Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж байгаа гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн жолооч тээвэрчид нэгдэж “Өмнөговь тээвэр нэгдэл” компанийг байгуулжээ. Өнөөдөр энэхүү нэгдлийн тээвэрчид Оюутолгой, Тавантолгойн тээвэрлэлтэд оролцож, нүүрс, зэсийн баяжмалыг экспортлоход ачаа тээврийн үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын томоохон төслүүдэд гар бие оролцсоноор сурч мэдэх зүйл олон байгаа гэж “Өмнөговь тээвэр нэгдэл”-ийн жолоочид ярьж байна.
Өмнөговь аймаг, GIZ (Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг)-ийн ЭТИС хөтөлбөр, “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан, “Оюу Толгой” ХХК хамтран хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийг чадавхжуулах” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт Бизнесийн инновац хөгжлийг дэмжих “BIG” төвийг байгуулан ажиллаж байна. Энэхүү төвөөр дамжуулан Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэл, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар сургалт, зөвлөгөө авдаг болжээ. “Өмнөговь тээвэр нэгдэл” компанийн хамт олон ч “BIG”төвийн байнгын үйлчлүүлэгч болсон байна.
“Өмнөговь тээвэр нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнх-Эрдэнэ: “Өнөөдөр манай нэгдлийн 3 цуваа бүхий 51 тээврийн хэрэгсэл Оюутолгойн тээвэрлэлтэд харин Тавантолгойн нүүрс тээвэрт Өмнөговийн 400 автомашин, жолооч явж байна. Гэхдээ бид үйл ажиллагаагаа олон улсын стандартад хүргэх зорилготой. Дэлхийн бусад улс оронд ачаа тээвэр ямар байдаг, яг тэр стандарт жишигт хүрэхийн төлөө бид ажиллаж байна. Өмнөговь аймгийн бизнесийг дэмжих “BIG” төвөөс бид энэ талаар зөвлөх үйлчилгээ, сургалт авч байна. Олон улсын ачаа тээврийн стандарт ямар байдаг, тээврийн компаниуд стратеги төлөвлөлтөө хэрхэн хийдэг, аюулгүй ажиллагааны ISO450001 стандартыг хэрхэн хангах, чанарын ISO 90001 стандартыг хэрхэн биелүүлэх гээд олон төрлийн зөвлөх үйлчилгээг авч бид байна. Өмнөговийн тээвэрчид нэгдэж үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, тун удахгүй олон усын ачаа тээврийн үйл ажиллагааг эрхлэх чадвар бүхий том нэгдэл болно гэж бид итгэж байгаа”
Өмнөговь аймагт зөвхөн ачаа тээврийн салбарт олон мянган жолооч, техник хэрэгсэл 24 цагаар зогсолтгүй ажиллаж байна. Энэхүү боломжийг ашиглан орон нутгийн ачаа тээврийн компаниуд олон улсын стандартыг нэвтрүүлж, шинэ жишгийг бий болгохоор ажиллаж байгаа юм. Энэ ажилд Өмнөговь аймгийн “BIG”төв зөвлөгөөө гөх, сургалт хийх зэрэг олон талаар хамтран ажиллаж байна.