Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Symphony II” хөгжмийн номыг “Б.Шарав сан”-гаас эмхэтгэн гаргажээ. ОХУ-ын алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн “Тэнгэрийн симфони” буюу Хоёрдугаар симфонио хөгжмийн зохиолч Б.Шарав Улаанбаатар хотноо 1987 онд зохион байгуулагдсан “Алтан намар” хөгжмийн наадамд анх удаа эгшиглүүлсэн түүхтэй. Улмаар 1988 оны тавдугаар сарын 22-нд тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотод зохион байгуулагдсан 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолчид оролцсон “Ард түмний энэрэнгүй үзэл, энх тайван, найрамдлын төлөө” олон улсын хөгжмийн III их наадмын хүрээнд энэхүү симфонийг Литвийн филармонийн симфони найрал хөгжим, Ленинград хотын М.Глинкийн нэрэмжит найрал дуучид Литвийн Урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Гинтарас Ринкявичусын удирдлагаар эгшиглүүлжээ. Тус наадамд оролцогчдоос Америкийн хөгжмийн зохиолч Жон Адамс, зөвлөлт Гүржийн хөгжмийн зохиолч Гия Канчели, Монголын хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлийг онцгойлон нэр дурдаж өндөр үнэлсэн байдаг. Нийт 5 хэсгээс бүрдэх энэхүү симфони нь өрнийн сонгодог дэг жаягаас холдон одсон, үндэсний сэтгэлгээний өвөрмөц нэгэн бүтээл болсон юм.
Симфонийг бичих зохиогчийн ерөнхий хандлага (концепц) нь өрнийн сонгодог сонатын хэлбэрийг, зөрчилт симфонизмын үндсийг даган дуурайх бус хүн төрлөхтний сонгодог хөгжмийн оргил болсон симфони гэх төрөл зүйлийг, түүний илэрхийлэмжийг монгол хүний оюун санааны ертөнцөд цоо шинэ “нээлт” болгон буулгаж ирснээрээ Б.Шаравын уран бүтээл нь Монголын хөгжмийн урлагт онцгой ач холбогдолтой хэмээн үнэлэгддэг. Нийт 21 минут 40 сек үргэлжилдэг уг симфони нь Л.Бетховены Есдүгээр симифонитой эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үүлсэх байгаль ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа дэлхийн хэмжээний бүтээл билээ.
Ташрамд сонирхуулахад өнөөдөр суут хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр 1952 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд мэндэлжээ.