Өтгөн шаргал тариан түрүү халиурсан өргөн Сэлэнгэ нутагт намаржаа тавлаг сайхан байна. Ургацын талбайд нь хүчит техник хүнгэнэн, тариаланчид цаг наргүй ажилласаар. Цасны түрүүч хаялсан учир алтан шар тал аль хэдийнэ мөнгөн цагаан дэлээрээ гоёж эхэлжээ. Монгол Улсынхаа үр тарианы 50-60 хувийг хангадаг Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч зон ургацаа хураан авч, өвлийн бэлтгэлээ базаан сууна. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн зарим нэг газарт бага зэрэг оройтож байгааг эс тооцвол үндсэндээ шувтарч байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хэллээ. Ерөнхийдөө алтан түрүү халиуран найгасан амгалан шаргал тал, хөндийд аварга комбанийн дуу тасраагүй байна. Ажилч хичээнгүй сэлэнгэчүүд ч өглөөн нарнаас үдшийн бүрий тасартал ургацаа хураасаар.
Намрын шар нар ээсэн бямба гаргийн өглөө эртлэн Сэлэнгэ нутгийн Түшиг сумыг зорилоо. Хуучнаар Зэлтэр хэмээн мэдэх билээ. Улсын анхны сангийн аж ахуй үүсэн бий болж байсан тус сум атар газарт амуу тариа, арвин ургац тариалж эхэлснээсээ хойш 61 дэх жилтэйгээ золгож байгаа аж. Алтан тариан түрүү найгаж, ажил амьдрал буцалсан хувьсгалын өлгий Сэлэнгэ аймаг байгалийн үзэсгэлэн хосолсон сайхан нутаг.
Монгол Улсын газар тариалангийн бүс нутагт зорин очсон биднийг Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр угтан авч, энэ жилийн ургацын байдал, явцын талаарх мэдээллээ өгсөн юм.
Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр:
-Аймгийн хэмжээнд энэ жил 160 мянган тонн үр тариа хураан авах тооцоолол гаргасан. Энэхүү тооцооноос давсан үр тариа буюу одоогийн байдлаар 174 мянган тонн ургац хураагаад байна. Сэлэнгэ нутгийн ард түмэн маань монголчууддаа эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн тариалж нийлүүлэх үүргээ үеийн үед биелүүлж байсан түүхтэй. Үүргээ одоо ч биелүүлсээр яваа, цаашид ч үүргээ ухамсарлан ажиллах болно. Манай аймаг нь газар тариалангийн үйлдвэрлэлийн 305 мянган эргэлтийн талбайтай. Газар тариалангийн үйлдвэрлэлээр нэгд бичигдсэн бөгөөд улсынхаа нийт ургацын 50-60 хувийг 60 жил хангаж ирсэн түүхтэй. Цаашид Атрын-IV аян, цахим газар тариаланг хөгжүүлэхэд голлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
-Энэ жил хэчнээн га талбайд тариалалт явуулсан болон ургац хураах ажлын байдал ямар хэмжээнд яваа вэ?
-Сэлэнгэ аймаг энэ жил 194 мянган га-д үр тариа тариалсан. Үүний 154 мянган га-д нь улаан буудай тариалснаас ес, аравдугаар сард бороо цас орсны улмаас шалтгаалан зургаан мянган га-гийн ургацаа алджээ. Аймгийн хэмжээнд га-гийн дундаж ургац 14.3 центнер буюу 174 мянган тонн үр тариа хураан авч, ургац хураалт 90 хувьтай явагдаж байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Малчид маань өвөлжөө, бууц хашаагаа засах, хадлан тэжээлийн ажлаа дуусгаад өвөлжөөндөө эхнээсээ буугаад эхэлсэн. Учир нь, газар тариалангийн бүс нутгийн ажил үндсэн дуусах шат руугаа орсон болохоор малчид өвөлжөөндөө бууж байгаа юм. Одоогийн байдлаа өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай яваа.
-Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалан, мал аж ахуй хосолсон нутаг. Үүнээс шалтгаалсан багагүй асуудал үүсдэг?
-Тийм л дээ. Малчид тариаланчдын дунд бэлчээр, тариалангийн газартай холбоотой маргаан үүсэх нь бий. Үүнийг Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн дагуу зохицуулахаар болсон байгаа. Уг хуульд зааснаар аймгийн 17 сумын 16 нь, 42 баг тариалангийн бүс нутагт хамрагдаж байна. 2005 оноос хойш тодорхой хуулиар зохицуулагдах ёстой гэсэн байр суурийг аймгийн зүгээс тавьж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох саналаа хэлсээр ирсэн. Энэ талаар малчид, тариаланчидтайгаа удаа дараа ярьж, олон удаагийн хэлэлцүүлэг, хурал зохион байгуулсан. Газар тариалангийн бүс нутаг гэж зарласнаар малчдаа хаяж болохгүй тул тэднийгээ орлоготой, амьжиргааг нь алдагдуулахгүй байлгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Яахав үеийн үед бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн хүмүүс шууд суурин, эрчимжсэн салбарт шилжихэд олон асуудалтай тулгарна. Үүнийг аажмаар шийдэх гарцаа нээж, нэг малаас авах ашиг шимээ хэрхэн дээшлүүлэх, тэр нь амьжиргаанд хэрхэн нөлөөлөх гэх мэтээр эрчимжсэн аж ахуй руу шилжих нь зөв. Цаашид аливаа үр дүнг малчдынхаа амьдралд бодитоор гаргах нь чухал гэж бодож байна даа.
