Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурийн урлагаар гаргаж буй дуучдын нэг, Гавьяат жүжигчин, соёлын элч Э.Амартүвшин Италийн Милан хотын алдарт “Ла Скала” театрт дуулжээ.
Дэлхийн сонгодог урлагт 242 жилийн түүхтэй тус театрын тайзнаас таван жилийн өмнө Монголын урлагийнхан бүтээлээ хүргэж байсан бол өнгөрсөн жил дуурийн дуучин Ч.Бадрал чадвараа гайхуулсан юм. Энэ удаа Э.Амартүвшин гавьяат Дж.Вердийн ‘’Айда’’ дуурийн Амонасрогийн дүрээр сонгодог урлагийн эх орон Италийн үзэгчидтэй уулзаж, өндөр үнэлгээ авчээ.Тэрээр өөрийн цахим хуудсандаа ‘’Дуурийн дуучдын мөрөөдөл болсон агуу театрын тайзнаа дуулах өдөр ирдэг юм байна. ‘’Айда’’ дуурийн эхний тотлолт маань амжилттай сайхан боллоо. Дөрвөн жилийн өмнө анх дотор нь орж үзэж явахдаа хэзээ нэгэн цагт ирж дуулна даа гэж битүүхэн залбирч байлаа. Энэ хүслээ өнөөдөр биелүүллээ. Үнэхээр сэтгэл өндөр байна. Энэ их урлагийн замаар замнаж, өдийг хүртэл явж ирэхэд маань тусалж дэм түшиг болсон хүн бүхэнд баярлалаа’’ хэмээжээ.