Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ: “Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарлаа.
Мөн Алтанбулагийн боомт дээр УОК-ын гишүүд очиж ажиллаж байгаа. Тус боомт нь хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан тодорхой шийдвэр гаргахаар бэлтгэж байгааг хэлье.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар манай улсын ургац хураалтын ажил 95 хувьтай байгаа бол мах бэлтгэх ажил эд эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Ямар нэг хомстол бий болох нөхцөл үүсээгүй. Гэхдээ цаашид эрсдэлт нөхцөл байдал буюу дотроо халдвар тархсан нөхцөлд хүнсний хангамж нөөцийн байдал ямар байгааг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй.
УОК-оос ямар нэг хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүйг онцлоё. Учир нь олон нийтийн сүлжээгээр ийм утгатай мэдээлэл, хэлэлцүүлэг өрнөж байна.
Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархаагүй тул өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй. COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйлгүй” гэв.