Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Ерөнхий боловсролын сургуулиудын /ЕБС/ “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2020.10.09/ мэдээлэл хийлээ.
Төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийтдээ 275 сургуулийн 1-5 ангийн 170 мянга орчим сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагддаг байна. Өнөөдрийн байдлаар 237 сургуулийг хяналт шалгалтад хамруулсан бөгөөд зарим нэг зөрчил дутагдал арилахгүй байсаар байгааг албаныхан хэлж байна.
ШАЛГАЛТЫН ЯВЦАД ЗӨРЧИЛТЭЙ БАЙСАН 35 ИРГЭН, ААН-Д 15 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН
НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ:
-Шалгалтын явцад 450 арчдас, уснаас 75 сорьц, хүнсний бүтээгдэхүүнээс 30 дээж авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь нь зориулалтын гал тогоотой, 42 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Тухайлбал,
- Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, 72-р сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134-р сургууль
- Баянзүрх дүүргийн “Баянзүрх шавь” цогцолбор, 102, 53, 79-р сургууль
- Сүхбаатар дүүргийн 45, 71-р сургууль гэхчлэн төрийн өмчийн сургуулиудын цайны газар нь зориулалтын бус байна.
“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагууд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй газрууд байна. Хяналт шалгалтад хамрагдсан нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагад хандалгүй дураараа ажиллаж байсан. Тухайлбал,
- Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 150-р сургууль
- Баянзүрх дүүргийн 126, 87, 137-р сургууль
- Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, “Шинэ зууны удирдагч” сургууль, Үй Цай сургууль,
- Баянгол дүүргийн “Жишиг эрдэм” сургууль
- Хан-Уул дүүргийн аравдугаар сургууль гэхчлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд хууль зөрчиж ажиллаж байсан.
Хүнсний түүий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Нийт шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 буюу 37.9 хувь нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна. Тухайлбал,
- Чингэлтэй дүүргийн 138, 117-р сургууль,
- Баянгол дүүргийн “Жишиг эрдэм” сургууль зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байсан.
Нийт сургуулиудын 75 хувь буюу 31.6 хувь нь хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргүүр хөргөгчийн дутагдалтай. Бас нэг гол зөрчил нь түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг зэргийг бүрэн бүрдүүлээгүй зөрчил 50 сургуульд илэрсэн.
ХҮҮХДИЙН ҮДИЙН ЦАЙГ ӨГӨХ ХООЛНЫ ТЕМПЕРАТУРЫН СТАНДАРТ ГЭЖ БИЙ
НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчлийн талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.ХОНГОР:
-НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хяналт шалгалтад нийтдээ төрийн өмчийн 24, төрийн бус өмчийн ес нийт 33 сургуулийн цайны газар хамрагдсан. ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй зургаан газар байна. Үүнд, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон байдаг. Энгийн нүүрс ус ихээр агуулсан, чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд, түргэн муудах хүнс гэх мэт ордог. Өөрөөр хэлбэл байгалийн бус гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хориглодог. Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Үндсэн хоолыг 65 градуст, шөлтэй хоол 75 градусын температурт хүргэгдэх ёстой байдаг.
Гэтэл сурагчдад хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн. Тухайлбал,
- Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор”, 84, 86, 83, 129, 107, 151-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн 37-р сургууль,
- Баянгол дүүргийн “Жишиг эрдэм” сургууль,
- Баянзүрх дүүргийн 79, 87-р сургууль, Гёте сургууль,
- Хануул дүүргийн 10, 15, 18, 26, 34, 41, 60, 115, 118-р сургууль , “Эрдмийн гүүр”, “Америк сургууль” гэхчэн төрийн болон төрийн бус сургуулиудад зөрчил илэрсэн.
Үдийн цай бэлтгэдэг 110 орчим ААН байгаа ба сургуультай, өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байдаг. Эдгээр нь бүгд гэрээнд заасан хариуцлагын дагуу ажиллах шаардлагатай, мөн эцэг эхчүүд ч хүүхдээ өдөрт юу идсэн талаар нь анхаарч, хяналт тавихыг хүслээ.