийт 254 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүн хүнд, 41 хүн хүндэвтэр, 220 хүн хөнгөн хэлбэртэй байгаа аж.
Кластер буюу дотооддоо илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын 801 хүнийг илрүүлэн тусгаарлалтын арга хэмжээ авч, шинжилгээнд хамруулжээ. Мөн хоёрдугаар хавьтлын 7528 хүнийг илрүүлж тогтоон, мөн тусгаарлалтад хамруулж, шинжилгээ авчээ. Дотоодод халдвар авсан иргэдийн 52 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байгаа аж. Тиймээс хэрвээ халдвар тархсан байж болзошгүй үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн, хавьталд орсон байж магадгүй гэж үзэж байгаа бол шинж тэмдэг илрээгүй байсан ч сайн дураар шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-наас анхаарууллаа.