Японы мэргэжлийн сүмогйн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башё Токио хотноо 15 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. Башёгийн 14 өдрийн дараах байдлаар дээд зиндааг озэки Такакейшо 13 даваа нэг унаатай тэргүүлж, комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, хоёр унаатайгаар нэхэж байгаа юм. Өнөөдөр башёг тэргүүлж буй дээрх хоёр бөх барилдана. Хэрвээ Тэрүнофүжи өвдөг шороодвол Такакейшо түрүүлнэ. Харин эсрэгээрээ Тэрүнофүжи давах юм бол хоёр бөх нэмэлт барилдаан хийх юм.
Дээд зиндаанд барилдаж байгаа монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр учраагаа давснаар 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж, ирэх оны нэгдүгээр сард зиндаа өгсөх боломжтой боллоо. Тэрбээр энэ сард маэгаширагийн баруун жигүүрийн зургаад эрэмбэлэгдсэн юм. Маэгаширагийн 16 дахь бөх Чиёошомо Г.Мөнхсайхан өчигдөр учраагаа давж мөн найм дахь даваагаа авснаар 50-иас дээш хувийн амжилт үзүүлжээ. Хоошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар даваа унаа тэнцүү яваа бөгөөд өнөөдөр давсан тохиолдолд найм давж 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх юм.