-Энэ жилийн “Тайм-100” жагсаалтад эмэгтэйчүүд хүч түржээ-
“Тайм” сэтгүүл 2020 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг албан ёсоор танилцууллаа. Жагсаалтад багтсан алдартнуудыг анхдагч, уран бүтээлч, титан, удирдагчид, дүр төрх гэсэн таван ангилалд хуваасан байна. “Тайм 100” жагсаалт нь 1999 оноос хойш дэлхийн нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг, хүмүүнлэгийн салбарт байр сууриа бэхжүүлсэн хүмүүсийн толь байсаар ирсэн. Энэ жилийн жагсаалтад уламжлалт эрх мэдэл бүхий хүмүүс болох улстөрч, гүйцэтгэх захирлуудаас гадна цахим ертөнцөд хүний эрхийн хөдөлгөөн өрнүүлсэн, ард түмний оюун санаанд өөрчлөлт хийхийг зорьсон нийгмийн төлөөлөгч, олон улсад төдийлөн алдаршаагүй эрхмүүд багтжээ.Тухайлбал, геронийн халдварт өвчний мэргэжил-тэн Камилла Роте, шинэ коронавирусийн геномын дарааллыг зураглаж, олон нийтэд анхлан түгээсэн Хятадын судлаач Жан Юнжэн, “COVID-19”-ийн улмаас нас барсан анхныөвчтөнийг эмчилж байхдаа халдвар авсан Нью-Йоркийн сувилагч Эми О’Салливан, БНХАУ-ын албан тушаалтнуудад ко-ронавирусийн талаар сэрэмжлүүлж, нас барсан Ухань хотын эмч Ли Вэнлианг, Америкийн эмч болсон Энтони Фаучи, шударга ёсны төлөө олон улсын “Black Lives Matter” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Алисия Гарза, Патриссе Каллорс, Опал Томети, Мексикт жендэрийн хүчирхийллийг эсэргүүцэн үндэсний ажил хаялтыг эхлүүлсэн феминист Арусси Унда, Хонконгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Натан Лау нар багтжээ.
Түүнчлэн “Тайм” сэтгүүлийн редакц жагсаалтыг гаргахдаа амьд хүмүүст анхаарлаа төвлөрүүлдэг ч энэ жил Ахмауд Арбери, Жорж Флойд, Бреонна Тейлор, Тони МакДэйд нарыг багтааснаараа цагдаагийн харгислал, системчилсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг цайруулсан юм.
“Тайм 100” шалгаруулалтыг хариуцсан редактор Дан Максай “Энэ жил хүн төрөлхтөн төсөөлөхийн аргагүй сорилтуудтай нүүр тулсан ч бүтээн босгох боломж байгааг харууллаа. Дэлхийн нөлөө бүхий 100 хүний үйл хэрэг, хүсэл тэмүүлэл бидэнд урам зориг өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.
УЛСТӨРЧӨӨС ТОГООЧ ХҮРТЭЛХ НИЙГМИЙН ДУУ ХООЛОЙ
Энэ жилийн жагсаалтад багтсан хүмүүсийн 54 нь эмэгтэйчүүд байснаараа онцлог юм. 2020 онд дэлхий нийтэд өрнөсөн томоохон хөдөлгөөний гол цөм нь эмэгтэйчүүд байсан бөгөөд цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээнг эмэгтэй удирдагчид авч хэрэгжүүлсэн билээ. Үүнд Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэн, “Black Lives Matter”-ийг үүсгэн байгуулагч Алисиа Гарза, Патрисс Каллорс, Опал Томети, жүжигчин Габриэль Юнион, Германд шинэ коронавирусийн талаар сэрэмжлүүлсэн анхны эрдэмтдийн нэг халдварт өвчний мэргэжилтэн, доктор Камилла Роте, Японы эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Шиори Ито нарыг дурдаж болно. Анхдагчдын жагсаалтад багтсан сансрын нисгэгч Кристина Кох, Жессика Мейр нар сансрын явган аяллыг анхлан удирдсан гавьяатай.
Мөн жагсаалтад кино урлагт шинэчлэл хийсэн найруулагч Турмалин, Ваад Аль-Катеаб, үр хөндөлтийг эсэргүүцэгч, Голландын эмч Ребекка Гомпертс, АНУ-ын реппер Меган Тий Сталлион, санхүүч Жеффери Эпштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийг илчилсэн “Хералд” сонины сэтгүүлч Жули К Браун, Нигери гаралтай АНУ-ын зохиолч Томи Адееми, байгаль орчны төлөө тэмцэгч Сесилиа Мартинес, сагсан бөмбөгчин Майя Мур, Сан-Франциско дахь “Cala” рестораны эзэн Габриэла Камара, Японы эмэгтэйчүүдийн эрхийн дуу хоолой Шиори Ито нар багтжээ. “Тайм 100”-гийн уран бүтээлчдийн жагсаалтад “Hard Knock Wife” ба “Baby Cobra” гэсэн хоёр мега хит шоу хийсэн “Netflix”-ийн хошин шог жүжигчин Али Вонг, Фиби Уоллер-Бридж, Майкэла Коэл, дуучин Селена Гомес /сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж 100 сая ам.доллар цуглуулсан/ болон “YouTube”-ийн дүр төрх Жожо Сива, ая зохиогч Анаис Митчелл, жүжигчин Женнифер Хадсон, Чилийн феминистүүдийн LASTESIS нэгдэл, зураач, архитектор Жулие Мехрету нарыг нэрлэжээ.
Харин удирдагчдын жагсаалтад Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын Конгрессын гишүүн Нэнси Пелоси, Камала Харрис, Мэри Кей Хенри, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэн, Парис хотын захирагч Анна Хидалго, “Сейбо” холбоотны үүсгэн байгуулагч Немонте Ненкимо, Германы улстөрч, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайен, Өмнөд Солонгосын халдварт өвчний мэргэжилтэн Жун Юн-Кён, “National Nurses United” болон Калифорнийн сувилагчдын холбооны хорооны гүйцэтгэх захирал Бонни Кастилло нар багтсан юм. Титанууд буюу томоохон компани, корпорациуд эсвэл хөдөлгөөнийг удирдагчдын жагсаалтад Олон улсын валютын сангийн анхны гүйцэтгэх захирал Клэйр Бабинео-Фонтенот, Болгарын иргэн Кристалина Георгиева, “SpaceX”-ийн удирдагч Гвинне Шотуэлл, Америкийн хүмүүнлэгийн үйлстэн Маккензи Скотт, Америкийн хэвлэл мэдээллийн магнатуудын нэг Шари Редстоун, Холливудын продюссер Лиза Нишимура нарыг багтаажээ. Харин Японы теннисчин Наоми Осака, АНУ-ын хөлбөмбөгчин Меган Рапино, хөнгөн атлетикийн тамирчин Аллисон Феликс, Америкийн зохиолч Анжела Дэвис нарыг 2020 оны дүр төрхөөр нэрлэсэн байна.