Дэлхий дахинаа цахим технологийн хөгжил эрчээ авч, салбар бүр үйл ажиллагаагаа цахимжуулахад онцгойлон анхаардаг цаг үед бид амьдарч байна. Тиймээс энэ удаа бид улсдаа анх удаа газар тариалангийн салбарт хиймэл дагуулыг нэвтрүүлсэн, радио спортын гавьяат тамирчин Ч.Чадраабалыг онцоллоо. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаар ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу томилолтоор явах үеэрээ улсын хэрэгжүүлж амжаагүй байгаа дижитал газар тариаланг хэдийнэ ажил хэрэг болгосон Ч.Чадраабалынхаар зочиллоо.
Тэрээр 2005 оноос “Арвин хур” хэмээх компани байгуулан улаанбуудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангаж байна. Тэдний компани усалгааны системтэй учраас ургац алдах айдасгүйгээр тариалалт хийхийн сацуу хиймэл дагуулыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ аймагтаа төдийгүй улсдаа анхдагч гэдгээрээ онцлогтой болжээ. Мөн Австри, ОХУ-аас элит сортын үр авчран буудай тариалж, чанартай сайн үрийн гурилаар олон нийтийг хангахын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа олон мянган тариаланчдад үлгэр дуурайлал үзүүлж байгаа юм. Энэ талаар Ч.Чадраабал “Манай улсад буудайн сайн сортын үр дутагдаж байна. Тиймээс улсдаа хамгийн сайн чанарын үрийг үржүүлэх нь бидний зорилго юм. Энэ жил ОХУ-ын Новосибирская-31, Австрийн Грани, Арабелла гэсэн гурван төрлийн сортоор үржүүлж, маш сайн ургац авсан. Улсын дээд амжилт нэг га-гаас 65-70 хувь байдаг бол энэ жил манай компани 85-90 хувийн ургац авсан нь нэгдүгээрт услалтын системийн, хоёрдугаарт шинэ технологи нэвтрүүлсний үр дүн юм. Услалтын бүх тохиргоог хийдэг системийг Улаанбаатарт байгаа операторууд ажиллуулдаг. Бид уриншгүй технологийг үйл ажиллагаандаа 100 хувь нэвтрүүлсэн. Ингэснээр нэг га-гаас 95 центр хүртэл ургац авах боломж байгааг харууллаа. Харин газраа хагалаад уринш хийгээд 50-60-аад оны технологиор яваад байхаар ургацын хэмжээ буурч байгааг бид харсан” гэж ярьсан юм. Тэрээр 90-100 хоногийн хугацаатай үр авчирсан учир наймдугаар сарын 10-наас ургацаа хурааж эхэлж, аравдугаар сард бүрэн хурааж дуусчээ.
Саяхныг хүртэл хиймэл дагуулыг “тэнгэрийн” юм шиг, зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг зүйл мэтээр төсөөлдөг байлаа. Гэтэл улсын маань нэг аймгийн жирийн нэг суманд 60 гарсан тариаланч хиймэл дагуулыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хөрсний үржил шим, ургацын явцыг гэрээсээ хянаж, тухайн жил авах ургацынхаа хэмжээг урьдчилан тооцоолчихсон сууж байх нь гайхширмаар байв. Зураач мэргэжилтэй, тариаланч, радио спортын гавьяат тамирчин Ч.Чадраабал шинэ технологийг нэвтрүүлэх гэж 10 орчим жил тууштай ажиллажээ. Үүнийхээ үр дүнг хүртэн дэлхийн бусад газрын тариаланчидтай хамтран технологио сайжруулахаар хичээн ажиллаж байна.
Дэлхийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөс Монгол хоцроогүй
“Хиймэл дагуул ашиглаад хөрсний чийгшил, үр шимийг шинжилж, ургацын хэмжээг тогтоож байна” хэмээн дэлгэц рүү заагаад “Энэ тод ягаан хэсэг манай тариалангийн талбайн хамгийн их үржил шимтэй хөрс гэсэн үг” гэж Ч.Чадраабал шинэ технологио бидэнд танилцуулав. Дэлхийд газар тариалангийн салбарт технологийг анх 2009 оноос нэвтрүүлж, 2017 он гэхэд энэ салбарт дижитал технологи бүрэн дүүрэн нэвтэрч, газар тариалангаа ухаалаг болгоно хэмээн бүх улс орон ярьдаг болсон юм. Энэ талаар “Арвин хур” компанийн программист, төслийн ахлагч Э.Мөнхбат “Хиймэл дагуулыг газар тариаланд ашигласнаар хөдөө аж ахуйн статистик мэдээллийг өдөр бүр авах боломжтой. Тухайн газар тариалангийн хөрсний чийг, шим тэжээлийн байдал, хортон шавьж, тариалангийн талбайн нөөц боломжийг тодорхойлох боломжтой. Хиймэл дагуулаас авсан бүх зураглалыг хэрэгжүүлсний үндсэн дээр яам, Засгийн газар иргэдээ мэдээллээр хангаж болно. Монголоос манай компани оролцсон дэлхийн 37 орны агротехнологи дээр суурилсан баг шинэ технологийг 2020-2035 онд газар тариаланд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэж ярьсан юм. Үүнээс гадна шинэ технологийг нэвтрүүлэхэд болон ургацын хэмжээ буурахад мал аж ахуй саад болж байгаа учир газар тариалангийн бүс дэх мал аж ахуйг төрөөс зохицуулах шаардлагатайг бидний нийтлэлийн зочин онцолж байлаа.
Радио спортын Дэлхийн таван удаагийн аварга
Монголдоо анхдагч ухаалаг газар тариаланг хөгжүүлсэн Ч.Чадраабал газар тариаландаа шинэ технологи нэвтрүүлэх үндэс нь түүний хоббитой холбоотой аж. Гадаад кинон дээр гардаг тагнуулын ажилтнуудын нууц мэдээллээ солилцдог өрөө шиг олон янзын төхөөрөмж байрлуулж, ханаараа дүүрэн дэлхийн болон Азийн тэмцээнүүдээс авсан өргөмжлөл өлгөсөн энэ өрөө бол Ч.Чадраабал гуайн хоббигоо хэрэгжүүлэх орон зай нь аж. Тэрээр радио спортоор долдугаар ангиасаа хичээллээд 50 гаруй жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд таван удаа дэлхийн аварга, арав гаруй удаа Азийн аварга болж, гавьяат тамирчин алдар хүртсэн юм. Энэ тухайгаа “Дэлхийд 10 орчим сая хүн хичээллэдэг энэ спортдоо би маш их хайртай. Одоо ч ажлынхаа хажуугаар хийж байна. Тагнуулч болох багийн мөрөөдөлдөө хөтлөгдөөд анх радио спортоор хичээллэж эхэлсэн. Олон технологийг судалж, техник сэтгэлгээг суулгадаг хүний хүмүүжилд маш чухал спорт юм. Энэ хоббиныхоо ачаар Номхон далайн бүх орныг үзсэн. Явж үзээгүй газар байхгүй. 500-600 хүнтэй арал дээр очиход хүртэл миний танил байдаг. Ямар ч жижиг хот, Африкт ч очсон надад найз байдаг нь энэ спортын гавьяа” хэмээн бахархалтайн аргагүй ярилаа. Amateur Radio (ham radio) буюу сонирхогчийн радио спорт орон зай үл хамааран, интернет, гар утас ашиглахгүйгээр хоорондоо харилцаж мэдээлэл сонирхдог нэг төрлийн хобби юм. Энэ спортоор хичээллэсэн техник технологийн өндөр мэдлэг, аль ч орны иргэнтэй харилцаа холбоотой байдаг нь түүнийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, үүнийгээ ажил хэрэг болгох эхлэлийг тавьсан аж. Бидний сурвалжлах баг түүний хөдөлмөрч, шинийг санаачлагч занг биширсээр, энэ шинэ технологийг бусад компаниуд хурдан нэвтрүүлээсэй гэсэн хүсэлд хөтлөгдсөөр буцсан юм. Хөгжил гэдэг улсын нийслэлд бус хөдөө суманд ч байдаг гэдгийг Ч.Чадраабал үйл хэрэг бидэнд нотолсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин