Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас үүдэж цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй юм. Энэ удаагийн цэрэг татлага Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн үргэлжилж байгаагаа гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн талаар албаныхан мэдэгдэж байна. Цэрэг татлагын үеэр зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамрагдах боломжтой талаарх танилцуулга хийгдэж байгаа бөгөөд залуучууд сонголтоо хийх аж.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Найман төрлийн нарийн шинжилгээг авч байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Цэргийн албанд бие бялдарын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгоод цаашаа эмчилгээнд хамруулан ажиллаж байгаа. Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас Автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан. Мөн цэргээс халагдаад ирж буй залуусыг ажилд зуучилах ажлыг эрчимжүүлсэн” хэмээлээ.
Энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна.