Sunday, November 24, 2024

Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн Лүиз Глюкийг танилцуулж байна

Date:

Шведийн академийн Нобелийн хороо 2020 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг АНУ-ын яруу найрагч эмэгтэй Лүиз Глюкт хүртээжээ. Нобелийн хорооны мэдэгдсэнээр, энэхүү нэр хүндтэй шагналыг яруу найргийн дуу хоолой, “догшин” гоо сайхнаараа хувь хүний оршихуйг ертөнцийнх болгосны төлөө хүртээжээ. Лүиз Глюк Америкийн орчин цагийн уран зохиолын шилдэг уянгын яруу найрагчдын нэг бөгөөд түүний бүтээл хурц ухаан, хошигнолтой сүлэлдэн оршдог гэж Нобелийн хорооны дарга Андерс Ульссон онцолсон байна. 1970-аад онд хөгжмийн урлагт бий болсон минималист чиглэл урлагийн бүхий л төрөл, зүйлд нөлөөлсөн бөгөөд яруу найраг дахь минимализмын гол төлөөлөгч нь Лүиз Глюк юм. Түүний шүлгүүд хайр дурлал, үхэл, хагацлын тухай маш хурц өгүүлэмжтэй байдгаараа онцлог. Энэ чанараар нь түүнийг наманчлалын яруу найргийг үргэлжлүүлэгч гэж нэрлэх нь ч бий.

Лүиз Глюк 1943 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод еврей гэр бүлд төржээ. Түүний эцэг бизнесмэн Даниел Глюк Унгарын еврей бол, эх Беатрис Глюк нь орос гаралтай еврей юм. Унгарын еврейчүүд АНУ-д цагаачилж очсоны дараа төрсөн анхны хүүхэд нь Лүизийн эцэг Даниел Глюк байсан бөгөөд тэрбээр зохиолч болох хүсэлтэй байсан боловч хүргэн ахтайгаа хамтарч бизнес эрхэлж, оффисын цаас зүсэгч хутганы алдарт брэнд X-Acto хутгыг зохион бүтээсэн ажээ.

Лүиз Глюкийн гэрийн сургалтаар Грекийн домог, сонгодог түүхийн зохиолуудыг уншиж, зэгсэн өндөр боловсрол эзэмшиж, бага наснаасаа шүлэг бичиж эхэлсэн байна. Түүний намтарт дунд сургуульд байхдаа хоолны дуршилгүй болох өвчнөөр шаналсан ч өвчнөө даван туулж чадсан тухай нь өгүүлсэн бий. Одоо Лүиз Глюк Йелийн их сургуульд туслах профессороор ажилладаг бөгөөд АНУ-ын Массачусетсийн Кембриж хотод амьдардаг юм байна. Тэрбээр өмнө нь Массачусетсийн Уильямсын коллеж, Йел, Бостон, Айовагийн их сургуулиудад анги хэлний багшаар ажиллаж байжээ.

1968 онд Лүиз Глюк анхны шүлгийн түүврээ хэвлүүлсэн. 1975 онд хэвлүүлсэн хоёр дахь түүвэр “The House on Marshland” нь түүнийг олны анхаарлын төвд оруулж, шүүмжлэгчид түүнийг нээж, өвөрмөц дуу хоолойг олж илрүүлсэн аж. 1980 онд түүний “Descending Figure” хэмээх гурав дахь түүвэр хэвлэгджээ. Энэ түүвэрт нь багтсан шүлгүүдийн өнгө аяс, сэдэвтэй холбоотойгоор зарим шүүмжлэл гарч, түүнийг буруутгаж байжээ. Тухайлбал, яруу найрагч Грег Кузма Глюкийн гурав дахь түүвэрт багтсан “Живсэн хүүхдүүд” шүлгийнх нь төлөө түүнийг “хүүхдийг үзэн ядагч” гэж буруутгаж байв. Гэхдээ бүхэлдээ энэ номыг хүмүүс маш их талархан хүлээж авсан байна. “Descending Figure” түүврээ хэвлүүлсэн тэр жил Глюкийн Вермонт дахь байшин түймэрт өртөж, бүх эд хөрөнгө нь галд хайлжээ. Тэрхүү эмгэнэлт явдлын дараа Глюк хожим өөрт нь алдар хүндлэл, шагналт авчинрсан “The Triumph of Achilles” буюу “Ахиллын ялалт” шүлгээ бичжээ.

“The New York Times” сонинд түүний энэ бүтээлийн талаар зохиолч, шүүмжлэгч Лиз Розенберг “Глюкийн өмнөх бүтээлээс илүү цэвэр, цэвэр, хурц” гэж үнэлэн бичиж байв. “The Georgia Review” сэтгүүлд шүүмжлэгч Питер Стит Глюкийг “Бидний дунд энэ цаг үеийн чухал яруу найрагч байна” хэмээн тунхаглажээ. Түүний “Mock Orange” буюу “Хуурамч жүрж” шүлгийг нь феминистүүдийн сүлд дуутай зүйрлэсэн нь ч бий аж.

Лүиз Глюк эцгийгээ нас барсны дараа бичсэн шүлгүүдээ эмхэтгэн 1990 онд “Арарат” нэртэй удаах түүврээ гаргажээ. Энэ түүврийнх нь талаар 2012 онд “The New York Times” сонинд шүүмжлэгч Дуайт Гарнер “Сүүлийн 25 жилд Америкийн яруу найргийн хамгийн харгис, уй гашуугаар дүүрсэн номыг хэвлүүлсэн” гэж бичжээ. 1990-ээд он Лүиз Глюк хувийн амьдралдаа хүнд цохилтууд амссан боловч уран бүтээлийн хувьд нэрд гарч, 1993 онд Пулитцерийн шагнал хүртэн, Америкийн тэргүүн яруу найрагчийн алдрыг хүртсэн байна. Тэрвээр 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа 2004 онд гаргасан номдоо Лүиз Глюк “Аравдугаар сар” нэртэй нэлээд урт шүлэг хэвлүүлжээ. Зургаан бүлэг бүхий энэ шүлэгтээ эртний Грекийн домог дээр тулгуурлан эмгэнэл, зовлонгийн мөн чанар, гашуун үнэнийг дуулсан аж. Уг шүлгээ хэвлүүлсэн жилээ Лүиз Йелийн их сургуулийн зочин зохиолчоор нэрлэгдсэн байна.

Лүиз Глюк “Averno” (2006), “A Village Life” (2009), “Faithful and Virtuous Nigh”t (2014) шүлгийн түүврүүдээ Йелийн их сургуульд ажиллаж байхдаа хэвлүүлжээ. 2012 онд түүний яруу найргийн хагас зууны үнэ цэнтэй шүлгийн түүвэр “Шүлгүүд: 1962-2012” нэртэйгээр хэвлэгдсэн гарсан нь “Утга зохиолын чухал үйл явдал” хэмээн нэрлэгдэж байю. Мөн түүний эссэнүүдийн түүвэр нь “American Originally” нэртэйгээр 2017 онд хэвлэгдэн гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...