Б.МӨНХЗУЛ
Хубилай хааны ойд зориулсан лаан баримлын үзэсгэлэн өчигдөр Монголын үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Хубилай хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлжээ. Монголын үндэсний музей, “Чингис хаан” лаан баримлын музейтэй хамтран олон нийтэд анх удаа Хубилай хаан болон монгол жанждын лаан баримлыг дэлгэж байгаа нь энэ юм.
Тус үзэсгэлэн нэг сарын турш үргэлжлэх бөгөөд баримлуудаас гадна Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээс дээжлэн дэлгэжээ. Чингис хаан, Хубилай хаан болон монгол жанждын лаан баримлыг өмнө нь төлбөртэйгөөр тодорхой тооны үзэгчдэд хүргэж байсан юм. Тэгвэл өчигдрөөс анх удаа олон нийтэд зориулж нээлттэйгээр дэлгэж байгаа ажээ. Үзэсгэлэнд Өүлэн эх, Мухулай жанжин, Хубилай хаан, Жамух, Зэлмэ тэргүүтэй түүхэн хүмүүсийн баримлыг дэлгэжээ. “Чингис хаан” лаан баримлын музейн урлаачид анх байгуулагдсанаасаа хойш 20 гаруй баримлыг лаагаар урласан бөгөөд хамгийн сүүлд Увс аймгийнхны захиалгаар маршал Ю.Цэдэнбалын лаан баримлыг бүтээсэн байна.