Энэ сарын 15-ны өдөр явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчдийн авсан санал тэнцэж, мандат хуваарилах боломжгүй болсон юм. Тиймээс нэмэлт санал хураалтыг аймаг, дүүргийн тус бүр нэг, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт зохион байгуулахаар нөхцөл байдал үүссэн.
Тиймээс нэмэлт санал хураалтыг өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны ням гарагт улс орон даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07 цагаас оройн 20 цаг хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Нэмэлт санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, өмнөх санал хураалтад оролцоогүй сонгогчид оролцож саналаа өгөх бөгөөд тухайн тойрогт хамгийн олон санал авсан, санал нь тэнцсэн нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх юм. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах хуулийн заалттай.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 62 тойрогт явагдаж буй нэмэлт санал хураалтын 15 цагийн ирцийн мэдээгээр нэмэлт санал хураалт явагдаж буй 63 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 25,186 сонгогчдын 71,62 хувь нь санал хураалтад оролцоод байна.
19 аймгийн 61 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 17,96 хувь нь ирж саналаа өгчээ. Үүнээс Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 11-19-3-р хэсэг хамгийн өндөр ирцтэй буюу нэмж саналаа өгөх сонгогчдын 58,33 хувь нь саналаа өгчээ. Дээр дурдсан 62 тойргийн саналаа өгөөгүй сонгогчийн тоо нь тухайн хэсгийн сонгогчийн тооноос хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн цөөн сонгогч буюу нэмэлтээр ирж саналаа өгөх ёстой 14 сонгогчтой хэсэг, харин хамгийн олон буюу эхний санал хураалтад оролцоогүй 1401 сонгогчтой хэсэг байна.