Номын сан бол хүн төрөлхтний соёлын нэгэн гайхамшигт өв, оюуны үйлчилгээ юм. Гэхдээ энэ нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагддаггүй. Аль ч улс оронд номын сан хүүхэд багачууд тоглож наадах, мэдлэг олж авах, боловсрол эзэмших газар болж байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт байгуулагдсан хүүхдийн номын сангуудаас шилдэг тавыг нь танилцуулж байна.
- “Миний модон байшин” Сингапурт хүүхдүүдэд зориулсан дэлхийн анхны “ногоон номын сан” байдаг. Унших, боловсрол эзэмих хүсэл эрмэлзэлтэй хүүхэд багачуудын оюун санааны орчин, хамгийн аюулгүй газар нь номын сан. Тиймээс номын сангийн дизайн маш чухал. Сингапурын “My Tree House” буюу “Миний модон байшин” номын сангийн хувьд хамгийн эрүүл, чанартай материалаар баригдсанаараа онцлог. Тус номын сангийн гэрэлтүүлэг, дахин боловсруулсан материалар хийсэн номын тавиур зэрэг нь тус номын сангийн нэг өнгө төрх. “Миний модон байшин” номын санд нийт 15 мянган ном байдаг бөгөөд дийлэнх нь хүрээлэн буй орчны тухай мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн номууд аж.
- “Библо Тойен“
Ослод нийтийн номын сангийн бүх дүрмийг зөрчсөн нэгэн номын сан бий. Энэ нь хүүхдүүдэд зориулсан номын сан “Biblo Tоyen” юм. Уг номын сан зөвхөн хүүхдэд зориулсан орон зайг бий болгосон бөгөөд тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн тохилог орчин, өвөрмөц үйлчилгээг бүрдүүлсэн байдаг гэнэ. Номын сан дотор хувилж олшруулж, байршил тогтоодог дронууд эргэлдэж байдаг бөгөөд кассны ширээг нь чип системээр сольсон байдаг аж. “Библо Тойен”-д зөвхөн ном унших бус хөгжим сонсож, жүжиг үзэж, лего барилга барьж тоглож болно. Энэхүү гайхамшигтай номын сан нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шилдэг үйлчилгээтэй орчин гэдгээрээ алдартай.
- Нинос Конарт
Соёл, архитектурын гайхалтай зохицол, газарзүйн байршил, өвөрмөц өв соёлын тусгал болсон хүүхдийн номын сан Мексикийн Монтеррей хотод бий. Мексикийн гурав дахь том метроны бүс болох Монтеррей нь үзэсгэлэнтэй уулс, аж үйлдвэрийн хүчирхэг төвөөрөө алдартай. Тус хотд байрлах хүүхдийн номын сангийн номын тавиурууд нь тоглоомын талбайтайгаа нэг байхаар шийдлийг нь гаргасан байдаг бөгөөд энэ нь бүх насны хүүхдүүдэд зориулсан орон зай юм.
- Аюулгүй газрын сан
Бирмийн асрамжийн газрын өнчин хүүхдүүдэд зориулсан номын сан шилдгийн жагсаалтад багтдаг. Энд ном, тоглоом аль аль нь бий. Норвегийн архитектурын ангийн оюутнууд алдартай профессороор удирдуулан энэхүү номын санг барьж байгуулсан байна. Тэд уг байгууламжийг хүрээлэн буй орчинд нь нийцүүлэхэд гол анхаарлаа хандуулжээ.
- Илжиг хөлөглөсөн “Библиобурро”
Соёлын үйлчилгээ хүрэх аргагүй зэлүүд хязгаар нутагт илжиг хөлөглөсөн номын сан очдог байна. Энэхүү номын санг “Библиобурро” гэх бөгөөд Колумбийн бага сургуульд багшилдаг Луис Сориано гэгч эр санаачилжээ. Түүний эрхэм зорилго нь хамгийн захын хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ном хүргэх явдал бөгөөд Альфа, Бето хэмээх хоёр илжигнийхээ хамт тэрбээр 20 жилийн турш явуулын номын сан ажиллуулжээ.