-Газар тариалангийн салбарт ажиллах хүний нөөц бага, залуу боловсон хүчин дутагдаж эхэллээ. Ургац хураах үеэр ажиллах хүн олдохгүй байна?
-Сэлэнгэ аймаг маань гурван үеийн тариаланчид цөөнгүй бий. Энэ ч утгаараа удам дамжсан тариаланчдыг бэлтгэх, залгамж халааг таслахгүй байх чухал. Тэд газар орны байршил, ургацаа хэрхэн үр өгөөжтэй, өндөр дээд сортын болгохоо сайн мэддэг. Тиймээс тариаланчдыг бэлтгэх, сургах талаар ХХААИС-тай хамтран ажиллах нь зүйтэй гэж боддог. Мэргэшсэн тариаланчдыг бэлтгэж, залгамж халаагаа бэлтгэх хэрэгтэй.
В.Үнэнбат: Ургац хураалт улсын хэмжээнд 86 хувьтай байна
ХХААХҮ-ийн яамны тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас улсын хэмжээнд ургац хураалт ямар байгаа болон үр тарианы чанарын асуудлаар тодруулга авлаа.
-Өнөөдрийн байдлаар ургац хураах ажлын дүн мэдээлэл ямар хэмжээнд яваа талаар?
-Ургац хураалт улсын хэмжээнд 86 хувьтай буюу 360 мянган тонн буудай аваад байна. Увс, Дорнод аймгийн Халх гол суманд ургац хураах ажил явагдаж байгаа. Дурдсан аймгууд ажлаа дуусгаснаар ургац хураалт дуусч, нэгдсэн дүн мэдээ гарна.
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдсан тухай ярьж байгаа?
-Намар есдүгээр сарын бороо, арван сарын цаснаас болж тооцоолсон хэмжээнээс ургац бага зэрэг багассан. Өнөөдөр 86 хувьтай байгаа бөгөөд ургац хураалт дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгөх боломжтой. Ерөнхийдөө төлөвлөгөөгөөр долоо хоногийн дараа гэхэд ургац хураах ажил дуусч улсын хэмжээнд хэчнээн тонн үр тариа хураан авсан тухай дүн гарчихна.
-Энэ жил импортоор гурил, үр тариа худалдан авахаар боллоо гэсэн яриа гарах болсон?
-Өнөөдөр энэ асуудлыг ярих эрт байна. Ургац хураах ажил хараахан дуусаагүй, нэгдсэн мэдээлэл алга. Тиймээс импортоор тэдэн тонн гурил авах шаардлагатай гэж хэлэх дэндүү эрт юм. Үр тариагаа хурааж дуусаагүй байгаа аймаг сумдын мэдээлэл нэгтгэгдэж, дотоодын хэрэгцээгээ ямар хэмжээнд хангах вэ гэдгээ дүгнэх нь эхний ээлжинд чухал. Магадгүй дутахаар бол ямар хэмжээний гурил, үр тариаг хаанаас худалдан авах гэдэг асуудлаа ярих ёстой. Аливааг урьдчилан тааж, тэгнэ ингэнэ гэх нь буруу байх.
-Байгалийн хүчин зүйлээс болж будааны чанар муудах асуудал үүсэх үү?
-Зургадугаар сард гантай, есдүгээр сард бороо их орсноос үүдэн будааны чанарт жоохон нөлөө үзүүлсэн байгаа. Тиймээс гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх будаа бага зэрэг буурах байх. Гэхдээ энэ нь тийм ч их нөлөө үзүүлэхгүй болов уу гэж бодож байна. Ер нь, цаг уур болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзээд 480 мянган тонн ургац авна гэж үзсэн. Үндсэндээ гурилд зориулах үр тарианы хэмжээгээ 20 хувь багасган 318 мянган тонныг зарцуулахаар тооцсон байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хураан авсан 360 мянган тонн буюу ургацын 86 хувьтай тэнцэх улаан буудайгаа хураан авчихаад байна. Цаашид дүн мэдээ эцэслэх үед дээрх тоон мэдээлэл ямар хэмжээгээр нэмэгдэх вэ гэдэг л байгаа юм.
Алтан намрын өнгө будаг хосолсон Сэлэнгэ нутгийн газар тариалангийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг цөөн боловч хугацаанд мэдрэв. Үнэхээр их ажлын ард гарахын тулд тэд цаггүй ажиллаж, иргэддээ эрүүл хүнс хүргэхийн тулд ямар хан хөдөлмөр эрхэлж яваа нь гайхамшигтай. Бас бахадмаар. Ирээдүйд эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл хүнсээр иргэдээ 100 хувь тариаланчид маань хангаж, импортоор худалдан авах бус экспортлох цаг ирнэ гэдэг итгэлтэй байна. Тариан түрүү халиурсан Сэлэнгээс буцахдаа энэ бодол сэтгэлд уяатай явлаа. Ардын хувьсгалыг анхлан эхлүүлж, атрын аяныг амжилттай амжилттай хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийнхан импортоос экспорт тийш алхахад бэлэн биз ээ.