Sunday, November 24, 2024

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг дуусгаж чадаагүй ч комүсүби цолоо авна

Date:

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башё Токио хотноо болж өндөрлөлөө. Уг башё аваргагүй болсноороо онцлогтой. Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртлийн улмаас башёг өнжсөн. Манай сүмочдоос долоодугаар сарын башёд түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хоошёорюү С.Нямсүрэн нар сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Харамсалтай нь Тэрүнофүжи тэмцээний 13 дахь өдрөөс башёг орхиж буйгаа зарласан. Учир нь түүний хуучин гэмтэл сэдэрч, тэмцээнээ дуусгах боломжгүй болжээ. Гэхдээ Тэрүнофүжи найман даваа авч, 50 хувийн амжилтаа үзүүлсэн учраас ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд комүсүби цолоо эргүүлэн авах нь тодорхой болсон юм. Уг нь түүнийг башё эхлэх мөчид түрүүлэх бөхийн тааварт багтааж байв. Тэрбээр эхний хоёр өдөр унасан ч дараалан долоо давснаар есөн өдрийн дараа гэхэд башёг тэргүүлэгч таван бөхийн нэг болсон юм. Гэвч 12 дахь өдрийн барилдаанд Оношод унахдаа бэртлээ сэдрээжээ.

Ямартай ч жонидан хүртэл уруудсан Тэрүнофүжи ирэх арваннэгдүгээр сараас комүсүби цолтойгоор дахин барилдах нь ээ. Түүнчлэн маэгаширагийн тавдугаарт эрэмбэлэгдсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн зургаан даваатайгаар башёг үргэлжлүүлж байсан ч 10 дахь өдрийн барилдаанд гэмтсэнээр хоёр өдөр барилдалгүй өнжсөн. Тэрбээр сүүлийн гурван өдөр эргэн барилдаж бүгдэд нь өрсөлдөгчөө өвдөг шороодуулан 9 даваа, 4 унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлэв. Ийнхүү ирэх арваннэгдүгээр сард Кирибаяма маэгаширагийн нэгт бичигдэх магадлал өндөр боллоо.

Ер нь намрын тэмцээн цолтой бөхчүүдэд тун халгаатай байлаа.Энэ сарын тэмцээнээр гэмтсэн цолтой бөхчүүдийн тоо 13-т хүрсэн нь үүнийг илтгэнэ. Макүүчид барилдсан монгол бөхчүүдээс Тамаваши ганцаараа тавин хувийн амжилтад хүрч чадсангүй. Их аварга Асашёорюүгийн дүү Хоошёорюү башёгийн сүүлийн өдөр качигоши хийснээр дээд зиндаанд үлдлээ. Тэгвэл үлэмж биет Ичиножо А.Ичинноров мөн тэмцээний сүүлийн өдөр тавин хувийн амжилт үзүүлснээр арваннэгдүгээр сард чансаагаа ахиулахаар болов. Харин маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Тамавашигийн чансаа буурах нь тодорхой болж байна.

ХОЁР ЗИНДААНД МОНГОЛ ЗАЛУУС ТҮРҮҮЛжЭЭ

Сүмогийн доод хоёр зиндаанд монголчууд түрүүллээ. Тодруулбал, Санданмэд “Оноүэ” дэвжээний бөх Хокүтэнкай Г.Сүхбат нэг ч уналгүйгээр түрүүлсэн бөгөөд тэрбээр Такаиновагийн хамаатан аж. Өдгөө 21 настай тэрбээр өмнө нь жониданд түрүүлж байсан аж. Сайтама мужийн ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы АШТ-д багаараа хүрэл, Зүүн Японы АШТ-д хувиараа мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр озэки цолтой болох зорилготой гэнэ.
Харин жониданд түрүүлсэн “Миягино” дэвжээний монгол бөх Хокүсэйхо Э.Даваанинж долоон даваатайгаар түрүүлжээ. Түүний хувьд 18 настай бөгөөд 158 кг жинтэй, хоёр метр өндөр аж. Хокүсэйхо нэрийг их аварга Хакүхо өгчээ. Хакүхогийн Хо ханзыг нэрдээ оруулжээ. Тэрбээр багаасаа Японд амьдарсан. Японы Хоккайдод сүмо барилдаж эхэлсэн бөгөөд их Хакүхогийн зөвлөснөөр “Тоттори Жёохокү” сургуульд элсэн суралцсан байна. Өмнө нь жонокүчид түрүүлж байсан Э.Даваанинж жониданд түрүүлснийхээ дараа “Мавашины барьц авахад хэнд ч ялагдахгүй байх итгэлтэй. Хоёр метр өндөр ч өсөөд л байгаа” гэжээ.

МОНГОЛ БӨХЧҮҮД:
Дээд зиндаа:
М1 Тэрүнофүжи 8-4-3
М2 Тамаваши 6-9
М5 Кирибаяма 6-4-5
М16 Хоошёорюү 8-7
М17 Ичиножёо 8-7
Жюүрёо:
З-4 Чиёошёома Г.Мөнхсайхан 9-6
Б-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-10
З-8 Миторюү Б.Төрболд 6-9
Б-11 Дайшёохо Ч.Шижирбаяр 6-9
Макүшита:
Б-3 Сакигакэ Я.Баттүшиг 3-4
З-15 Тамашёохо Э.Энхманлай 4-3
Б-55 Ёошёояма Б.Анхбаяр 4-3
Санданмэ:
Б-5 Саданохикари Д.Наранцогт 1-6
З-20 Хокүтэнкай Г.Сүхбат 7-0
3-26 Дэванорюү Т.Тэмүүлэн 4-3
З-33 Дайтэнма Н.Чинзориг 5-2
Жонидан:
Б-14 Хокүсэйхо Э.Даваанинж 7-0

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...