Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлээс хамгаалах талаар Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтээ үндсэн сэдвээс ялигүй гажсан нэгэн асуудлыг хөнджээ. Төрийн тэргүүн “Гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургүйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг” сануулсан байв. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж, гадаадын улс орон, донор байгууллагуудаас ирүүлсэн хандив тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнах нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулна гэж Ерөнхийлөгч үзжээ.
Цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэж байгаа юм. Цар тахалтай холбоотойгоор иргэд, олон нийтээс цугларсан хандивыг хэрхэн зарцуулж байгааг Гадаад харилцааны сайдын мэдлийн тусгай сангийн зарцуулалтаас харж болно.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд Улсын онцгой комиссоос 300 сая төгрөг төвлөрүүлсэн юм байна. Энэ хөрөнгөөс 171 424 700 төгрөгийг нь зарцуулаад байгаа ажээ.
Уг мөнгөний дийлэнх нь хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаад цар тахлын улмаас хөл хоригдсон Монгол Улсын иргэдийн тусгаарлах байрны зардалд зориулагдсан бөгөөд гадаадын улс оронд нас барсан иргэдийнхээ шарилыг эх оронд нь авчрахад мөн тодорхой хэмжээний мөнгө зарцуулжээ. Гадаад харилцааны яамны хувьд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлж, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байгаа юм байна.